Сэлэнгэ аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц хэрэгжилтийг танилцуулах зөвлөгөөн болсон бөгөөд энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц Сэлэнгэ аймагт хэрхэн өрнөж байгааг дүгнэвэл?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймгийнхан манлайлал өндөртэй оролцож байна. Өнгөрсөн жил найман саяыг тарих амлалт өгсөн бол жилийн дараа зөвлөгөөнөө дахин зохион явуулахад 24.7 сая тарьц суулгац ургуулахаар ярьж байна. Улсын хэмжээнд энэ онд 53 сая тарьц суулгацыг суулгах амлалт өгсөн, түүний хагасыг Сэлэнгэ аймгийн мод үржүүлэгчид хангаж байна. Түүнээс гадна Сэлэнгэ аймаг бүсийн хэмжээнд нийлүүлэгч байна гэдгээ зарласан. Амлалтандаа ч хүрсэн. Тэгвэл энэ жилээс 12 аймгийн хэмжээнд ургуулсан тарьц ургацаа нийлүүлнэ гэж байна. Түүнчлэн 500 сая ширхэг мод тарьж ургуулах гэрээг үзэглэж байна. Дотоод боломж бололцоогоо ашиглаж чадаж байна, мөн аймгийн Засаг дарга нь мод үржүүлэгийн чиглэлээр ажиллаж байсан сайн нөлөө үзүүлж байна.
-500 сая модыг хэдэн жилийн хугацаанд тарьж ургуулах бол?
-Сэлэнгэ аймаг 2030 он хүртэл 500 сая мод тарьж ургуулна. Ингэхдээ хувийн уул уурхайн болон төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд гүйцэтгэхээр үзэглэсэн.
-Мод тарихаас илүү хяналт тавих нь чухал шиг?
-Хяналтын үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дээр болон тусдаа баг гарган хянаж байгаа. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс салбарын хяналт яаманд шилжиж ирсэнтэй холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яам хяналт тавих бүрэн эрхтэй болж, ойн агентлагийг тусад нь байгуулж өгсөнөөр хяналтын багийг тусад нь ажиллуулж байна.
Говийн бүсэд цөлжилт их байгаа болохоор ургалт 88-92 хувьтай байгаа бол бусад нутгаар ургалт багадаа 95-97 хувьтай байна. Тухайн орон нутгийн цаг уурын онцлогоос шалтгаалан ургалтыг цаашид хэрхэн хянах, модыг тарих хөрсийг ч судлан шинжилнэ. Сэлэнгэ аймаг хуш мод тарихаар судалгаа шинжилгээ хийж байна.
-Мод тарих эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэж зарим хүн хэлж байна?
-Мод үржүүлэгийн компаниудаас импортын мод оруулахыг хориглохыг хүсэж байгаа. Судалгаа шинжилгээний зориулалтаар мод оруулж ирдэг боловч зарим тохиолдолд худалдаалах асуудал байна. Энэ нь дотоодын мод үржүүлэгчдийн модны үнийг унагаах, хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг. Мөн усны асуудал. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд зориулж мод услах усыг үнэ төлбөргүй байлгах асуудал ч хөндөгдөж байна. Үүнийг хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Бас татварын асуудал. “Тэрбум мод” хөдөлгөөн хоёр дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хөндөж байна. Ингэхээрээ Байгаль орчны тухай багц хуулийг яаралтай өргөх барьж шийдвэрлэх шаардлагатай байгаа. Яагаад энэ асуудлыг хөндөж байна гэхээр БНХАУ-аас өмнө нь оруулж ирсэн хайлаас модыг тарьсан нь хар ялааны нүүдлийг ихэсгэсэн. Мод үржүүлэгчид ч хэлж байгаа юм. Тэр агуулгаараа импортын мод дээр анхаарахгүй бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гаднаас мод хамаагүй оруулж ирвэл экологоо сүйрүүлэх аюултай.
А.Батжаргал