Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын тухай ярихад бид ихэвчлэн Канад, Орос, Исланд эсвэл Скандинавын орнуудын нийслэлийг л төсөөлөх байх. Сонирхолтой нь бид өөрсдөө дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг ажээ. Тэгвэл нийслэл Улаанбаатар хотын араас ямар хотууд жагсдагийг харцгаая.
1. Улаанбаатар - Монгол
Дээр хэлсэнчлэн дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотоор Улаанбаатар хот шалгарчээ. Улаанбаатар хотод жилийн дундаж температур -1.3 байдаг гэнэ. Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг агаарын энэхүү эрс тэс уур амьсгалд дасан зохицохоос гадна бусад орны иргэдийг бодоход илүү өлчир байдаг ажээ. Манай нийслэл хотод агаарын хэм нэгдүгээр сар буюу өвлийн оргил үед хамгийн багадаа хасах 36-40 градус хүрч хүйтэрдэг.
2. Астана - Казакстан
Казахстаны нийслэл Астана бол дэлхийн хамгийн хүйтэн хоёр дахь нийслэл хот юм. Энэ хот нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Астанад зун богино, дулаан байдаг бол өвөл нь маш хүйтэн, хуурай байдаг. Өвлийн температур нь -30-аас -35 хэм хүртэл хүйтэн байдаг. Түүнчлэн хотын дундуур урсдаг Ишим гол арваннэгдүгээр сарын дундаас дөрөвдүгээр сар хүртэл хөлдүү байдаг гэнэ. Астана хотын жилийн дундаж агаарын хэм нэмэх 3.5 байдаг.
3. Москва - ОХУ
ОХУ-ын нийслэл Москва хот нь дэлхийн гурав дахь хамгийн хүйтэн нийслэлээр шалгарчээ. Москва нь эх газрын уур амьсгалтай бөгөөд тэд урт, хүйтэн өвөл, дулаан зун болдог. Москвад өвлийн температур нь -25 хэм, хотын захад -30 хэмийн хооронд хэлбэлздэг ажээ. Ном, зохиол дээр тэндхийг хамгийн хүйтэн мэтээр дүрсэлж, харуулсан байдаг ч яг үнэндээ Улаанбаатар, Астана хотуудын хаана ч хүрдэггүй юм байна. Хотын жилийн дундаж агаарын хэм нэмэх 4.5-аас буудаггүй.
4. Хельсинки - Финланд
Хельсинки бол эх газрын чийглэг уур амьсгалтай Финландын нийслэл хот юм. Жилийн дундаж агаарын хэм нь нэмэх 4.1 градус. Хэдийгээр хүйтэн өвөл болдог ч дэлхийн бусад хэсэгт ижил өргөргийн дагуух бусад олон байршлаас харьцангуй өндөр температур энд байдаг. Энэ нь Хойд Атлантын урсгал ба Балтын тэнгисийн нөлөөллийг бууруулж байгаатай холбоотой юм. Хельсинкийн хамгийн өндөр температур 1987 оны нэгдүгээр сарын 10-нд -34.3 градус хэмээн бүртгэгджээ. Харин хамгийн бага температур -20 хэм хүрдэг ажээ.
5. Рейкьявик - Исланд
Исландын нийслэл Рейкьявик хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын тавдугаар байрт бичигдэж байна. Тус хот нь хойд туйлын далайн уур амьсгалтай бөгөөд хойд өргөрөгт орших хэдий ч температур нь -20 хэмээс доош унах нь ховор ажээ. Энэ хотод 1971 оны нэгдүгээр сарын 30-нд хамгийн бага температур буюу −19.7 хэмд хүрсэн байдаг. Жилийн дундаж агаарын хэм нь нэмэх 4.6 градус юм.
6. Таллин - Эстони
Эстонийн нийслэл Таллин хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын тоонд зүй ёсоор багтдаг. Энэхүү хотын байршил нь эх газрын чийглэг уур амьсгалтай, зун нь зөөлөн, дулаан, өвөл нь хүйтэн, цастай уур амьсгалыг цогцлоосон газарзүйн тогтоц юм. Гэсэн хэдий ч хот нь далайн эрэг дээр байрладаг тул өвөл нь ижил өргөрөгт байрладаг бусад газруудтай харьцуулахад харьцангуй зөөлөн байдаг. Энд хамгийн хүйтэн сар буюу хоёрдугаар сарын дундаж температур −4.3 хэм байдаг гэнэ. Тэндхийн жилийн дундаж агаарын хэм нэмэх 4.8 градус байдаг.
7. Оттава - Канад
Канадын нийслэл Оттава хот бол дэлхийн хамгийн хүйтэн хотуудын сүүл мушгих хот юм. Энэ хот нь эх газрын чийглэг уур амьсгалтай. Нэгдүгээр сарын хамгийн бага, дундаж температур нь -14.8 градус хүрдэг ажээ. Өвлийн улиралд цас мөс давамгайлдаг. Зун нь чийглэг, дулаан байдаг. Тус хотын жилийн дундаж агаарын хэм нэмэх 5.5 градус аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)