“Хувьсал” продакшн зохиолч С.Жаргалсайханы “Бид эрчүүдийг хүснэ” жүжгийн зохиолыг анх удаа амилуулсан нь “Ноён эмэгтэй” биш юм. Тэд 2010 онд уг зохиолоор “Би эр хүнд хайртай” драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байв. Зохиолд БНСУ-ыг зорьж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй Монголчуудын их давлагаан дунд хөл алдсан дөрвөн бүсгүй тэндхийн шоронд хоригдож буйг дүрсэлдэг. 2010 онд тавигдсан жүжгээс хойш эл зохиолыг хэн ч өөрчилж, хэнд ч өөрөөр хүлээн авах сэтгэлзүй байсангүй. Үнэндээ надад байгаагүй хэрэг. Эл зохиолоор, тус жүжгээр л “Ноён эмэгтэй” киног төсөөлж, үзэх хүсэл ч төрөөгүй юм. Гэтэл энэ зохиолыг “Хувьсал” продакшн дахин кино дэлгэцэд амилуулав. Харин зарим хэсгүүдэд тайзны харилцан яриа өрнөж байсныг эс тооцвол шүү дээ.
Киноны зүрх бол зохиол. Тэр зүрхний цохилт бүрийн хэмнэлийг зохиолч Г.Бямбасүрэн мэдэрч, амьдруулжээ. Зохиол бичих нь галзуу хүний ажил гэж хэлэх нь бий. Дүр бүрийг амилуулж, дүр бүрдээ амьдардаг хүн учир ингэж хэлсэн хэнд ч буруу өгөх аргагүй.
Тэгвэл зохиолч Г.Бямбасүрэн “Ноён эмэгтэй”-н зохиолд 16 эмэгтэйн амьдралыг босгож, 16-н амьдралаар амьдарсан байж таарна.
Тэрхүү 16-н эмэгтэйн нэг нь зохиолч Г.Бямбасүрэн өөрөө юм. Зохиолчоос гадна жүжигчин мэргэжилтэй тэрбээр нэгэн гэгээхэн дүрийг өөртөө бэлджээ. Шил зүүсэн ном их уншдаг гэлтэй гэнэн, цагаахан дүр. Гэсэн ч түүний амьдрал мөн л шоронд өрнөнө. Шоронгийн харгалзагчтай хайр сэтгэлийн холбоотой болж буйгаар дүрслэгдэнэ. Ийнхүү хамгийн нандин, хамгийн ялдам дүрээр “Ноён эмэгтэй” киноны гүн рүү өндийе.
Уг киноны эхлэл хэсэгт ахимаг насны эмэгтэй шоронд ирнэ. Машинаас буугаад л газар нүүрээ наагаад, шороо имэрч нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг хэсэг зүрхэнд үлдэж. Үзэж суухдаа би ер анзаараагүй юм. Харь орноос эх орондоо ирсэн хүний дүр зураг шиг. Гэлээ гэхдээ шоронд ирээд шороо үнэрлэж, газар нүүрээ наах тэр эмэгтэйг хараад, үзэгчид хэсэгтээ л эргэлзэж, бодолд автах нь гарцаагүй.
-Амьд мэдрэмж-
Жүжигчин О.Дөлгөөн, Б.Баярмаа нар шоронд ороод удалгүй сахилгын шийтгэл хүртэнэ. Сахилгын өрөө бол жинхэнэ там. Хана,шал гээд хүн орохын эцэсгүй өрөөнд тэднийг хорино. Хорихдоо шалан дээрх ялгадас цэвэрлүүлэхийг яана. Тэдний амаа дарж, огиулж буй хэсэг үзээд сууж буй надад хүртэл үнэртсэн. Одоо ч үнэртэж байна. Гэсэн ч тэд ялгадас цэвэрлээд дууссангүй. Цэвэрлэсэн хувинтай бохироо дээрээсээ асгуулах нь тэр. Мөн шоронгийн хүйтэн шатан дээр орхисон шөвөг хүртэл дотор арзайлгам. Амьгүй эд зүйлс бүхэн зөв байрандаа амьд харагдах мэт. Энэ мэт амьд мэдрэмжүүдийг мэдрүүлсэн “Team Hero” багийн хамт олныг дурдахгүй байж болохгүй нь.
-“Ноён эмэгтэй” киноны гол цөм бол эмэгтэйчүүдийн хорих анги-
Хорих ангийн ноён эмэгтэй бол У.Уранчимэг гэдгийг уншигч та аль хэдийн гадарласан биз ээ. Түүний ур чадварыг сорьсон гайхалтай дүр байлаа. Тэрбээр бусад хоригдлуудаас хавь илүү аж төрнө. Илүү ч, дутуу ч бай хорих газар гэдгийг үзэгч, уншигч та мартаж болохгүй. Бүгд өөр өөрийн зовлонг тээн, өөрсдийн хийсэн хэргийн төлөөсийг эдэлж буй хүмүүс. Гэсэн ч тэнд өрсөлдөөн, бие биеэ гэх хайр, хүндлэл, өшөө хорсол цөм бүрдсэн. Кинонд гарах зодооны хэсгүүд, хутаг мэс завчилдсан хэсгүүд, даралттай усаар шүршиж буй хэсгүүд сэтгэлд нэг л хүнд ачаа болон үлджээ.
“Эдгээр хүнд хэсгүүдийн зураг авалтуудыг маш сайн бэлдсэн учир зураг авалтууд амжилттай болсон. Хорих ангийн бүсгүйчүүдийн тухай энэ хүнд киног яаж үзэгчдэд хөнгөн хүргэх вэ гэж их бодож ажилласан” хэмээн зураглаач Б.Баатар нээлтийн үеэр хэлж байв.
Мэдээж хэрэг бодит байдлаас хөнгөн байх. Гэхдээ түүний хэлснээр тэдгээр хүнд хэсгүүд үзэгчдэд хөнгөн хүрсэнгүй. Харин хөнгөн, хөгжилтэй, сургамж хайрласан хэсгүүд кинонд нэлээдгүй бий. Тухайлбал, оройн тооллого хийх үед хэлдэг “Хүн бүр төрхөөсөө, эрх чөлөөтэй, нэр төр эрхийнхээ хувьд адил тэгш байна” гэх үгийг цээжлээд л гарсан даа.
-“Ноён эмэгтэй” кино үзэгчдийн төсөөлөөгүй төгсгөл бол үхэл-
Кино урлагаас хэсэг завсарласан нэгэн эрхэм кинонд дүр бүтээсэн нь их хүлээлт үүсгэсэн. Гэсэн ч тэрхүү дүр киноны өрнөл хэсэг дээр хасагдах нь тэр. Хүлээлт минь талаар болсон. Мөн жүжигчин У.Уранчимэг уг дүрээр эл кинонд өөрийгөө мөнхөлжээ. Хорих ангийн эмэгтэйчүүд Ноён эмэгтэйд хүндэтгэл үзүүлж, гуниглаж буй нь илт. Харин тэд өөрсдийгөө “Ноён эмэгтэй” гэдгийг мэдээгүй л яваа. Үүнийг уншиж буй та ч мөн адил...
Д.Батчулуун