Энэ сарын эхээр улс орноо төрийн эмх замбараагүй байдалд оруулж, богино хугацааны цэргийн онц байдлын зарлиг гаргаснаасаа болж албан тушаалаасаа буух, цаашлаад шоронгийн хаалга татах магадлалтай байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах тушаалыг тус улсын шүүх Мягмар гарагт баталжээ.
Энэ нь шүүхээс Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл олгож буй анхны тохиолдол юм.
Энэ сарын 14-нд Юныг өөрийн хүслээр албан тушаалаа өгөхөөс татгалзсаны дараахан Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей Юн Сук Ёлын импичментийг баталсан. Импичмент гэдэг нь төрийн дээд албан тушаалтнуудтай хууль тогтоогч байгууллагын зүгээс хариуцлага тооцох, огцруулах онцгой дэг журам юм. Импичмент нь хувь хүмүүс өндөр албан тушаалд хүрэх (сонгууль, соёрхон батлах, томилох) үндсэн хуулийн ердийн журмаас татгалзах явдал бөгөөд энэ нь ерөнхийдөө парламентад үнэмлэхүйн олонхыг шаарддаг тул албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан гэж үзсэн хүмүүст зориулагдсан байдаг.
Түүнийг дотоодод бослого өдүүлсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн байцаахаар 12 дугаар сарын 16-нд зарлан дуудах хуудас илгээсэн ч тэр хүлээж аваагүй юм. Хэрвээ хоёр дахь дуудлагыг тэр дахин үл тоомсорловол хүч хэрэглэн баривчилж магадгүй байсан.
Тус улсын Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тушаалыг биелүүлээгүй тохиолдолд прокуророос баривчлах захирамж гаргадаг аж. Түүнийг он гарсан даруй баривчлах магадлалтай байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)