Нийслэлийн цагдаагийн удирдах газраас МУГЖ Д.Сосорбарамын үүдэнд жагссан, Богд уулнаас тарвага агнасан хэргийг илрүүлсэн, болон цэргийн албан хаагч тогонд цохиулж нас барсан хэргүүдийг шалгаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Каргогоор ирсэн ачаатай холбоотой уг асуудалд харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг дүүрэг дэх прокурорын газарт хүргүүлсэн.
Мөн тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдад Турк улсын иргэд буутай байна, машинд нь буу байж болзошгүй гэх мэдээлэл өгснийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад БНТУ-ын иргэний биеэс болон автомашинаас ямар нэгэн галт зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл илрээгүй байна.
Харин шалгалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг турк жолооч хэл амаар доромжилсон, араас нь нулимсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан" гэв.