Соёлын өвийн үндэсний төв, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдлын газар дээрх судалгаа” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны баг Өвөрхангай, Архангай аймагт орших Эрдэнэ Зуу хийд, Хар бухын балгас, Хөшөө цайдам музей, Шанхын баруун хүрээ зэрэг дурсгалт газар анхан шатны болон нарийвчилсан судалгаа хийжээ.
Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалтад эрсдэл үүсгэж буй хүчин зүйлсийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тооцон, ан цав, хагарал, цууралт дээр хэмжилт хийн, наалт нааж, агаарын зураглалаар гадаргын тоон загвар 3D модел үүсгэж, гарсан үр дүнг тайлагнах зорилготой.
Энэхүү судалгааны багт БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрсдэл гамшгаас урьдчилан сэргийлэх судалгааны хэлтсийн дарга Kim Seong-Do, ахлах судлаач Park Chan Min, эрдэм шинжилгээний ажилтан Lee Ha Na, эрдэм шинжилгээний ажилтан Kim Sung Han, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Барилга, архитектурын соёлын өвийн судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Эрдэнэцогт, МУ-ын Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын шинжээч Ж.Цамбагарав, Түүхэн дурсгалт барилга хариуцсан мэргэжилтэн, архитектор А.Эрдэнэцэцэг ажиллав хэмээн Соёлын өвийн үндэсний төвөөс мэдээллээ.