Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын бүсийн хурдан морины уралдаан эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Үүнийг тохиолдуулан "Бүсийн уралдаан болж байгаа аймгуудын онцлох таван зүйлс"-ийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт 80 жилийн ойн баяр наадам нь тохиож, говийн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдаж буй Дундговь аймгийг онцолж байна.
Дундговь аймаг нь Монгол улсын говийн бүсийн аймаг юм. Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг. Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай. Улсын дунджаар малтай нэг өрхөд ногдох малын тоогоор эхний байруудад ордог. Байгалийн эрдэс түүхий эдийн багагүй нөөцтэйн дотор улсын хэмжээний судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58,0 хувь, гөлтгөнийн 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувь нь манай аймагт байна.
1. Байгалийн үзэсгэлэнт газрууд
Тус аймагт Дэлгэрхангай, Адаацаг, Их бага газрын чулуу зэрэг үзэсгэлэнт ховор сонин тогтоцтой уулууд, Эргэнэг, Нэмнээ, Хайрхан, Загийн усны хоолой зэрэг өргөн уудам говиуд, Өөш манхан, Цагаан суварга, Дэлгэрийн Чойр, Сангийн далай, Үнэстэй, Зуут, Онгийн хийдийн туурь, зарим сүм дуган, Шарангадын Монгол бичигт агуй, Зараа бугын хөшөө, Дэл уулын 32 хүн хөшөөтэй булш, Ар зүлэгтийн дөрвөлжин булш зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой, түүх соёлын дурсгалт олон арван газар байдаг.
2. Байгалийн баялаг, ашигт малтмалын арвин их нөөц
Чулуун ба хүрэн нүүрс, хайлуур жонш, цагаан тугалга, цайр, гөлтгөнө, төмөр, алт, мөнгө, уран, байгалийн будаг зэрэг 33 нэр төрлийн ашигт малтмалын орд энэ нутгаас олдсон. Бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц Хараат, Буянтын ураны, Эрээний төмрийн хүдрийн, Хөөт, Их-улаан нуур, Тэвш, Өвдөг худгийн нүүрс, шатдаг занарын Шар шороот, Булаг хөөтийн эрдэс будгийн, Тарагт, Ширээ уулын гөлтгөний болон барилгын материалын ихээхэн нөөц орд байна.
3. Дуу хуурын өлгий нутаг
Аймгийнхаа ард иргэдийн ахуй амьдралын хэвшил, уламжлал, байгалийн онцлог давуу тал, нөөц бололцоотой уялдуулан улсдаа “Дуу хуурын өлгий нутаг” хэмээн алдаршсан дуу хуур, эртний түүхэнд мөртэй үзэсгэлэнт Дундговь нутгаас төрсөн уран бүтээлчид бишгүй олон. Дурдвал, Монгол улсын XX зууны манлай уртын дууч Н.Норовбанзад,Гавьяат жүжигчин Г.Хайдав, Төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооров, яруу найрагч С.Буяннэмэх тэргүүтэй зохиолч, уртын дуучид энэ нутгаас гаралтай.
4. Гүүний айраг, ингэний хоормог
Дундговь аймаг нь хөхүүрт исгэсэн айргийн амт, чанараараа улсдаа дээгүүрт бичигддэг тул жил бүрийн намрын улиралд айрагны баяр болдог гэнэ. Айрагны баярт дэмбээний тэмцээн, хэн хамгийн их айраг уух вэ?, хуруу барих, морин дээрээс малгай булаалдах зэрэг тэмцээн уралдаан зохиогддог бөгөөд энэхүү баярт оролцохоор ойролцоо аймаг, сумдаас ирэх хүмүүс олон байдаг. Мөн айрганаас гадна ингэний хоормогоороо алдартай. Хоормог нь айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугьсан тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчигнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог. Шим тэжээл, эмчилгээ сувиллын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэдэг бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг учир исэж бүрэлдэхдээ нягт ээдэм үүсгэдэггүй тунаж шар сүү ялгаруулдаггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү юм.
5. Хонины мах
Хонины махны амт чанараараа дээгүүр ордгийн учир нь шим тэжээлтэй хөрсөнд ургах таана, мангир зэрэг ургамалтай холбоотой. Говь нутагт таана, хөмүүл, мангир зэрэг эмийн ургамал ургадаг. Түүнийг идэж, идээшилсэн малын мах амттай байхаас гадна илүү шүүслэг, тэжээллэг чанар өндөртэй байдаг.
Т.Мөнхжаргал