Сургууль, цэцэрлэгүүд тогтсон хугацаандаа үйл ажиллагаагаа эхлэх үү гэдэг асуулт нийгэмд хүлээлт үүсгээд байна. Гэвч үүнийг Засгийн газар, Улсын онцгой комисс эцэслэн шийдээгүй байгаа юм.
Энэ талаар Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “БШУЯ цар тахлын үед боловсролын үйлчилгээг тасалдуулахгүй байхад сүүлийн хоёр жил бүх хүч чадлаа дайчлан ажилласан. Зайнаас тодорхой хугацаанд хичээллэсэн ч танхимын сургалтыг гүйцэх төгс сургалт өнөөдрийг хүртэл алга. Ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг цахим контент руу шилжүүлсэн ч хүлээн авч буй хүүхэд бүрд хүртээмжтэй биш. Харилцан адилгүй орчин нөхцөлд хүүхдүүд амьдарч байгаа учраас теле хичээл ялгаатай байдлыг үүсгэж байгаа юм. Иймд танхимын сургалтыг эхлүүлэх шаардлагатай. Үүнийг ч дэлхийн олон улс зөвлөж, бид ч мэдэрч байна. Цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүүхдүүд хичээлийн хоцрогдолтой болсон. Үүнийг хэрхэн яаж арилгах талаар салбарын яам өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн үндэсний хэмжээний цогц төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, танхимын сургалтыг нээхээр бид бэлтгэл ажлаа хангаж байгаа ч Засгийн газар, Улсын онцгой комисс эцэслэнэ. Иймд салбар яамны зүгээс хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд бүхий л бэлтгэл ажлыг хангаж байна. Аль болох эрсдэл багатай цахимаар бүртгэх боломжийг эрэлхийлж байна.
Энэ жилийн хувьд наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногоос эхлэн тухайн орон нутаг нэгдүгээр ангийн элсэлтээ эхлүүлнэ. Ингэхдээ боловсролын цахим системд тулгуурласан хүндрэл чирэгдэл багатай нээлттэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Урьдчилсан байдлаар, энэ жил 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тооцоо бий. Тэгээд ч есдүгээр сарын 1-нд цахимаар нээлтээ хийх болов уу. Гэхдээ сурагчдыг аль болох танхимын сургалтад хамруулахыг зорино. Тухайн үед халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан танхимын болон танхимын бус хосолсон сургалт явах боломжтойгоор хичээлийг эхлүүлнэ. Тухайн анги бүлэг тав хоног танхимаар хичээллээд дараагийн долоо хоног нь зайнаас хичээллэх хувилбар байж болно. Гэхдээ наймдугаар сарын дунд үеийн халдварын нөхцөл байдлаас зохицуулалт, хувилбарыг эцэслэнэ” гэлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах нь ойрын гурван жилийн хугацаанд БШУЯ-ны гол хийх ажил болжээ. Энэ ч үүднээс хичээлийн хоцрогдол арилгах гурван жилийн төлөвлөгөөг боловсруулж, энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдэд хичээл заахаас илүүтэй хамт олонд нь дасгах, нийгэмд төлөвших нийгэм сэтгэлзүйг бэлтгэх ажлыг 14 хоног хийх юм байна. Үүний дараа хичээлийг нь үе шаттайгаар эхлүүлэх ба эцэг, эх, багш нар хичээл орохоор л хоцрогдлоо нөхөх юм шиг ойлгож, хүүхдэд хичээлийн хэт их “дарамт” өгөхгүй байхыг БШУЯ-наас сургуулиудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгчээ.
У.Тэргэл