Тээвэр хөгжлийн банкинд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны ЭЗГХТГ-т шалгагдаж байжээ. Тэгтэл 2020 оны 4 дүгээр сард Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг хаасан байна. Ямар хэрэг, яав ийв гэтэл энэ хэрэг нь Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Миллион вижн групп лимитед” компани болоод “Алтайн хүдэр” компани, түүний удирдлагуудтай холбоотой ажээ.
"Алтайн хүдэр”-ийн эзэн “Баян” хочит Р.Базар нар гэсэн үг. “Алтайн хүдэр” ХХК нь борлуулсан ашигт малтмалын төлбөрийг оффшор бүсэд байршилтай компани руу шилжүүлдэг. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Таян нуурын төмрийн ордоос олборлосон хүдрийг БНХАУ руу экспортолдог.
Харин Хятадын нэр бүхий хоёр компаниас дээр дурдсан “Миллион вижн групп лимитед” компанийн Монгол Улсад бүртгэлтэй төлөөлөгчийн газар руу орж ирдэг. Мөн тэрхүү хүдрийн мөнгө цаашаа явж Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Миллион вижн групп лимитед” компанид очдог.
Тэндээс Монгол руу 2011-2020 оны хооронд “Алтайн хүдэр” ХХК, “Алтай ложистик” ХХК, “Петроплас” ХХК зэрэг ХХК руу 500 орчим сая ам.доллар болж шилжиж орж ирсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Тээвэр хөгжлийн банкаар дамждаг байснаар Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж шалгах үндэслэл болсон бололтой.
С.Сүлд