Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барьсан билээ. Тогтоолын төслийн анхдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжсэн юм. Ерөнхий сайдаас өргөн барьсан төслийн дагуу Засгийн газар нь:
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам
-Батлан хамгаалах яам
-Гадаад харилцааны яам
-Сангийн яам
-Хууль зүй, дотоод хэргийн яам
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
-Барилга, хот байгуулалтын яам
-Боловсрол, шинжлэх ухааны яам
-Зам, тээврийн хөгжлийн яам
-Соёлын яам
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
-Эрчим хүчний яам
-Эрүүл мэндийн яам гэсэн Чиглэлийн; нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 гишүүнтэй байхаар тусгасан юм.
Шинэ Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үp дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэсэн тухайгаа танилцуулгад дурдсан байдаг.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа хүргүүллээ. Ерөнхийлөгчийн зүгээс хүргүүлсэн зөвшилцөх саналд:
- Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн “Эрдэс баялаг, эрчим хүчний яам” гэсэн ерөнхий чиг үүргийн яамыг байгуулах,
- Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн “Дэд бүтцийн яам” гэсэн чиглэлийн яамыг байгуулах,
- Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах зэрэг зөвшилцөх санал хүргүүлж, судлан үзэхийг хүссэн байна.
Ташрамд дурдахад С.Баяр 2008 онд Ерөнхий сайдаар улиран сонгогдсоныхоо дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Зам, тээврийг Барилга, хот байгуулалтын яамтай нэгтгэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалт яамыг байгуулахад сайдаар нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга очиж байв.
С.Сүлд
Сэтгэгдэл (4)