Жаргалтулгын Эрдэнэбат. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Их хурлын гишүүн болж, улмаар Ерөнхий сайдаар хүртэл тодорч явсан нь хэдхэн жилийн өмнөх түүх.
Түүхийн эл хуудас үргэлжилсээр дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон, гэвч тангараг өргөж чадалгүй хоцорсноор улстөрч бус харин шүүгдэгч, бүр ялтан гэдэг нэрийг зүүх болов.
Түүнд тохиосон хуулийн процесс Монголын түүхэнд анх удаа тохиолдлоо. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх хэдхэн хоногийн хугацаанд амжуулж, албан тушаалаа ашиглаж, өөр болон бусдад давуу байдал үүсгэсэн хууль бус үйлдэл нь илэрснээр АТГ-ын хаалга татсан.
Прокуророос яллагдагчаар татсан ч уг тогтоолтойгоо есөн сар танилцахгүй зугтаасан гэх. Аргаа барсан прокурорууд албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаснаар аавын хаалга татах эхлэл болсон юм.
Шүүхээс прокурорын хүсэлтийг хүлээж авах үед тэрбээр УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь нэгэнт тодорхой болсон үе байв. Ингээд түүнийг шүүхээс албадан ирүүлэх захирамж өнгөрсөн тавдугаар сарын 15-нд гаргаж, улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зургадугаар сарын 4-нд зарлаж, хуралдуулсан боловч тэрбээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд очоогүй юм.
Үүний дараа дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан. Бас л ирээгүй.
Тиймээс шүүхийг үл хүндэтгэж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатыг буюу нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон байдаг.
Тухайн үед шүүхийг хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөнд автаж, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдаж, цаашлаад Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг цагдан хорилоо гэж олон нийт, нэр бүхий улстөрчид, нам, эвслүүд шүүмжилсэн.
Асуудлыг нэг талаас нь харвал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн шийдвэр үнэхээр хууль зөрчсөн үйлдэл мэт.
Гэвч шүүхийн тайлбараас харвал, асуудал арай өөр гэж харагдахаар.
Учир нь дээр өгүүлсэнчлэн, Ж.Эрдэнэбатыг прокуроос яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулах гэж удаа дараа дуудсан. Гэвч тэрбээр ирээгүй, есөн сар болсон. Энэ үед нь гүйцэтгэх ажлын хүрээнд цагдан хорьсон бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байсан аж.
Гэтэл түүнийг цагдан хорих шийдвэр гарах үед түүнд холбогдох хэрэг хэдийнэ шүүхэд шилжсэн байсан. Энэ ч утаагаараа хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг шүүхээс тайлбарласан, магадлалтай ч байхыг үгүйсгэхгүй.
Ж.Эрдэнэбатын нэг алдаа
Түүнийг прокуророос яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуулийн хүрээнд болсон үйлдэл. Энэ хүртэл ямар ч алдаа гараагүй. Харин Ж.Эрдэнэбат шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр очсон, эсвэл ямар нэг хүндэтгэх шалтгаантай гэдгээ учирласан бол сонгууль өнгөртөл шүүх процесс хойшлох боломж байв.
Эс бөгөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ч боломж байсан.
Гэтэл тэрбээр шүүхийг үл хүндэтгэсэн нь УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, халдашгүй бүрэн эрхтэй болох боломжоо алдсан юм. Энэ бол түүний алдаа, бас хариуцлагагүй үйлдлийг нэг тод илрэл.
Өнөөдөр
Э.Эрдэнэбат анхан шатны шүүхээс зургаан жилийн ял сонслоо. Ингэснээр Сэлэнгэ аймгийн иргэд УИХ дахь нэг төлөөллөө алдаж буй юм. Энэ утгаараа нөхөн сонгууль явуулах уу, эс бөгөөс шүүхийн шийдвэрийг тас цохиод түүнийг суллах улс төрийн тоглолт хийх үү гэдэг асуулт урган гарч ирж буй. Дээр хэлсэнчлэн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг нь Монголын улс төр хийгээд шүүх засаглалд тулгарсан хамгийн анхны практик. Өмнөх түүхийг сөхөж үзээд ч ийм тохиолдол нэгээхэн үгүй гэдэг утгаараа хуулийнхан болоод улстөрчид шоконд орсон нь үнэн.
Тиймдээ ч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үү, эс зөвшөөрөх үү гэдэг асуудлыг УИХ-аар оруулах гэж үзэх нь лавтай.
Гэхдээ анхан болоод давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дээр Улсын Дээд шүүх, түүний дээр хөх тэнгэр оршин байдаг учир Ж.Эрдэнэбатыг энэ парламент хамгаалж үлдэх нь юу л бол.
Харин түүнийхээ оронд Сэлэнгэд үлдсэн орон зайг нь нөхөх нөхөн сонгуулийг тун удахгүй зарлах нь дамжиггүй.
УИХ-ын ээлжит сонгуулиар Сэлэнгэ аймгаас Ж.Эрдэнэбат нэгээр гарч ирсэн бол Д.Өнөрболор, Ч.Ундрам зуузай холбон УИХ-д ялалт байгуулсан. Харин Сангийн сайд асан С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нар жагсаалыг араас бичигдсэн юм.
Зарим иргэд Ж.Эрдэнэбат цагдан хоригдсоноор С.Баярцогт эс бөгөөс Д.Эрдэнэбат нар жагсаалтаараа УИХ-д сонгогдоно гэж бодож, бас ойлгож буй.
Хэрвээ ингэж тооцвол, С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар шүүхээс ял сонсох эсэх нь цаг хугацааны асуудал болж хувирсан. Энэ утгаараа жагсаалтын зургаад бичигдсэн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Үүрийнтуяад шаанс үлдэнэ гэсэн үг.
Үүнийг ч тэрбээр хэдийнэ мэдэрсэн бололтой Сэлэнгэ аймагт ажиллахаар болсон тухайгаа өнгөрсөн долоо хоногт цахим орчинд мэдэгдсэн юм.
Эндээс харвал, Д.Үүрийнтуяа гэдэг бүсгүй Ж.Эрдэнэбатыг шүүхээс ял авна гэдгийг эртнээс мэдэж байсан учир Сэлэнгийг зорьсон гэж харагдахаар.
Процесс ийн үргэлжилж байна. Гэвч хуульд зааснаар жагсаалтаар УИХ-д гарах ямар ч боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль зарлах нь дамжиггүй. Энэ ч анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбат ял авснаар тодорхой боллоо.
Нөхөн сонгуульд МАН, АН-аас эхлээд нам, эвслүүд бүр зарим нэг бие даагч нар азаа сорихыг үгүйсгэхгүй. Магад дахиад МАН-ын нэр дэвшигч Сэлэнгэчүүдийн итгэлийг хүлээж мэднэ.
Юутай ч, Ж.Эрдэнэбат шүүхээс зургаан жилийн ял сонссоноор ял авсан анхны Ерөнхий сайд асан болов. Тэрбээр нээлттэй хорих ангид ял эдэлнэ. Гэхдээ шүүхийн шийдвэрээ гардаж авсны дараа давж заалдах эрхтэй, давж заалдах нь ч тодорхой. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, эс бөгөөс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө нь юу л бол. Ийнхүү Ж.Эрдэнэбатын өнгөрсөн хийгээд өнөөдрийг хүртэлх улстөрийн замналд цэг тавилаа.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (758)