Цэцэгээ, Дээгий хоёр аав, ээжийгээ дагуулан эмнэлгээр явав. Улсын эмнэлэг дараалал ихтэйг хэлэх үү сарын дараа үзүүлэх боломжтой гэв. Төмөр өвгөн гарч тамхиа нэрэн зогсоно. Думаа хөгшин Цэцэгээд хандан:
- Зунаас л нэг ирье дээ. Бид хоёр арай сөхөрчөөгүй байна. Болохгүй бол аймгийн эмнэлэгтээ үзүүлнэ дээ. Яахав, яахав, аавын чинь уушгийг л харуулчих юмсан. Ханиалгах юм, тэгсэн хэрнээ өмхий тамхиа татаад байх юм .
- Нэгэнт ирснийх үзүүлсэн нь дээр. Хувийн сайн эмнэлэг зөндөө байна, ээж минь.
- Өө, яах юм бэ. Өндөр төлбөртэй. Аманд орсон үнээ хэлдэг юм гэх чинь билээ. Төвөг охин минь ажил төрлөө бодоцгооё. Цэцэгээ яаж ч ятгаад хоёр хөгшин цааргалав.
Харин Дээгий угаас сэргэлэн хүн тул аав, ээжийгээ ятган танил тал гэсээр нэгэн эмнэлэгт маргааш үзүүлэхээр болоод буцацгаав. Өдөржин эмнэлэгээр яваад үд болжээ. Цэцэгээгийнд очихоор явах замдаа Агваантай уулзацгаав.
Төмөр хөгшин: - Сайн байна уу, дүү минь. Сайхан хаваржиж байна уу?
- Сайн сайн, та минь сайн уу биз дээ. Эгч минь сайн явж ирэв үү. Манай хүүгийнх энэ ойрхон. Хэдүүлээ амсхийгээд мордоцгооё. Өнөөдөр манайд очно биз дээ та хоёр минь.
- Харин ээ. Хэдэн ач нараа санаад нялхарч.
- Ойрд ирээгүй хүмүүс байж манайхаар орохгүй буцах гээд байна уу даа. Манай Цэцэгээ ч гэсэн дээ. Миний хүү сайн биз дээ. Жаргалаа маань бас ирчихээ юу. Энд ирсэн сураг гараад байдаг, ирдэггүй ээ. Ахыгаа тоохгүй юм даа.
- Сайн сайн, ажил, гэр гээд л. Дүү нь зав муутай байх юм байна шүү дээ. Дараа нэг очно оо, ах минь. Агваан, Төмөр ах, бэргэн хоёроо дагуулан явахаар болж, Цэцэгээ, Дээгий хоёр гэрийн зүг буцав. Дээгий ч буцахаа нэг өдөр хойшлуулав.
Маргааш болж Цэцэгээ, Дээгий хоёр эмнэлгийн үүдэнд аав, ээжийгээ хүлээнэ. Өдөр болох үед Агвааны хүү Төмөр, Думаа хоёр хөгшнийг хүргэж ирэв. Төмөр ханиалган буугаад:
- Удаан хүлээв үү. Бид хоёр замдаа жаахан саатчихлаа. Одоо бас дараалал ихтэй байхдаа.
- Цаг авсан. Харин хувийн эмнэлэг дараалал энэ тэр гэхгүй амар байдаг юм.
- Мөнгө их орно доо. Дараа больё, хүүхдүүд минь. Төмөр хэдий зөрүүдлэв ч Цэцэгээ, Дээгий хоёр уурлангуй учирласаар эмнэлэгт үзүүлэх болов. Хоёр хөгшин эмнэлэгт үзүүлж өдөржин болсны эцэст сая нэг гэрийн зүг хөдөлцгөөв. Өвгөн Цэцэгээгийнд хүрэх замдаа инээмсэглэнгүй:
- Ямарч байсан энд ирсэн ажил бүтлээ. Нэг их үнэрхэхгүй хашаа байшингаа зарчихлаа, дүү минь. Бие ч тэнхлүүн байна. Эртхэн буцая даа, хэдэн мал хэцүүдлээ.
- Аав минь дээ маргааш шинжилгээгээ гүйцээж өгсний дараа явах тухай ярина шүү. Тэгээд хэдээр авсан бэ.
- За тэр шинжилгээ ч яахав. Ээжийгээ л сайн үзүүлж ав. Аав нь яах вэ. Тамхиа багасагачихвал ханиалгах намдах юм гэнэ. Хэдэн сая болсоон. Ямар ч байсан байгаа мөнгөө өгчихлөө. Зунаас үлдсэнийг нь өгч болно биз хө. Цэцэгээ аавынхаа нүднээс л сая нэг санаа амарсан тайтгарсан царайг харан өрөвдөх мөн хайрлах сэтгэл зүрхэнд нь булиглана.
Гэртээ ирэн зээ нартайгаа тоглон өхөөрдөн байх хоёр хөгшин хүүхэд адил л харагдана. Думаа эмгэн Энхриймаа руу харан:
- Миний дүү бие тэнхээ яаж байна. Одоо хэдэн сартай билээ. Олон хүүхэд шуугилдаад сайн амарч чадахгүй байгаа байх даа.
- Одоо зургаан сар болох гэж байна аа. Хяналтанд хол очиж үзүүлдэг болохоор явдалтай. Бие харин зовиургүй шүү. Манай гурав миний үгэнд их орно оо. Ухаантай хүүхдүүд шүү. Намайг унтахаар нээх хөөрхөн чимээгүй хичээлээ хийгээд сууцгаадаг юм. Сэрэхээр хамт тоглоё гээд л.... \инээмсэглэнэ\
- Аль нутгийн хүүхэд вэ. Аав ээж нь хаана байдаг юм бэ. Төрөх дөхөж л байгаа юм байна даа. Энэ хүүхдүүдийн хажуугаар хүүхэд харна гэдэг чамд л хэцүү байх вий дээ.
- Манай аав баруун аймгийнх, ээж хотынх аав. Ээж байгаа, эндээ амьдарцгаадаг. Төрөхөөөрөө очих байхдаа. /Энхриймаа илт санаа зовсон нь мэдрэгдэв/.
Цэцэгээ ам нээн: - Энхриймаа маань манай гэр бүлийн гишүүн гээд ойлгочих. Би харин Энхрийгийнхээ хүчинд санаа зовохгүй ажилдаа явж байгаа шүү.
-Болж дээ. Хэн хэндээ түшиг болж байвал сайн хэрэг хүүхдүүд минь...
Дээгий маргааш явахаар болжээ. Ажлаас нь дуудаж байгааг дуулгав. Төмөр хөгшин гарч тамхи татан орж ирээд:
- Буяадэлгэр маань өчигдөр утсаар ярьж байсан. Амьдрах гэж яваа сайн хүү шүү. Эхэндээ ээж чинь их л голонгуй байж билээ. Хөөрхийг эвгүй байдалд оруулаад л... Эмэгтэй хүний ухаан богино гэж үнэн үг шүү.
- Таны утас холбогдохгүй байна гээд байсан. Юу ярьж байна. Намайг ховлож байна уу?
- Янзын хүүхэд шүү. Чамайг ховлож ярих хүн ч биш байх аа. Амар мэнд мэдэж байна лээ, хөөрхий.. Та хоёр хот руу орж ирэх гэж яараад яахав. Тэндээ ажил төрөлтэй сайхан амьдарч байгаа байж. Усыг нь уувал ёсыг нь дагана гэж үг байдаг даа. Миний охин ханьдаа халамжтай байдаг юм шүү. Эгчийнхээ хажууд ажил мэдэхгүй өссөн дөө, чи. Айл гэрийн байдал уур амьсгал ямар байх эмэгтэй хүнээс хамаардаг юм шүү.
- За, ааваа. Буяа наашаа ирэхгүй, би ирнэ гээд жаахан зөрөлддөг л юм. Оройтож ажил тардаг болохоор хоол хийх, гэр орон цэвэрлэх дээр Буяагийн дүү охин л хийдэг юм. Өглөө эрт ажилтай болохоор гараад явчихна. Гэрийн ажил ч холдоод байна шүү аав минь.
Думаа хөгшин Дээгийгийн үсийг илбэн:
- Би залуудаа бүгдийг амжуулж болоод л байлаа. Одооны залуучуудын бие гэж хаашаа ч болсон юм дээ, ядарсан л хүмүүс байх юм. Орчин нийгэмдээ байдаг байхдаа хөөрхий. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл бас дээр нь нялх хүүхдүүдтэй нойргүй шахуу хонож л та хэдийгээ өсгөсөн дөө. Энэ хэдэн хүүхдээс арай ажилтай нь манай Цэцэгээ юм уу даа. Миний охин гэрийн эзэгтэй нэг багана нь гэдгээ мартаж болохгүй шүү.
Ийн яриа өрнөх хооронд Баярцэцэг гурил зуурч, илдэж амжив. Мөн Энхриймаа ногоо арилган, Цэцэгээ мах татан, Баянмөнх банш авахаар дэлгүүр рүү гарав. Думаа эмгэн уг зураглалыг хараад ихэд сэтгэл тэнүүн байгаа бололтой.
- Баярцэцэгийг хар даа. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэж миний охин ажилч хичээнгүй сайн хүн болжээ. Цэцэгээ минь л ийм хүүхэд байсан даа. Манай Солонго муу дүүгээ зарчихна. Дээгий болохоор эрхлээд хошуугаа унжуулчихана. Харин миний охин л ёстой хар багаасаа ээждээ хань болсон хүн дээ. Төмөр толгой дохин “Тийм шүү. Миний таван хүүхдээс Амгалан маань ажил голохгүй, шантрахгүй. Надад загнуулж, зодуулах үедээ дуу ч гаргадаггүй хэрсүү золиг. Охидоос минь Цэцэгээ минь л ажлаараа ялгардаг юм шүү дээ. Манай хүргэн ч ажил ч хичээнгүй сүрхий хүн байсан даа. Зуны хэдэн өдөр амрах гэж ирэхдээ заавал нэг юм хийж өгөөд явдаг байж билээ. Одоо хүртэл барьсан хашаа жижиг амбаар маань нурчаагүй яг хэвээрээ байгаа шүү. Сүрхий хүний хийсэн юм урт настай гэж үнэн юм даа. Хөөрхий минь ...” гэсээр санаа алдан хоолой нь зангираад ирэх нь одоо ч харамсал гашуудал нь алга болоогүй зүрх сэтгэлийн алс холд байсаар байгааг илтгэнэ.
Уг яриаг сонсож суусан Цэцэгээ нулимсаа нуун инээмсэглэхэд Думаа хөгшин ярианы сэдэв өөрчлөн:
- Амгаланг ааваас чинь өмөөрч их ам мууддагсан. Муу хүү минь хүний нутагт бие хаа нь сайн л байдаг байгаа даа. Аав чинь малчин болгоно гээд эрдэм номыг нь хаяулчихсан юм. Би зөрөх л байсан юм даа. Нэг газар л зөрөөгүй өнгөрөөсөндөө хааяа харамсах юм.
- Надад зэмлүүлснээрээ харин ч хатуужил үзээд эр хүн болсон доо миний хүү. Алзахгүй ээ, ямар ч байсан миний хүү олны дунд биеэ зөв аваад явчихна. Ажлаас бол хойш суух хүн ерөөсөө биш. Амгаланд санаа зовдоггүй юм. Энэ Дэлгэр л хөнгөн хүн шүү. Ээж чинь өмөөрөөд ямар үг хэлүүлэх биш. Цэцэгээ минь энэ дүүгээ сайн харж байгаарай. Юунд ч орчих хүн шүү. Муугаа мэдэхгүй хүнтэй зодолдох санаатай бас нэг балгачих өнгөтэй золиг байгаа юм.
- Жаахан хүүг минь, Амгалан та хоёр ажилд нухаад нурууг нь авчихсан болохоос хөдөө дуртай хүүхэд байсан юмдаг.
- Чи урдуур орж өмөөрөөд юу ч сургаагүй юм байж.
Хоёр хөгшин маргах талдаа үг чулуудалцав. Цэцэгээ инээн “Аав, ээж хоёр минь одоо больдоо. Бүгдээрээ л сайн сайхан явна шүү дээ. Та хоёрын минь л ач шүү дээ. Өнөөдөр манайд хонох юм байгаа биз дээ.
- Тэгэлгүй яахав. Маргааш Дэлгэрийнд хоноод, тэгээд явцгаана даа. Ишш миний хүү даарчихаж нааш ир ... Баянмөнхийг гаднаас орж ирэхийг хараад өвгөн дуудан эрхлүүлнэ. Хоолоо идэцгээн оройжин ярилцан инээд хөөртэй нэгэн үдэш өнгөрөв. Өглөө эртлэн Цэцэгээ аав, ээжийгээ дагуулан автобусны буудал руу гарав. Дээгий хөдөөнөө буцах болж шууд вокзал руу хөдлөв. Дэлгэрбаяр ажилтай ээлжтэй байгаа тул ирж амжсангүй. Автобусны буудал дээр зогсож байтал танил машин ирж зогсвол Баярхүү байв.
Хаалгаар буун Цэцэгээ рүү инээмсэглэн:
- Сайн байна уу. Өглөөний мэнд. Ингэж таарах гэж. Ажил сайн уу?
-Сайн сайн, чиний ажил сайн уу?
- Сайн сайн ажилдаа явах нь уу. Суучих дөхүүлээд өгье. Би бас ажилдаа явж байна өө.
- Баярлалаа, би ажилдаа явахгүй. Өөр тийшээ явж байна.
- Тэгсэн ч гэсэндээ дөхүүлээд өгье. Удаан таарсангүй шүү дээ ...
Цэцэгээ аав, ээжийнхээ том харах нүдийг ажин яагаад ч юм нүүр нь улайн Баярхүүтэй таарсандаа ичих шиг болов. Тэрбээр Баярхүү рүү уурлангуй “Би аав, ээжтэйгээ явна аа. Баярлалаа, зүгээрээ. Бидний автобус одоо ирэх байх. Чи ажлаа бод”.
- Өө тийм үү. Уучлаарай сайн байцгаана уу. Сайхан хаваржиж байна уу?
- Сайн сайна байна уу, хүүхээ. Сайхан хаваржиж байна аа.
- Автобус мөд ирэхгүй, түрүүхэн нэг явсан. Настай хүмүүс ядарчихна. Би угаасаа хотын төв орох ажилтай. Та нар санаа зоволтгүй ээ. Суучих, дөхүүлээд л өгье.
Цэцэгээ хэдий маргаад Баярхүү явахгүйг ойлгон арга буюу машинд нь сууцгаав. Баярхүү ихэд найрсагаар яриа өдөн явна. Өвгөн ч ойр зуурыг ярилцан явав. Цэцэгээ харин хурдан дөхөөд бушуухан салахыг л хүсэж суув. Баярхүү зорьсон газар нь хүргээд “Цэцэгээ миний найз буцахдаа яриарай. Би төвд байвал буцаад хүргээд өгч болно шүү”.
- Баярлалаа. За баяртай.
- Баяртай, яриарай.
Машин хөдлөн Баярхүү явав. Төмөр өвгөн тамхи асаан “Энэ хүү чинь хэн билээ”.
- Манай зоогийн газрын үйлчлүүлэгч. Ажил нь манай ард болохоор хааяа таардаг юм.
- Яриа хөрөөтэй, мэдлэгтэй хүү байна. Хөдөө өвөөгийндөө өссөн гэнэ. Ттом машинтай дайрчих шахан явдаг багачуудаас арай өөр хүн байна. Их л том машин. Үнэтэй золиг байх даа, бодвол.
- За, аав минь дээ. Тэр машин тэрэг яах вэ. Хэдүүлээ оройтож байна шүү. Шинжилгээгээ өгье. Цэцэгээ эмнэлэг дагуулан оров. Хувийн эмнэлэг болохоор хоёул өөр өөр өрөөнд зэрэг зэрэг үзүүлээд цаг хожих нь хоёр хөгшинд сайхан санагдана. Цэцэгээ Баярхүүг зүгээр нэг таараагүй хүлээж байсан болов уу гэсэн таамаг дэвшүүлээд ч амжив. Ямар ч байсан түүнд энэ удаа Баярхүүгийн үйлдэл ер таалагдсангүй. Арга буюу аав, ээжийнхээ хажууд муухай аашилж чадаагүй нь энэ юмсанж. Думаа хөгшин нэг өрөөнөөс гарч ирэн:
- Ийм мөнгө тушаа гэнэ үү. Яасан үнэтэй юм. Та нар шал дэмий юм хийх юм.Улсынхаа эмнэлэгтээ үзүүлчих байсан юм гэж бухимдангуй хэлэв.
-Харин гайгүй байна. Ээж минь та хоёр улсын эмнэлэгт үзүүлнэ гэвэл яаж амжих вэ дээ. Зүгээрээ, мөнгө төгрөг яах вэ. Бидний цуглуулсан хэд хангалттай хүрнэ зүгээр. Дандаа мөнгө ярьж өөрөөсөө харамлаж байдаг сонин хүмүүс шүү. Ганц удаа ярихгүй дуугүй өнгөрөөчихөд яана аа. Эрүүл мэнд л чухал шүү ээж минь. Бусад нь яахав. Думаа хөгшин Цэцэгээгийн ширүүнээр хэлэх өнгийг андахгүй тул чимээгүй болов. Түүнийг хайрласандаа уурлаж байгааг хөгшин ойлгож байлаа.
Өдөржин эмнэлэгээр явсаар үд хэвийжээ Төмөр хөгшин цээж зураг, шинжилгээний бичгээ барьсаар гарч ирэн:
- За нэг юм боллоо хө. Бие ч гайгүй танагтай шүү. Баахан эм л бичиж өглөө. Тамхиа багасагах үүрэг өглөө дөө, эмч.
- Та багасгах биш гарчих л хэрэгтэй байгаа юм даа.
- Харин санаагаар болдог бол тэгмээр л байна шүү, аав нь.
- Гар гар, наад муухай утаанаасаа.
- Думаа чи минь яаав. Шинжилгээ дуран юу гэнэ?.
- Би зүгээрээ. Ходоодны шарх үүсэхээс сэргийлэх юм гэнэ. Бас хэдэн эм бичсээн. Гайгүй шүү.
- Овоо доо хэдэн хүүхдээ сандраачихгүй, сэтгэл амгалан байвал болох нь тэр. Бид ч яахав дээ хөдөөний цэвэр агаар, идэвхитэй хөдөлгөөнтэй, ориг мах хүнс, цагаан идээ хэрэглэдэг хүмүүс. Дархлаа ч сайн байдаг биз. Дасгал хөдөлгөөн их чухал гэнэ. Аав нь өдөржин дасгал хөдөлгөөнтэй хэдэн малтайгаа хөөцөлдчихдөг хүн алзахгүй. Цэцэгээ санаа нь амарсан бололтой. Уужуу амьсгаа аван эмийн сан руу Думаа хөгшинтэй алхав. Харин өвгөн тэр хоёрыг булан тойрох үед өнөө тамхиа асаан сууна.
Думаа: - Ингэхэд хадам ээж чинь эмнэлэгт хэвтсэн гэл үү. Ирж байна уу. Миний охинтой ярих юм уу?
- Тийм ээ, хэвтээд явсан. Хадам аав ирдэг юм. Хөөрхий ач нараа санаад байдаг юм шиг байна лээ.
- Хэр ш дээ, зайлуул яах аргагүй гар дээр нь өссөн юм чинь арга байж уу. Харин юм хум өгөх юм уу. Аав чинь уурлаад байсан, аргагүй байх даа. Ингээд хотод хоосон айлын хашаанд хаячихаар хэн ч уурлах. Ээж нь ч гэсэн хэдэн үг хэлмээр л санагдах юм.
- За юү гэх вэ, ээж минь. Хадам аав их юм өгдөг өө. Манай хадам ээж талийгчаас хойш их сонин болчихсон. Хааяа өрөвдөх ч юм ...
-Ганц хүүгээ алдсан хүн аргагүй биз дээ. Тэгж бодоод л ээж нь дуугүй байна даа. Эх хүн бүгд л ялгаагүй хойно. Харин та хоёрын босгож байгуулсан өмч уг нь хүүхдүүдийнх чинь л юм байгаа юм даа. Сумын төвд барьсан байшин одоо өнгөрөө биз.
- Хадам аав зарж мөнгө болгоод өгье гэхээр нь би дургүйцсэн юм. Баянмөнхийн юм өөрөө том болоод мэдэг гэж бодоод. Тэгээд ч өөрийнхөө гараар босгосон гал голомтыг нь зарж үрж яаж болох вэ. Бид хоёрын хамаг сайхан дурсамж тэнд бий. Думаа охиныхоо харцнаас уйтгар гунигаа нууж амьдралын төлөө сөрж хат суусан бүсгүй хүний ухаалаг араншин болоод үгийг сонсоод дотроо өрөвдөвч бахархах сэтгэл төрнө.
- Танай найз Энхриймаа билүү. Их хөөрхөн ааштай хөөрхөн охин байна шүү. Нөхөртэй юм уу. Аав, ээж нь ямар улс байдаг юм бэ.
- Нөхөр ч гэж дээ. Нэг залуу байсаан. Одоо салчихсан. Аав нь архины хамааралтай хүн бий. Гэртээ очихоор агсан тавиад байдаг бололтой юм билээ. Ээж нь өвчтэй. Хөөрхий минь ядарч яваа юм. Аль болох тус болох санаатай байх юм. Цайлган хөөрхөн бүсгүй байгаа юм.
- Тийм үү,зайлуул даа. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг хүний тавилан таашгүй шүү. Харцнаасаа хүн мэдэгддэг дээ. Их хэрсүү охин харагдсан. Өглөө хүргэж ирдэг хүү чинь хэн билээ. Чи ерь дуугарахгүй юм тэр хүүтэй. Дургүй юм аа даа.
- За, ээж минь юу ярина вэ дээ. Дургүй байхдаа яахав дээ. Зүгээр л танилууд.
- Нас чинь залуу байна даа. Миний охин өөрөө л мэд. Уг нь насны залуу дээр хань ижил...
- Ээж минь дээ юу ярина вэ. Надад тийм сэтгэл үнэхээр үлдээгүй ээ. Миний бүх зүйл ханьтай минь явчихсан. Одоо хэдэн хүүхдээ л бодож амьдарна.
Думаа, Цэцэгээ рүү гуниглах өрөвдөх мөн хайрлах зэрэгцсэн нүдээр харан эх хүний нууцад орших зүрхний нулимсаа дотроо мэлтэлзүүлэн зогсож байлаа.
Өвгөн ханилгасаар эмийн сангийн гадаа ирэв. Цэцэгээ эм танг нь аваад ээжтэйгээ гарав. Төмөр: - Та хоёр яасан их удав. Өнөө хүү ирчихсэн хүлээгээд байна. Чамайг утсаа авахгүй болохоор нь хүрээд ирлээ гэнэ.
- Хэн тэр вэ. Өглөөний машинтай залуу байна уу?
- Тийм ээ.
Цэцэгээ утсаа аван харвал нэг ч дуудлага ирээгүй байв. Гурвуул алхсаар машинд дөхөж ирэв.
Баярхүү: - За та хэдийн ажил бүтэмжтэй юу. Миний ажил ч болчихлоо. Чамайг залгахгүй болохоор зам дагуу ойр явж таараад хүрээд ирлээ.
- Бид болоогүй ээ. Жаахан удна. Чи явж бай даа. Ажилтай байлгүй. Хүлээгээд яахав.
- Би ажилгүй ээ, тарчихсан хүлээж байя. Зүгээрээ санаа зоволтгүй. Ажлаа амжуулаад гараад ир. Төмөр гайхсан янзтай “Үгүй одоо дахиж үзүүлэх юм уу. Уг нь сая хамаг юм аа аваад гарч ирээгүй билүү”.
- Аав аа, та ороод хэзээ ирж үзүүлэхээ асуугаад ирээ. Ээж та энэ эмнүүд нь мөн эсэхийг лалаад асуучих, би хүлээж байя. Хоёр хөгшин эмнэлгийн хаалгаар эргэн оров. Цэцэгээ нилээн чухал царай гарган:
- Чи ингэхэд яагаад байгаа юм бэ. Би чамд хэлсэн шүү дээ. Чи энд хүлээсэн юм уу. Өглөөнөөс хойш хүлээсэн биз дээ. Миний сэтгэлд чамайг багтаах орон зай үнэхээр байхгүй.
- Мэднэ ээ. Би чамайг харахгүй бол энд минь өвдөөд байсан юм гээд зүрхээ дарав.
- Чи жүжиглэх авьяасгүй юм байна. Миний аав, ээжийн хажууд намайг битгий эвгүй байдалд оруулаад бай. Чи явж үз. Чи намайг уурлуулаад байна.
- Би одоо л хүргээд өгчихье. Тэгээд дахиж чамайг хүлээхгүй ээ.
Цэцэгээ үнэхээр уурлажээ. Баярхүү машиндаа суун хөдлөв. Цэцэгээ яагаад ингээд аашлаад байгаагаа ч өөрөө ойлгосонгүй. Ойлгохыг ч хүссэнгүй. Хоёр хөгшин гарч ирэн:
- За болчихлоо, мөн гэнэ. Дараа намраас нэг ирж үзүүлэх юм байна. Өнөө хүү хаачсан бэ.
- Аан, явчихсаан. Ажлаас нь дуудсан гэсэн байх аа. Манай ойр гэр нь байдаг юм.
- Өө, тийм үү. За явцгаая. Маргааш хөдөөнөө буцья даа, аав ээж нь ... Гурвуул автобусны буудал дээр ирвэл Баярхүү хүлээж байсан юм шиг ирээд:
- За явцгаах уу. Энд хүнтэй уулзаж, юм өгчихөөд байж байлаа. Зам угаасаа нийлэх юм чинь хамт л явцгаая. Тийм биз дээ. Настангууд автобусанд зогсоод ядарна. Ямар хол билээ дээ.
- Зам нийлэх юм бол харин ч сайн хэрэг. Манай хүү уг нь ирэх ёстой юм. Ажил нь амжихгүй байгаа юм байхдаа. Цуг дөхье дөө, хүүхээ. Баярлалаа.
Цэцэгээ юу ч дуугарсангүй. Харин Баярхүүд яагаад ч юм үнэхээр их уур нь хүрнэ. Думаа хөгшин өвгөн залуу хоёрын ярианд оролцон бас ч үгүй хэдэн юм асуугаад амжив. Цэцэгээ мөн л дуугаралгүй явсаар гэртээ ирэв. Өвгөн, эмгэн хоёр баярласнаа хэлээд буув.
Баярхүү Цэцэгээтэй юм ярих гэж яриа өдсөнгүй. Сайхан амраарай гээд инээмсэглээд яваад өгөв. Гэрийн хэд гэртээ ороход халуун хоол халуун дулаан инээмсэглэлүүд угтав. Думаа зээ нараа эрхлүүлэнэ. Энхриймаа:
- Дэлгэр хаачсан бэ. Сая машин дугарсан, Дэлгэр биш юм уу?
- Биш ээ,охин минь. Өнөөдөр сураггүй л байна. Баярхүү гэсэн хөөрхөн ааштай хүү хүргэж өгөөд бүр буцааж хүргэж ирлээ.
- Баярхүү гэнэ ээ. ... Аан тийм үү?
- Миний дүү танидаг юм уу?
- Манай ажлын ойр ажилтай, байнга орж ирж хоол иддэг юм. Танинаа ...
- Зөв зөв. Энхриймаа Цэцэгээ рүү гайхсан харцаар харав. Цэцэгээ чихэнд нь:
- Тийм ээ, хүргэж ирсэн уур хүрээд байна. Ёстой хэлэх үг олдоогүй. Ээж, аавын хажууд юу ч дуугарч чадсангүй.
- Сайн л хэрэг. Уурлаад байхдаа яадаг юм. Тус болъёо л гэж бодоо биз хөөрхий ...
- Айн, чи хэлсэн үү. Бид гурвыг гарахад, буудал дээр очиход зогсож байсан ..
- За үгүй ээ. Өчигдөр худгаас ус авч байхад Баянмөнхтэй таарсан гэсэн. Би юу гэж дээ. Цэцэгээ тэр даруй ойлгон “тийм байдаг байж” хэмээн бодоод хоолоо идэхээр ширээнд суув.
Дэлгэрбаяр үдшийн харанхуйтай уралдан орж ирэв.
- Өнөөдөр их ажилтай байлаа. Та нарын минь ажил бүтэмжтэй юу. Бие хаагаа үзүүлсэн үү? - Үзүүллээ хүү минь, маргааш ээж бид хоёр нь буцая даа. Зах орж юм цуглуулна. Чи амжих уу. Эгч чинь ажлаа хэд хоног алдчихлаа. Одоо очихгүй бол болохгүй биз...
- Тэгнээ би маргааш амарна. Гэхдээ та хоёр юунд яараав. Жаахан байж байхгүй.
- Мал ахуй хэцүүдлээ. Тэгээд ч зорьсон ажил бүтсэн хойно болох нь тэр ..
- Тэгвэл манайх руу явцгаах уу даа.
- Тэгье дээ. Урнаа эгчийнд чинь замдаа орчихоод явцгаая. Хэдэн ачаа санаж байна. Гомдчихож мэднэ, хөөрхий минь. Уяхан хүн байгаа юм.
- Тэгэлгүй яахав. Нээрээ гомдчихно шүү эгч.
Хоёр хөгшин хүүхдүүдээ үнсээд гэрт хөдөлцгөөв. Энхриймаа инээмсэглэн:
- За хэдүүлээ хөзөр тоглоцгоох уу. Та нар минь яагаад унжийчих ваа. Зун энэ дүү нь гараад ирэхээр хэдүүлээ цуг хөдөө явцгаана аа. Баярцэцэг инээмсэглэн амлаж байгаа биз дээ. Та төрсөн ч гэсэн энд бидэнтэй байна биздээ. Хөөрхөн дүүг гараад ирэхээр хаяад явчихав даа.
- За юу гэж дээ. Энэ Баярцэцэг сүрхий охин шүү. Эгч нь эндээ байна, та нартайгаа.. Энхриймаагийн томбойсон гэдсийг хүүхдүүд илэн өхөөрдөн ярилцах нь эгдүүтэй. Цэцэгээ ч инээмсэглэн хөзрөө гарган тоглоцгоов. Цэцэгээгийн аав, ээж нутаг буцаад сарын хугацаа өнгөрчээ.
Дулааны улирал айсуй хашааны эзэн өвгөн, эмгэн хоёр ч ирэх дөхсөн нэгэн өглөө Бумаа хашааны хаалга онгойлгон машинаа оруулж гэрт орж ирэв.
- За сайн байцгаана уу. Өө, манай Баярцэцэг. Хар өглөөгүүр хичээлээ хийгээд, сүрхий хүүхэд шүү. Манай түлхүүр...
- Сайн байна уу. Та ямар удаан ажилдаа явав аа. Түлхүүр шүүгээнд баий. Мод амбаарт байгаа. Та тэндээс түлээрэй .
- Ээж нь ажилдаа явчихсан юм уу. Ах нь нэг мөр нэг сар амрах гээд гүрийчихлээ. Ах нь бэлэгтэй ирсээн. Дүү нарыг нь сэрэхээр ороод ирье, ок. Баярцэцэг инээмсэглэн толгой дохив. Энхриймаа сэрсэн хэдий ч унтаж байгаа дүр үзүүлэн хэвтжээ. Нилээн удсны дараа Бумаа дахин орж ирэн хүүхдүүдэд чихэр, боов мөн тоглоом өгөн зурагтны удирдлага барин суув. Энхриймаа арга буюу өндийвөл Бумаа:
- Сайн байна уу. Та хэдээр сонин сайхан юу байна. Одоо ч дулаараад сайхан болж байна шүү, тийм ээ.
- Сайн сайн. Чи хэзээ ажлаасаа буугаав. Аав, ээж чинь удахгүй ирэх сураг гарч байсан.
- Аавын бие барагтай. Эмнэлэгт хэвтсэн. Одоо дүүг ирэхээр явах гээд хүлээж байна.
- Өө тийм үү. Яагаа вэ. Хэд хоногийн өмнө Хоролоо эгч Цэцэгээтэй ярьсан гэсэн. Юм дуулдаагүй дээ.
- Саяхан гэнэ ээ. Би ч яаран сандран ирлээ хө. Чиний бие сайн биз дээ. Хөөрхөн мярайлжээ бас.
- Сайн сайн, харин тийм ээ. Тэгэлгүй яахав дээ. Хоёр сарын дараа төрөх юм чинь. Хашааны хаалга дуугарах дуунаар Бумаа гэрээс гарав. Баянмөнх дагаж гарч Бумаагийн гарт өвгөний өөрт нь өгсөн азын чулууг атгуулан “Та Цэнд өвөөд энийг өгчихөөрэй. Эмнэлэгээс хурдан гараад ирээрэй гэж хэлээрэй. Бид нар хүлээж байгаа шүү”.
Баянмөнх Дамдин хөгшний гар дээр өссөн болоод ч тэр үү, Цэнд өвгөнтэй их дотно. Бараг найзууд шиг тоглоцгоодог юмсанж. Бумаа сэтгэл нь хөдлөн Баянмөнхийг тэврэн “Заавал хэлнэ э,э ойлголоо миний дүү. Ах нь орой ирнэ ээ” гээд явав.
Ийн бүгд хичээл сургуульдаа явцгаан үд болжээ. Энхриймаа Баянжаргалыг цэцэрлэгээс авч гэрийн зүг алхана. Цэцэгээ эрт тарсан бололтой зам тосон ирээд
- Миний найз утсаа гэртээ үлдээсэн юм уу. Орой би эрт тарвал Баянааг авъя гэж хэлсэн биздээ. Чи минь энэ эвгүй бартаатай замд ойччихвол яаана, бурхан минь. Ер нь Баянаагаа гэрт нь байлгая даа.
- Харин ч хөдөлгөөн сайн гэсэн шүү. Би яах ч үгүй ээ. Энэ гутал найдвартай, хальтрахгүй. - За ёстой худлаа, найз нь айж байна аа. Баянжаргал миний охин одооноос гэртээ том гэдсэнд байгаа дүүгээ хараад байж байх нь байна шүү дээ. Гоё байгаа биз ...
- Тийм ээ гоё. Гэртээ хичээлээ хийж болох болов уу?
- Бололгүй яахав, ээж нь багшаас нь даалгаврыг нь авчихна аа.
Энхриймаа, Цэцэгээгийн дух болон шанаанд хөлс бузайсан байхыг хараад өөрт нь санаа зовсондоо гүйж шахуу ирсэн нь илхэн байв. Гурвуул гэртээ ирэхэд Баярцэцэг уйлчихсан Баянмөнх алга байв. Цэцэгээ гайхан “Миний охин яасан юм бэ. Юу болов, дүү нь хана байна вэ”.
- Цэнд өвөө .... Өвөө бурхан болчихсон гэнэ ээ. Ээжээ .... өвөө өнгөрчихөж...
- Юу гэнэ ээ. Хэн тэгж байна. Саяхан Хоролоо эгч ярьж байсан юмсан .. Арай үгүй байлгүй дээ, хөөрхий минь.
Энхриймаа орон дээр суун:
-Өглөө Бумаа ирсэн. Яаран сандран ирсэн гэсэн. Хөөрхийдөө, яагаад гэнэт явчихав даа. Бумаад бие нь муу байна гэж хэл хүргэж дээ. Ямар хэцүү байгаа бол доо.
- Бумаа ирэх ээ. Хөөрхий минь ямар сайн хүн байлаа даа. Цэцэгээ хоолой нь зангиран Баянмөнх хайчсан юм бэ, миний охион ...
-Хойно байшинд байгаа. Бумаа ахтай ...
Цэцэгээ байшинд оров. Бумаа орон дээр эхэр татан жаахан хүүхэд мэт уйлж байх нь үнэхээр сэтгэл эмтэрмээр харагдана. Харин Баянмөнх орны хөлд нь нулимсаа арчин сууж байв. Цэцэгээ юу ч дуугарсангүй гараад явчихав.Хагацал зовлон ямар байдгийг өөрийнхөө зүрх сэтгэлийн гүнд мэдэх учир Бумаад энэ чимээгүй орчин одоо ямар их хэрэгтэйг мэдэхийн дээдээр мэдэж байв. Удалгүй хүмүүс ирж байшинд орцгоов. Хоролоо хөгшин ч иржээ. Цэцэгээ гэрээс гаран эмгэн урд очин “Юу болчих нь энэ вэ, эгч минь” гэсээр хоолой зангируулан хэлээд тэврэв. Эмгэн нулимсаа барьж ядан “Бумааг харав уу. Хөөрхий минь хаачив даа”.
- Энд байшинд байгаа. Бумаа саяхан уйлж байсан ч царайгаа засан уйлаагүй мэт зүв зүгээр гарч ирэн ирсэн эрчүүдтэй хаалгаар гаран явцгаав.
Ийнхүү Цэндээхүү хэмээх эгэл жирийн цайлган цагаан сэтгэлтэй хөгшин өөд болж хэсэгтээ гунигийн мананд хашааны хоёр айл автажээ. Энэ явдлаас хойш Бумаа ч хөдөө ажилд явахаа байж ээжийнхээ хажууд байх болов. Цаг хугацаа урсан нэг л мэдхэд уйтгар, гуниг далдын гүнд орж нуугдсан байлаа. Харин өнөөдөр зургадугаар сарын 15-ны өдөр бөгөөд шинэ хүнээ хүлээж авахаар хашааны хоёр айл сэтгэл догдлон чимээ аниргүй сууцгаана.
Энхриймаа төрөх эмнэлэгт харин гадаа нь Цэцэгээ болон хүүхдүүд мөн Бумаа сууж байв. Харин Хоролоо эмгэн шөл бэлдэх гээд гэртээ үлджээ. Бүгд чимээгүй сууцгаах агшинд хүүхдийн хоолой цангинан дуулдах нь зөн совингийн чихэнд нь цуурайтан сонсогдон аниргүйг эвдэн цочоов. Цэцэгээ босон хэн нэгнийг хүлээн харна. Удалгүй сувилагч ирэн “Энхриймаагийн ар гэрээс хүн байна уу?”.
- Байна гэсээр бүгд очвол:
- Баяр хүргэе. Та нөхөр нь үү. 3.200 кг охинтой боллоо. Эх, үр сайн. Одоо шөл, цайгаа бэлдээрэй гээд Бумаа руу инээмсэглэн хэлээд яваад өгөв. Цэцэгээ хүүхдүүдээ тэврэн үнсээд баярын нулимсаа барьж ядна. Харин цаана сууж байсан эр босон охин минь гээд уйлж эхлэв. Архи үнэртсэн түүнийг Цэцэгээ танив. Энхриймаагийн аав нь мөнөөс мөн байв. Тэрбээр Цэцэгээ рүү харан:
- Охин минь ээж болчихлоо шүү дээ. Удахгүй дүү нар нь ирэх байх аа. Ах нь явъяа даа. Согтуу ачтайтайгаа уулзахгүй шүү гээд гуйвсаар гарч одов. Энхриймаагийн ээж эмнэлэгт хэвтэж байгаа болохоор ирж чадахгүй. Харин аав нь хаанаас яаж мэдэж ирсэн нь таашгүй. Тэгсэн ч тэр аль хэдийн ирчихээд хүлээж байсныг анзаараагүй юмсанж...
/Хоёрдугаар бүлэг тун удахгүй орох тул уншигчдаасаа хүлцэл өчье./
Хард овогт Ц.Билгүүн
Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997
Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021
Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034
Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048
Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060
Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312
Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127
Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143
Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148
Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160
Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177
Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199
Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232
Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253
Дараагийн зохиолыг дараах холбоосоор уншина уу!!!!
Амьд бус амьдрагсад-1 https://www.24tsag.mn/a/183289
Амьд бус амьдрагсад-2 https://www.24tsag.mn/a/183359
Амьд бус амьдрагсад-3 https://www.24tsag.mn/a/183384
Амьд бус амьдрагсад-4 https://www.24tsag.mn/a/183388
Сэтгэгдэл (129)