Үргэлжлэл нь...
Цэцэгээ их л жаргалтай харагдана. Энхриймаагийн сэтгэл гунигаар дүүрсэн ч инээмсэглэн зогсоно. “Миний хувь заяа ийм юм байж. Баярхүү ч сайн залуу даа. Гэвч одоогоор Цэцэгээд түүнийг илчлэх тохиромжгүй цаг” гэж бодно. Өдөржин тоглосон хэд буцах болж бүгд Баярхүүгийн гэрийнхэнтэй салах ёс хийн баярласнаа хэлэв. Төрөө мөн л хүргэж өгөхөөр хөдлөнө.
Цэцэгээ инээмсэглэн: - Төрөө баярлалаа. Миний найз, ёстой гоё өдөр байлаа .
- Зүгээр дээ. Хааяа хэдүүлээ эрүүл агаарт гарч байя л даа. Баярцэцэгээ зөвшөөрч байгаа биз дээ.
- Тийм ээ, зөвшөөрч байна. Ёстой гоё юмаа. Дахиж хэзээ ирцгээх вэ?
- Удахгүй ээ. Ах нь ажлаа зохицуулаад ирж авна аа. Ингэхэд Цэцэгээ манай Баярхүү ямар санагдав. Их сайн залуу даа?
- Ямар санагдав гэж юу гэсэн үг үү. Нүдэнд дулаахан л залуу байна.
- Аан, зүгээр л анхны харцаар дурладаг гэж үнэн болов уу?
- Хэхэ, би яаж мэдэх вэ дээ. Яасан, сонин юм асуугаад л айн.
- Зүгээрээ, Энхрий найз нь маргааш амарна. Хоёулаа кино үзвэл ямар вэ?
- Би маргааш завгүй ээ. Баянмөнх инээн “Та өдөржин гэртээ байдаг байж, юун завгүй вэ. Би ч гэсэн кино үзмээр л байна. Даанч ээж ажилтай явахгүй байх өө”.
- Тэгвэл Баярцэцэгийг аваад хэдүүлээ явцгаая. Ах нь ажлаа дуусгаад яваад ирье.
- Хөөх, баярлалаа. Энхриймаа эгчээ тэгэх үү л дээ. Энхриймаа хүүхдийн гуйлтанд татгалзаж чадсангүй. Ийнхүү гэртээ ирэн орцгоов. Төрөө ч явав. Энхриймаа гэртээ орж галаа түлэн.
- Өлсөж байх чинь вэ. Бургер идсэн чинь юм болохоо байжээ.
- Тэгнэ дээ, одоо ч идэж өгнө шүү дээ. Бас таргалана.
- Таргалахаа, тэгвэл болилоо. Нээрээ Бундмаа авгай шиг болчихвол яанаа.
- Юм идэхгүй яаж болох вэ. Бундмаа эгч фитнест явж байгаа гэсэн.
- Тэр турах уу. Инээдтэй юм. Нээрээ намайг ажиллаж болно гэсэн үү?
- Тиймээ, яасан.
- Тэгвэл дулаархаар ажил хийдэг юм билүү.
- Найз минь, гэдэс чинь тэр үед томорчихсон байна. Зүгээр л хүүхдээ эрүүл саруул гаргахад анхаараад гэртээ байж бай. Ажил хийнэ гэнэ шүү.
Энхриймаа нээрээ ч тийм дээ гэсэн харцаар харан орон дээр хэвтэв. Баярцэцэг болон хүүхдүүд хичээлээ хийн сууна. Цэцэгээ жаахан оёж хатгах ажилдаа оров. Тэрбээр Баянмөнхийн урагдсан хувцас хунарыг л оёж шидэж суудаг юмсанж.
- Баянмөнх өө, чи ингэхэд хувцсаа урахгүй ганц өдөр ирэхгүй хүн юм аа. Яагаад дандаа ингэдэг юм бэ. Би багштай чинь уулзсан шүү. Зодоон цохион хийгээд байвал ярьшиг шүү, чи сайхан мэдээрэй.
- Зодоон хийгээгүй ээ. Юу гэж дээ ээж. Баярцэцэг инээмсэглэн “Энэ ангийнхаа атаман ч гэл үү. Хөөрчихсөн хэдэн юм дагаад л. Энэ л болсон хойно зодолдохгүй юу гэж байхав дээ”.
- Хэзээ би зодолдсон юм. Худлаа яриад л...
- Үнэн биз дээ. Сургуулийн ард бөөн хүүхэд байхаар нь очсон чинь танай ангийнхан зодолдож байсан биз дээ. Намайг харчихаад зугтааж мугтаагаад л би харсан шүү.
- Худлаа яриад байгаарай, хэзээ би.....
-За за, дуугай байцгаа. Баянмөнх өө дахиж тийм юм сонсмооргүй байна шүү. Чи нэг хүний хүүхдийн толгой тархи хагалж намайг зовоов доо айн. Энэ сум чинь биш шүү. Ноднин яаалаа, санаж байгаа биз. Өвөөгөө цагдаагийн үүд сахиулаад л. Тэр хүүхдийн нүд сохорсон бол бид ингээд байж байхгүй л байсан байх шүү. Сайхан мэдээрэй, чи .... Баянмөнх юу ч дуугарсангүй. Орой ч болж бүгд дуг нойронд автжээ. Энхриймаа босон Цэцэгээгийн шидэж байгаад орхисон хувцснаас оёж сууна.
Цэцэгээ өндийн суун:- Миний найз яах нь вэ?
- Зүгээрээ, энэ дандаа өмднийхөө салтааг урах юм аа.
- Багын ийм хүүхэд байсан юм, хэхэ.
- Юун зодоон цохион гээд хүүхэд загнаад байв даа, чи.
- Аан, харин багштай нь уулзсан юм аа. Манай энэ хэрэг мандуулсан юм байх. Аавыгаа өнгөрснөөс хойш их эмзэг болчихсон. Нулимс нь хол хүүхэд юм даа. Хүүхдүүд аавгүй, аав чинь хаана байна гэдэг бололтой юм. Хотын хүүхдүүд их айхтар юм аа. Хэл ам нь гүйцэгдэхгүй. Жаахан юм байж шүү.
- Тийм шүү, айхтар айхтар. Томроод ирэхээрээ ойлгоно биз дээ. Манай дүү ч гэсэн дээ, их л хэл ам таталдаг байлаа. Одоо харин хөөрхий амьдралын эрхээр ухаан суусан бололтой харагдсан.
- Тийм дээ. Жаахан байна даа, миний муу хүү. Баярцэцэг ч яах вэ, ил нулимстай. Намайг дуурайсан. Харин Баянмөнх зодуулсан ч нэг их уйлахгүй, шүдээ зуугаад л босоод ирдэг. Яг аав шүү. Ханьтайгаа багахан хэрэлдээд авдагсан, Баянмөнхийг жигтэйхэн өмөөрнө шүү дээ.
- Тэгэлгүй яахав дээ, ганц хүү нь хойно.
- Харин одоо гар хүрэх гээд ч чадахгүй юм. Хөөрхий хань минь нүдэнд харагдаад. Цэцэгээ илхэн хэдэн дусал бөнжигнүүлэв. Энхриймаа хажууд нь суун мөрөөр нь тэврэв. Хоёр найз хэсэг үг үгүй суув. Цэцэгээ босон “Маргааш найз нь эрт яваад ирье. Мминий найз Төрөөтэй явж кино үз”.
- Үгүй ээ, яах юм бэ одоо. Найз нь тэр хүнтэй яаж хамт байх вэ дээ. Угаасаа өнгөрсөн бүх зүйл.
- Яаж хүнд худлаа хэлж болох вэ дээ.
- Тэгвэл хүүхдүүдийг авч явна аа. Баянмөнх дуртай байна лээ.
- Та хоёр хоёулахнаа байсан нь дээр биз дээ. Цаадахтайгаа сайн ярилцаад үз.
- Ярих юм байхгүй дээ найз минь. Манай хоёр 17.00 гээд тарна. Тэрнээс өмнө ирээрэй .
- Чи л муу хүүхдүүдийг минь аялуулах юм даа. Найз нь чамдаа баярлаж байгаа шүү.
- Тэр яах вэ дээ. Баянжаргалыгаа цэцэрлэгт өгөхгүй бол болохгүй байхаа. Найз нь хүргэж өгөөд аваад байя. Чи нэг цэцэрлэг хайгаач хө.
- Харин тийм ээ, хэлээд юүхэв. Ийн зугаатай хөгжилтэй нэгэн өдөр өнгөрөв. Цэцэгээ өглөө босон ажилдаа явдагаараа явна. Гадаа хүйтний эрч чангарч байгаа нь мэдрэгдэнэ. Автобусны буудал дээр автобус хүлээн зогссоор. Гэтэл нэгэн машин хажууд нь зоссон нь өчигдөр бааз дээр байсан Баярхүү байлаа. “Суучих, би дөхүүлээд өгье. Танайх энд байдаг юм уу” гэх нь сонсогдов. Цэцэгээ ч танимхайран машинд суун дулаацан:
- Сайн байна уу. Та яаж намайг танив. Гадаа ч хүйтэн байна шүү. Танайх бас энд байдаг хэрэг үү?
- Үгүй дээ, манай аав, ээжийнх энд ойрхон байдаг юм. Би бас ажилдаа явж байна.
- Аан, би ч гэсэн.
- За явцгаах уу. Чамтай таардаг нь болж. Гадаа бас л хүйтэн байна шүү. Гэрээсээ гарахдаа хэлчихэж байхгүй юу даа. Би голдуу аав, ээжийндээ байдаг юм шүү дээ.
- Тийм үү. Аан ..... Ийн хөдлөн явцгаав. Цэцэгээ ажил дээрээ ирэн ажилдаа шуурхайлан орлоо. Шинэ оны ажлын эхний өдөр үйлчлүүлэгч цөөн байв. Тэднийд шинэхэн зөөгч охин ажилд оржээ. Цэцэгээ дээр ирэн:
- Сайн байна уу. Та Цэцэгээ эгч үү. Би өнөөдрөөс ажилд орж байгаа юм. Бундмаа эгч таниас хийх ажлаа асууж заалгаж байгаарай гэсэн юм.
- Сайн байна уу. Аан тийм үү. Ингэхэд өдрийн ээлж үү. Эсвэл 24/24 цагаар уу?
- Мэдэхгүй ээ, надад бол хамаагүй ээ. Гэр энүүхэнд ойрхон.
- Аан за за, миний дүү эхлээд хоолны заалаа цэвэрлэнэ дээ. Алив нааш ир Цэцэгээ шинэ охинд юунаас эхлэх гээд хийх зүйлийг нь зааж өгөхөд дуулгавартай аргагүй сонсох Соёлоо гэх энэ охин ихэд таалагдав. Бундмаа, Цэцэгээг өрөөндөө дуудан оруулаад:
- За шинэ охин ямар санагдав. Манай найзын төрөл садан охин гэнэ. Өнчин өрөөсөн юм гэнэ, зайлуул. Манай хойд талын цагаан есөн давхарт өвөө, эмээтэйгээ амьдардаг гэсэн. Чи л сайн юм зааж өгнө дөө.
- Өө тийм үү. Би ч одоо юу заах вэ дээ. Даанч их чих зөөлөн хүүхэд байсан юм. Өвөө, эмээ дээрээ байдаг байх нь ээ.
- Тийм ээ, чи чинь манай сайн ажилчдын нэг гэж бодож явдаг шүү. Энхриймаагийн бие сайн биз дээ.
- Сайн сайн, манай хүүхдүүдийг хараад л. Харин ч санаа амар байна .
- Болж болж. Ингэхэд Бүрнээ ч ёстой новшийн залуу юм даа. Их дэлгүүрт надтай таарсан. Нэг охин хөтлөчихсөн явна лээ. Ёстой хэлээ хазаад өнгөрөөсөн дөө.
- Айн, ямар зэвүүн шаар вэ. Цэцэгээ өрөөнөөс гарч Бүрнээг зэвүүцэхийн ихээр зэвүүцнэ. Соёлоо хүн болгонтой эгчээ хэмээн инээмсэглэн ажлаа хичээнгүйлэн хийх нь Цэцэгээд үнэхээр их таалагдана. Өдөр нар хэвийх үед Төрөө орж ирэн хоол идээд:
- Чи хэзээ тарах билээ. Хоёулаа цуг явна шүү.
-Удахгүй ээ, ингэс гээд явна аа. Хүн ч цөөхөн байна.
- Танайх шинэ зөөгчтэй болоо юу?
- Чи царайлаг охидыг бас хараад явдаг юм биш биз дээ. Эрчүүд ч муухай ус юм аа. Бүр нэг....
- Юу, чи чинь яагаа вэ. Гэнэт уурлаад яасан бэ?
- За за, тэр ч яахав. Танай найзтай өглөө автобусны буудал дээр таарсан.
- Аан тийм үү. Тэр тэнд юу хийж явдаг байна.
- Мэдэхгүй ээ. Аав, ээж нь тэнд байдаг юм биш үү?
- Аав, ээж нь ээ. Баруун 4 замд байдаг гэж байсан даа. Нүүчихдэг юм байхдаа.... Хэсэг бодлогоширсноо “Аан, тийм тийм. Нээрээ танай цаана байдаг байх шүү. Би аль дээрийн байсан газартай нь андуурчихаж”.
- Хааяа өглөө автобус хүлээхгүй амар ч юм уу. Ажил нь манай хойно юм байна лээ.
- Тийм ш дээ, энэ хойно. Амар, тэртэй тэргүй нэг газар, зам нийлдэг юм чинь ...
- Өөрөө ч тэгж байна лээ. Харин буруугаар бодох вий дээ.
- Юу бодох вэ дээ. За за, ажлаа дуусаад манай ажлаар ороод ирээрэй. Цэцэгээ залуу охинтой ойр зуур юм ярин аяга кофе уун амсхийнэ. Соёлоо байн байн утсаа аван мессеж бичихийг анзааран:
- Чи чинь утсаа хараад л инээгээд байх юм.
- Манай найз банди. Энэ жил хоёрдугаар курс хичээл дээрээ байна. Орой ирнэ гэнэ ээ.
- Бас найз залуутай. Чи чинь сургуульд элсээгүй юм уу?
- Энэ жил жилийн чөлөө авсаан, дараа жил сурна даа. Та хэдэн хүүхэдтэй вэ?.
- Эгч нь гурван хүүхэдтэй.
- Айн, тийм гэж үү. Ингэхэд та хэдэн настай юм.
- Миний насаар яах нь уу. Хэдтэй юм шиг байна .
- 25, сайндаа л 27 байх.
- Эгч нь 34 хүрч байна.
- Үгүй байлгүй дээ. Цэцэгдэлгэр инээмсэглэн:
-Чи хэдэн настай хүүхэд вэ?
- Би энэ жил 19 настай. Цэцэгээ энэ охиноос өөрийнхөө залуу гэнэн томоогүй хир буртаггүй цайлган насаа харан “Нээрээ л ийм охин байж дээ. Жаахан юм байж юун найз залуу гээд л гэрийнхэндээ загнуулдагсан. Хань минь ч жаахан байж дээ. Гэхдээ л одоо гурван сайхан хүүхдийн ээж болчихсон ингээд сууж байна шүү дээ. Хөөрхий охин ямар хүнтэй найзладаг юм бол доо. Бүрнээ шиг залуу таарчих вий” гэсэн айдас бас бүрхээд авав.
Үд болж Цэцэгээ Төрөөтэй хамт гэрийн зүг явав. Гэрт орвол Баянмөнх, Баярцэцэг хоёр хувцсаа өмсчихсөн хүлээж байв. Энхриймаа ч мөн нүүрээ аль хэдийн будчихсан харагдав. Цэцэгээ:
- За томоотой байгаарай Баянмөнх өө. Ийш тийшээ алга болчихов. Энхриймаагийн үгэнд орно шүү, за юу?
- Ойлголоо. Баянжаргал гайхсан нүдээр:
-Ээж бид хоёр явахгүй юм уу?
- Хоёулаа дараа бүр гоё газар руу хамт явна аа. Дандаа хүүхдүүд байдаг гоё газар очно за юу, миний охин.
Ийн гэрийн гурав Төрөөтэй явцгаав. Энхриймаа хэдий дургүй байвч хүүхдүүдийн хөөрч баярласан царайг хараад мөн адил инээмсэглэнэ. Нилээн орой болж Цэцэгээ Баянжаргалыг унтуулаад оёж дуусаагүй хатгамлаа барин зуухныхаа өмнө суун нөгөө явсан хэдийгээ хүлээнэ. Хаалга дуугарч инээд алдсан хүмүүс орж ирэв. Баянмөнх баярлан ёстой гоё байлаа шүү. Тэр тоглоомнууд нь ямар гоё гээч. Ээж та очиж үзээрэй үгүй ээ. Дараа таны цалинг буухаар хэдүүлээ цуг явцгаая. Баянжаргалыг авч явдаг байж, ёстой гоё байлаа.
- Таалагдсан бол болж дээ. Чи ч зөндөө тоглоо биз, миний охин харин яаав. Таалагдсан уу?
- Тийм ээ, гоё газар. Том дэлгэцээр кино үзэх гоё санагдсан харин аймар чанга дуутай юм байна лээ. Энэ Баянмөнх Төрөө ахыг зөндөө шатаасаан. Үнэгүй тоглоом нэг ч байхгүй байхад гоё юмаа гээд л салж өгөхгүй байгаа юм даа, ичмээр гэдэг нь.
- Ээж нь мөнгө өгөө биз дээ. Төрөө ах авахгүй байна лээ. Энхриймаа хувцсаа солин толины урд суун нүүрний будгаа арилган:
- Дахиж Төрөөтэй уулзаад дэмий гэж бодлоо. Миний найз ч гэсэн уулзаад яах юм гэж хэлээрэй. Надад тийм ч таатай биш байна.
- Яагаа вэ. Та хоёр ярилцаагүй юм уу?
- Үгүй ээ, юу ярих вэ дээ. Ингээд л больё . Цэцэгээ найз нь тоглоогүй байна. Энэ нь дээр Цэцэгээ Энхриймаагийн нүднээс үнэхээр шийдсэн болохыг олж харан толгой дохив. Харин Энхриймааг унтахаар хэвтсэний дараа Баярцэцэг ээжийнхээ чихэнд шивнэв.
- Төрөө ах Энхриймаа эгчтэй хамт амьдаръя гэсэн. Тэгээд гэрлэх талаар ярилцаж, бөгж өгсөн. Гэхдээ Энхриймаа эгч аваагүй. Ариун цэврийн өрөөнд удаад байхаар нь би ардаас нь очтол Энхриймаа эгч уйлчихсан байсан. Би их гайхсаан. Төрөө ах Энхриймаа эгчийн гэдсэнд байгаа хүүхдийн аав нь биз дээ. Миний охин унт даа, даарчихлаа. Миний охин том хүмүүсийн зарим яриаг битгий сонсож бай. Муухай байдаг юм шүү.
- За, ээжээ сайхан амраарай. Цэцэгээ Энхриймаагийн оронд байсан бол би ч бас ингэх байсан байх даа. Гэхдээ Төрөө ч харин эр хүн юм даа. Зарим нэг эрийн оронцогууд байх юм даа. Төрөө минь сайн залуу юм даа. Би Төрөөгийн оронд байсан бол ингэж хайрлаж чадах болов уу гэх зэрэг бодолд автана. Харин цаад орон дээр Энхриймаа нусаа шурт татах нь нулимс унаж байгааг илтгэнэ. Цэцэгээ энэ удаа аргадсангүй.
Энэ өдрөөс хойш урин цаг наашлан Баянжаргал ч цэцэрлэгт явах болж Энхриймаа түүнийг хүргэж өгч авна. Цэцэгээ ч ажилдаа хүүхдүүд хичээлдээ явсаар. Өдөр хоног өнгөрсөөр. Дамдин хөгшин сүүлд ирсэн өдрөөс хойш сураг алдарчээ. Цэцэгээ дахиж ирээгүйд нь гайхсан хэдий ч Баярмаа ирүүлээгүй байж болох гэсэн дүгнэлтэнд хүрэв. Баярхүү гэх залуу өдөр бүр шахуу автобусны буудал дээр Цэцэгээг хүлээн зогсох нь эхэндээ нэг их сэтгэгдэл төрүүлээгүй ч одоо харин ямар учиртайг нь хэлж мэдэхгүй хэрнээ гайхах болжээ. Нэгэн өдөр ажлаасаа ирвэл Гансүх гэрийнх нь гадаа мод хагалан зогсож байв.
Цэцэгээ гайхсан нүдээр: - Сайн байна уу. Чи чинь юу хийж яваа билээ. Танайхан сайн уу?
- Сайн сайн, харин тантай уулзах санаатай.
- За ямар хэргээр билээ, орцгооё.
- Үгүй ээ хоёулахнаа ярих юм байна. Хадам аав тэр даруй буцсан. Хэдэн малдаа сэтгэл нь тогтохгүй хөөрхий. Хадам ээж эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн.
- Өө тийм үү. Манайхаар ирнэ гэсэн хүн таг болчихоор нь гайхаж л суулаа.
- Тэр ч тийм шүү. Очно гэж ярьж байгаад гэнэт буцсан.
- Ээжийн бие сайн уу. Яагаа вэ?
-Ээж сайн, гайгүй шүү. Овоо дээрдсэн, хүүхдүүдийг харах юмсан гээд л ярих юм. Та нэг очооч манайхаар. Баярмааг нэг удаа өршөөчих л дөө, эгч минь. Би сайн хэлсэн.
Цэцэгээ үг дуугүй гэртээ оров. Гансүх удалгүй ардаас нь орж ирэв. Цэцэгээд цүнхнээсээ мөн дугтуйтай мөнгө өгөөд:
- Ямар ч байсан дүү нь ахаасаа авсан мөнгөө өгч дуусгана аа. Та сайн бодоорой эгч минь. Баярлах л байх гэж хэлээд явав. Цэцэгээ санаа алдан хадам ээжийгээ өрөвдөх сэтгэл төрнө. Энхриймаа ч дуугүй байсангүй:
- Энэ залуу нөгөө айхтар хүүхний нөхөр үү. Тэр хүүхэн нь ирсэнсэн бол би нэг сайн юм хэлье гэж бодож байлаа. Ийм дажгүй залуутай учирдаг азтай хүүхэн юм аа.
- Хадам ээж эмнэлэгт хэвтээд гарсан сурагтай. Нэг очиж эргэе дээ.
- Юу, би ойлгохгүй юм. Чи зүгээр орхиж болдоггүй юм уу?
-Юу ч мэдэхгүй жаахан охин очиж байхаас ижилдэн дассан сэтгэлийг яалтай. Миний хань ч дээрээс харж байгаа биз. Яаж би орхиж төвдхөв. Гурван ач нь байж байхад уг нь сайн хүн шүү.
- За, мэдэхгүй юм аа . Өөрөө л мэд.
Цэцэгээ амралтын өдрөөр очихоор хүүхдүүдтэйгээ ярилцжээ. Амралтын өдөр ч болж Цэцэгээ Төрөөгөөр Гансүхийн гэрт хүргүүлэв. Хаалга тогшивол хэн бэ гэх хадам ээжийнх нь дуу мөнөөс мөн сонсогдоно. Хаалга нээж өгөөд Цэцэгээ рүү нэг их сайхан харсангүй. Харин хүүхдүүд рүүгээ инээмсэглэн “Хүүе, миний үрс чинь. Алив нааш ир” гээд бүгдийг нь тэвэрч үнсээд “Орцгоо алив. Эмээ нь гэр сахиад л сууж байна. Ах, эгч хоёр нь гараад явсан”. Цэцэгээд цай хийж өгөөд яриа ч өдсөнгүй. Цэцэгээ ам нээн:
- Таны бие тэнхээ яаж байна. Эмнэлэгт хэвтэхдээ хэл хүргэхгүй дээ. Өчигдөр Гансүх л хэл хүргэлээ.
- Яасан, намайг хэзээ нэг үхэх бол гэж бодож явна уу. Чи ч жигтэйхэн жавхаалаг байх чинь. Хотын хүүхэн болжээ. Нэг хар юмтай болоо юу?
- Та чинь юу ярина вэ. Ээж минь би яалаа гэж таныг тэгж бодож зүрхлэх билээ. Хар юм, хар юм л гэх юм. Миний зүрх , сэтгэл Баясгалангийнх л байсаар дуусна. Та надад яагаад дургүй байгаад байгааг би ойлгохгүй юм. Хөгшин цай уун яриагаа өөрчлөн “Чи тэгээд ямар ажил хийж байна даа. Хүүхдүүдийг арай орхичхоод үүд сахиулдаг юм биш биз дээ”.
- Би хэлсэн дээ, зоогийн газар ажиллаж байгаа гэж. Миний найз цуг амьдарч байгаа. Хүүхдүүдийг минь хараад үлддэг юм. Жирэмсэн хүүхэн бий. Ххэн хэндээ тус дэмтэй болоод л байна.
- Чи ч тэгнэ дээ. Гадны хүнд хүүхдүүдийг минь орхичихдог. Зурагтаар элдвийн л юм дуулдах юм. Алга болсон хүүхдүүдийн зураг гарч ирэхээр зүрх зогсох шахах юм. Тэр ч дэмий байхаа, хүний хүнд итгэлтгүй гэм.
- Үгүй дээ, юу гэж дээ. Та бас хэтрүүлэх юм аа.
- Мэдэхгүй юм даа. Санаагаар болдог бол хажуудаа байлгах юмсан. Би чамтай нэг юм ярих гээ. Алив миний хүүхдүүд цаад өрөөндөө ороод тоглоцгоо.
Цэцэгээ рүү их чухалчлан харах хадам ээжийнхээ ярих зүйлийг чих тавин анхааралтай сонсохыг хичээнгүйлэв. Жаргалмаа хоолойгоо засан:
- Манай Баярмаа, хөөрхий өрөвдөөд байх юм. Өдий хүртэл үрийн зулай үнэрлэсэнгүй. Их л шаналдаг бололтой. Чи миний санааг ойлгож байгаа байх аа. Бага охиноо дүүдээ өргүүлчихвэл.
- Тийм ээ, ойлгож байна аа. Гэхдээ би Баярмаад хэлсэн шүү дээ. Энэ хэдэн хүүхдээ юу гэж салгах вэ.Би даанч энийг зөвшөөрөхгүй, та ойлгоно биз.
- Дээх нь үед, бидний үед ах, дүүс улс хоорондоо хүүхэд өргөж өсгөөд л ирсэн. Би ч өөрөө өргөмөл хүүхэд. Орчин цаг ч өөр болж дээ. Хар элгийн хүнд охиноо өгч байгаа биш дээ. Чи нэг бодоод үзээч. Баясгалан минь байсан бол харин ч дүүдээ үгүй гэж хэлэхгүй хүн дээ. Чи ч мэднэ дээ.
- Надад хамаагүй ээ. За за, би явьяа даа. Хүүхдүүдээ явцгаая.
- Чи байз гэм. Өнөөдөр хүүхдүүдээ энд үлдээчих. Удахгүй би хөдөө буцна. Хар нялхаас нь яаж өсгөлөө дөө. Хүүхдүүдээ жигтэйхэн их санах юм. Маргааш би өөрөө хүргээд өгье. Чи санаа зоволтгүй. Жаргалмаагийн харц үл мэдэг зөөлөрч уяхан болсон нь Цэцэгээд сэтгэгдэл төрүүлэхийн ихээр төрүүлэв. Хэзээд уурлаж хашгирахад бэлэн хүн ингэж уян зөөлөн ярьсан нь бас гайхмаар санагдав. Цэцэгээ хадам ээжийнхээ үнэн сэтгэлээсээ хүсч хэлсэн үг болоод харцанд нь үгүй гэж хэлсэнгүй.
- Маргааш эртхэн хүргээд өгөөрэй. Харин Баянжаргалыгаа аваад явья даа. Шөнө намайг нэхээд уйлж, та нарыг унтуулахгүй биз. Ийн эмгэн инээмсэглэн хоёр хүүхэдтэй нь үлдэв. Баярцэцэг, Баянмөнх хоёр нээрээ л Жаргалмаа эмгэний гар дээр өсцгөөсөн болохоор хайртай ач нар нь мөнөөс мөн бас санасан нь гарцаагүй болохоор дуртай ч үлдэв. Цэцэгээ гэрийн зүг Баянжаргалыгаа дагуулан автобусанд суун “Манай хадам надтай ингэж ярихааргүй л хүн дээ. Ер аашилсангүй шүү. Баярмаа ч хэцүү юм даа, зайлуул. Бага жаахандаа жирэмсэн болоод авахуулсан. Би ч тэрэнд оролцсон болохоор миний ч буруу байгаа юм билүү. Тэр үед гаргасан байсан бол ийм юм болоо ч уу, үгүй ч үү. Баясгаланд ч хэлэхгүй би ч жаахан байж дээ. Сургууль соёлд явах нь өнгөрчихнө гээд л дэмжиж байдаг. Хадам ээж мэдсэн бол .... намайг буруутгана даа. Ингэхэд Баярмаа тэр явдлыг хав дарж дээ. Бурхан минь ингэж харамсах үе ирэх гэж дээ” гэсэн бодолд автана. Үнэндээ Цэцэгээг анх бэр болоод ирж байхад Баярмаа тэднийд сургуульд суудаг охин байжээ. Баярмаа ангийн нэгэн бандиас жирэмсэн болох үед Цэцэгээгээс тусламж гуйсаар байгаад үр хөндүүлсэн юм байж. Цэцэгээч залуу охин сургууль соёлд явах хэрэгтэй гэсэн үүднээс тусалсан юмсанж. Зулбуулах эм авч өгөөд уулгуулсандаа Цэцэгээ одоо харамсан суугаа нь энэ юм. Энэ тухай хэнд ч хэлээгүй өнгөрсөн бөгөөд он цагт мартагдаад өнгөрчээ.
Үргэлжлэл бий...
Хард овогт Ц.Билгүүн
Бүтэн унших
Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997
Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021
Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034
Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048
Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060
Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312
Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127
Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143
Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148
Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160
Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177
Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199
Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232
Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253
Сэтгэгдэл (48)