Үргэлжлэл нь...
Утсаар залган хараал урсгадаг хүнгүй болж чих амар болов. Энхриймаа Цэцэгээгийн гурван хүүхэдтэй ижилдэн дасаж байв. Баянмөнхийн шинэ жилийн концерт дөхсөөр, Цэцэгээ ажилдаа гүйсээр л өдөр хоног өнгөрсөөр он солигдоход долоо хоног үлджээ. Цэцэгээ Баянмөнхийн захисан зүйлсийг авах даалгавартай тул ажлын сиймхий харан хүлээнэ.
Төрөө орж ирэн: - За сайн уу. Дээр тасарчихсан байна лээ. Та хоёр хэзээ явсан бэ?
- Яг тасарсан уу. Та хэд буудалд архи уусан сураг байсан.
- Аан харин тийм байна лээ. Энхриймаа сайн уу?
- Чи өөрөө очоод уулзаач. Надаас л асуух юм.
- Тэр дээрийн залуу ямар учиртай юм бэ?
- Аан, манай хашааны залуу байгаа юм аа. 45 хоноод нэг ирдэг байх аа. Уурхайд л ажилладаг юм. Яасан, тэр яасын ...
- Зүгээр л Энхриймаад талтай харагдсан. Тэгээд л...
- Хэхэ, тийм нь ч тийм байх шүү.... Чи манайд нэг ирээрэй, би уръя.
Төрөө юу ч дуугарсангүй гарч явчихав. Цэцэгээ бодлогошрон зарим нь хайртай гэдгээ мэдүүлээд л явахад зарим нь зугтаагаад л дөлөөд л. Зарим нь үзэн ядаж хараагаад л, хардаад л... Энхрий минь дээ гэж зүрх сэтгэлдээ шивнээд Баянмөнхийн захиасыг авахаар гарав. Хүүгийнхээ юмыг цуглуулчихаад ажилдаа яаран ирвэл ажлынхан нь Цэцэгээг харан инээд алдан угтав. Цэцэгээ гайхан хувцас хунараа харвал зүгээр байв. Ажилчдынхаа өрөөнд орж хувцсаа сольж байтал нэг зөөгч охин цэцгийн баглаа урд нь тавиад “Энийг хүргэлтийн газраас ирүүлсэн байна. Нууц ноёнтон хүргүүлсэн байна. Бид нар хэн байж болох талаар ярилцаад олдоггүй ээ. Хэн юм хэлчих тэгэх үү”.
- Юун цэцэг вэ. Надад уу. Хэн байдаг билээ. Мэдэхгүй ээ, би яаж мэдэх вэ дээ. Зурвас алга уу?
- Харин байхгүй байна лээ. Гэхдээ гоё цэцэг байгаа биз.
-Таалагдаад байгаа бол ав ав. Эгч нь ийм юманд дурлах нас өнгөрсөн, хэ хэ.
- За юу гэж дээ. Би юу гэж авах вэ. Эмэгтэй хүн бүр л цэцгэнд дуртай ш дээ. Сэтгэлтэй л залуу байна даа. Хэн юм болоо, нэг л ойрхон байна даа. Зурвас байхгүй гэхээр...
Цэцэгээд нээрээ сонин санагдав. Хэн юм бол гэсэн асуулт өөртөө тавина. Ажил тарж өнөө баглаагаа хогийн саванд шидчихмээр санагдавч арай ч болохгүй юм шиг санагдаад гэртээ харив. Энхриймаа, Цэцэгээс илүү баглаа нүдэнд тусч:
- Хөөх ямар гоё юм бэ. Хэн өгсөн юм бэ.
- Мэдэхгүй ээ, надад биш ээ, чамд ирсэн байна.
Энхриймаа царай нь хувиран “Яах гэж авчирсан юм бэ. Тэр новш л биз. Наадахаа гаргаж хая. Баярцэцэг, Цэцэгээгийн гараас авч:
- Үгүй шүү. Ийм гоё зүйлийг хаяхгүй. Би авлаа гээд өөрийн юм хийдэг авдар дээрээ тавьчихав. Цэцэгээ юу ч дуугарсангүй. Хүүхдүүд унтах зуур Энхриймаагийн орон дээр сууж:
- Нээрээ хэн юм бол.
-Бүрнээ л байхгүй юу. Өөр хэн байдаг юм бэ.
- Үгүй ээ, надад ирсэн юм.
Энхриймаа өндийн “Юу, тэгээд надад гэж худлаа хэлсэн юм уу”.
- Би чинь ээж хүн. Ухаан орсон гурван хүүхдийн ээж шүү дээ. Ээжид нь нэг хүн цэцгийн баглаа явуулж хүүхдүүдээ гээд орж ирэх үү?
- Нээрээ ч тийм юм уу. Ингэхэд хэн юм бол ...
- Мэдэхгүй ээ .
- Нөгөө эсрэг талын дэлгүүрийн эзэн залуу хэн билээ дээ. Тэр юм болов уу?
- Өлзий юу. Тэр биш ээ. Дээр би загнаад гаргачихсан. Дахиж манайд орж ирээгүй ...
- Ямар ч байсан нууц ноёнтон байгаа юм байна ..
- Надад тэр нь хэрэггүй ээ. Би энэ тал дээр хатуу байр суурьтай ...
-Гэхдээ чи залуухан эмэгтэй шүү дээ. Яаж ганцаараа ...
- Болно доо ... Ганцаараа биш шүү харин.... Цэцэгээ цэцгийн эзнийг хэн юм бол гэж бодовч хэн ч байсан хамаагүй хэмээн өөртөө шивнээд унтав.
Нууцлаг цэцэгний эзэн хэд хоног сураггүй байв. Баянмөнхийн сургуулийн шинэ жил; дуулах учир Цэцэгээ ажлаа арай хийн зохицуулж, сургууль дээр ирэв. Энхриймаа, Баянжаргал, дүү Дэлгэрбаяр эхнэр хүүхэдтэйгээ ирсэн байв. Цэцэгээ, Баянмөнхийг үнсээд амжилт хүсээд заалны сандал дээр гэр бүлээрээ тухалцгаав. Захирал Болдхүү нээж үг хэлээд тэргүүний сурагчдыг зарлан дуудав. 7д ангийн сурагч Б.Баярцэцэг гэж дуудав. Цэцэгээ инээмсэглэн охиноо тэврэн үнсээд “Миний охин ээждээ хэлэхгүй яасан юм бэ”.
- Жил бүр л авдаг биз дээ. Таныг сонирхохгүй байх гэж бодоод ...
- Юу ярьж байгаа юм бэ. Миний охин хотын олон хүүхэдтэй сургуулиас шагнал авч байна шүү дээ. Ээж нь маш их бахархаж байна.
Баярцэцэг ээжийгээ чинь сэтгэлээсээ баярлаж буйг мэдэх тул нүдэндээ баяр хөөр тодруулан индэр дээр гарав. Цэцэгээ нулимсаа барин алга ташина. Тэргүүний сурагчдыг шагнаж дуусаад тоглолт эхлэв. Үнэхээр л хот газар өөр юм аа гэсэн бодол Цэцэгээд төрж байв. Баянмөнх хамтлаг дуун дээр шинэ жилийн тухай дуу дуулж, дараа нь аавын тухай дууг нэгэн хөвүүнтэй хамтран дуулав.
Ааваа би дуулна аа
Ааваа бид дурсана аа
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна аа би
хэмээн хоолой зангируулан цангинахад тэнд тоглолт үзэн суух олон хүн нүдэндээ нуур мэлтэлзүүлэв. Цэцэгээ ч нүдний нулимсаа барьж үл чадна. Тэнд байсан гэрийхэн нь бүгд нулимсаа нуусангүй. Баянмөнхийн хоолойноос үнэхээр л ааваа санасан зүрх сэтгэл нэвт шингээстэй мэдрэгдэж байв. Амжилт бүтээлээр дүүрэн сургуулийн шинэ жил шувтарч гэрийн зүг хөдөлцгөөв. Замдаа хэн ч, юу ч ярьсангүй. Дэлгэрбаярын эхнэр Оюун ам нээн “Мундаг хоёр шүү. Нэг нь тэргүүний сурагч, нөгөө нь дуучин. Ингэхэд хэний тал ийм гоё дуулдаг байна аа”.
- Манай хүргэн ах их сайхан дуулдаг байсан юм. Баянмөнх яг аа яг ... Ах нь хөгжүүлэхэд нь санаа тавина аа. Ёстой мундаг ... Явсаар гэртээ ирэн орцгоов. Оюун мөн бэлэг авчирсан байв. “За тэргүүний мундаг хүүхдүүдээ шагнана аа. Баярцэцэг ингээд 7 жил онц сурч байгаа юм уу”.
- Тийм ээ. Яг зөв 7 жил. Манай суманд ийм гоё болдоггүй. Энд харин сүртэй зарлаад гоё юм аа.
- Тэгэхгүй яах вэ. Дараа жил дахиад онц сураарай.
- Баярлалаа, энэ жил ямар их бэлэг авч байна аа. Цэцэгээ сая нэг юм санав. Баясгалан, Баярцэцэгийг онц сураад бэлэг авах болгонд таван удаа хацар дээр нь үнсээд мөнгө өгч шагнадаг байж ... Цэцэгээ мөн Баярцэцэгийг таван удаа үнсэн 20.000 өгөөд юу ч дуугаралгүй нулимс нь цийлэгнэнэ. Баярцэцэг сая бүгдийг ойлгон ээжийгээ тэврэн нулимсаа энгэрт нь арчина. Дэлгэрбаяр хүргэн ахдаа маш сайн байсан тул тэднээс илүү санах үе ч байдаг юмсанж. Энхриймаа байдлыг гадарлан:
- За манайхаан, нэг бялуугаа задлая. Юун төлөө хоёр бялуутай билээ. Шинэ жилээр нэгийг нь, одоо нэгийг. Алив Дэлгэрээ зүсээрэй. Баянаа ах, эгчдээ зориулж шүлэг уншина аа. Уур амьсгал өөр болж Баянаа ч Энхриймаагийн цээжлүүлсэн шүлгийг уншив. Дэлгэрбаярын гэрийнхэн явцгаан хэдүүл үлдэж унтах нь унтацгаав. Цэцэгээ, Баянмөнхийн хажууд хэвтэн:
- Миний хүү сайхан дуулсан шүү. Ээжээсээ юу авмаар байна. Хэл хэл эгч нь унтчихсан болохоор загнах хүн байхгүй.
- Юу ч биш ээ. Гэхдээ өвөөтэй ярьж болох уу?
- Бололгүй яахав дээ, тэнэгхэн минь. Хэд хоногийн өмнө өвөө нь ярьсан. Он гараад энд ирнэ гэсэн чамайг л их санаж байна гэсэн.
- Ээ гялаа гэж өвөөгөө ч би санаж байна. Өвөө аав шиг үнэртэй байдаг юм. Тэврэхээр нэг л гоё…
-За, миний хүү унт даа. Маргааш өвөөтэйгөө яриарай.
Цэцэгээ хэвтэх зуураа Баянмөнхийг аавыгаа ямар их санаж байгааг нь мэдэрч “Өвөөгөөс аавын үнэр үнэртдэг” гэх үг хоолойг нь зангируулав. Тэр хэзээ ч аавыгаа санаж байна гэж уйлдаггүй. Хүнд дээрэлхүүлж зодуулсан ч хов зөөдөггүй. Аавгүй гэж хүүхдүүд цоллосон ч ээждээ хэлдэггүй хатуу чанга хэрсүү хүү юмсанж.
Харин хүүхэд л хойно хааяа уйлж харагдах нь ил билээ. Шинэ он гарах ойртсон тул хөл хөдөлгөөн ихтэйн дээр сурагчдын амралт эхэлжээ. Баярцэцэг, Баянмөнх хоёр амарч байгаа болохоор Энхриймаа гадуур гарах зав зай гарав. Тэрбээр ээждээ, дүүдээ санаа нь зовохгүй байж чадсангүй. Нэгэн өдөр гэрээ эргэх талаар Цэцэгээд хэлэв. Цэцэгээ ч дуртай хүлээж аван цуг явахаар болов. Амралтын өдөр тааруулан хоёр найз дэлгүүрээс жаахан юм цуглуулан явлаа. Нилээн явж явж гэр хорооллын гудамжаар өгсөөд ирэв. Цэцэгээ амс хийн “Чи энд өдөр бүр ингэж дээшээ мацаж байсан юм уу?”.
- Тэгэлгүй яах вэ. Хальтарчихав аа. Тээр доор л зогсоно гэж мэд хэмээн инээмсэглэнэ. Удаан явсны эцэст нэг юм ирэв. Цэцэгээ амьсгаагаа даран “За орцгооё. Миний найз битгий гайхаарай бас юу ч битгий дуугараарай. Манай аав их сонин хүн”.
- За за ойлголоо. Гэрт орвол нэгэн эмэгтэй хоол цай хийж байгаа харагдав. Харин эмэгтэй дүү нь Энхриймааг гүйн ирж тэврээд “Хааччихсан юм бэ. Ярихгүй яасан юм бэ. Санаа зовлоо” гэх зэргээр уйлагнан эрхлэнэ. Аав нь бололтой нэг сахалтай эр хэвтэж байв. Нээрээ л архи үнэртэж байлаа. Ээж нь Энхриймааг тэврэн:
- Ишш, миний муу охин хаана байв аа. Ажил руу чинь залгахаар ажилдаа ирэхгүй байгаа. Найзындаа байгаа гэх юм. Утсаа асаахгүй яасан юм бэ.
- Би дугаараа сольсон юм аа. Энэ миний найз Цэцэгээ. Гэрт нь цуг амьдарч байгаа.
- Гэртээ байхгүй хүн үү. Алив энэ чинь гээд товойх гэдэс рүү нь хараад тэврэн “Охин минь дээ” хэмээн санаа алдав. Цэцэгээ тортой юмаа ээжид нь өгөөд орон дээр суув. Удалгүй аав нь босон согтуу нүдээр харснаа:
- Алив наана чинь архи байна уу. Би архи л ууна, өөр юм хэрэггүй. Энэ өөдгүй охин хэзээ ирээв. Муу өөдгүй амьтан, хөгийн амьтан яах гэж ирээв.
- Чи чинь юу гэж байна аа. Охин чинь ирж байхад баярлах байтал муу архичин. Май энийгээ гудраад унтаж үз. Хөөж гаргаад хөлдөөгөөд алчилтай билээ, чамайг” .... Ээж нь үнэхээр бухимдан хоолой зангируулна. Цэцэгээ хэзээ ч ийм юм үзээгүй болохоор гайхан хүн архи уухаараа төрсөн үрээ ч ингэж гомдоодог юм байх нь гэсэн бодол аргамжин суув.
Энхриймаагийн ээж охиноо ирсэнд баярлахын дээдээр баярлаж байв. Хоол хийгээд Цэцэгээ, Энхриймаа хоёрт хийж өгөөд:
- За хүүхдүүд минь хоноод явна биз дээ. Энхриймаа минь энэ муу архичнаас болж гэрээсээ зугтсан. Тэгэхээс ч яах вэ дээ. Сэрэхээрээ л агсан тавиад ямар олиг байхав. Хоолоо идэцгээ хүүхдүүд минь ..... Аав нь гэх бүдүүн эр архиа задлан хэдэн хундага татаад эргээд унтав. Тэгэхдээ бас дуугүй байсангүй.
- Чи муу ямар гавьяа байгуулсан гэж ирээв. Гэдсээ чирэв гэж их хэлсэн дээ. Намайг ямар тоох биш дээ. Зайл чи.
Ээж нь нилээд уурлангуй “Чи муу архичин л бидний амьдралд гай болж байна. Чи зайл. Ер нь чи үхлээ эрээд байгаа шүү. Уух чинь арай дэндэж байна. Төрсөн охиноо хөөдөг хүн бас байхаа. Чамайг яалтай билээ дээ хэмээн санаа алдан нүдэндээ нулимс цийлэгнүүлнэ. Энхриймаа хоолоо идэж дуусаад:
- За бид хоёр хол явна. Орой ч боллоо явъя даа. Та минь л сайн байвал болох нь тэр. Энэ жаахан юмаар эм тариагаа залгуул. Ядарсан харагдаж байна шүү. Миний дүү харин хичээлээ сайн хийгээрэй. Аавдаа ад үзэгдэх тавилантай төрсөн юм байгаа биз дээ. Эмнэлэгт хэвтэх болвол хэлээрэй охиндоо… Ингэхэд нөгөө гайхал хаачсан бэ?
-Хэн мэдэх вэ. Долоо хоногтоо нэг ирж хонох юм. Барилга дээр ажилд орсон гээд 200 мянган төгрөг өгөөд явсан. Шинэ оноор ирнэ л гэсэн, хэн мэдлээ. Эрэгтэй дүүдээ чи л хэлэхгүй бол бидэнд ямар үнэнээ хэлдэг биш. Чи нэг уулзаарай. Хүн амьтанд уруу татагдах вий гэж л санаа зовох юм.
- За, би явъя даа ээж. Энэ хүн дахиад сэрвэл хараахаас ямар ерөөх биш дээ.
-Чаваас даа, эрүүлдээ чамайг асуудаг юм. Архины цагаан солио тусчихсан юм шүү дээ. Миний бие яах вэ, энэ хүнийг тэр эмчилгээ юу байдаг, тэрэнд нь өгөхгүй бол ч удахгүй үхнэ шүү.
Энхриймаа Цэцэгээг дагуулан гэрээс гарч ирсэн замаараа алхав. Тэрбээр юу ч дуугарсангүй. Цэцэгээ харин бодолд автан ээж нь аргагүй толиотой эгч байна шүү. Энхриймаа яг ээж юм байна. Хөөрхий сая гарахад нулимс нь дусчих гээд хоолой нь зангираад ямар хэцүү байв даа. Аав нь нээрээ ч миний төсөөлснөөс илүү архины хамааралтай хүн юм. Тэр муу охин дүү нь дагаад гарчихмаар л санагдсан байх даа. Нүд нь бүлтэгнээд л ... амьдралаа гэж сонин юм даа гэсэн бодол болсоор автобусны буудал дээр ирэв. Энхриймаа автобусанд суугаад ч үл дуугарна. Хоёул явсаар гэрийнхээ буудал дээр буув. Энхриймаа инээмсэглэн:
- Манайх гэж ийм л айл даа. Аав минь уг нь автын инженер хүн. Орост төгссөн лут хүн. Даанч хүмүүс архидуулсаар байгаад ийм болчихсон. Хааяа ч үхээсэй гэж боддог шүү. Үнэхээр хэцүү хүн дээ.
Цэцэгээ юу ч дуугарсангүй. Яагаад гэвэл, Энхриймаагийн хуурмаг инээдний цаана гомдлын сүүдэр нь арилаагүй байгааг ажигласандаа тэр. Гэртээ орж халуун галд гараа ээн дулаацав. Баярцэцэг уйлсан бололтой хоолой зангируулан:
- Ээж түрүүн Баярмаа эгч ирсэн. Биднийг авч явна гээд согтуу байх шиг байсан. Гансүх ах байгаагүй бол авч явах шахлаа.
- Юу, яасан гэнэ ээ. Энэ хүүхэд яг яах гээд амар заяа үзүүлэхгүй байна вэ. Одоо ч харин өөрөөр ярина шүү. Өөр юу гэж байна.
- Хэлэхээс аймар үг хэлж байна лээ. Таныг .... таныг .....
- Юу гэж байна. Хэл ээждээ.
- Янханы ажил нь хэзээ тарах юм бэ. Банзал авгай гээд хашгираад. Баянмөнх гарыг нь хазтал зодсон ...... \уйлав\
- Хэнийг зодсон гэж, Баянмөнхийг үү?
- Тийм ээ.
Баянмөнх цаанаас юу ч болоогүй юм шиг:
- Өвдөхгүй байна лээ. Баярцэцэг сүртэй юм яриад байх юм. Дахиад ирвэл би хоолойг нь бооно.
- Тэгж ярьж болдог юм уу. Жаахан хүүхэд байж. Алив нааш ир. Хаана нь зодсон бэ, алив харая. Нялх амьтанд гар хүрнэ гэнэ ээ. Чамайг даа би...
Энхриймаа гайхан “Хэн гэнэ ээ. Юу хүн бэ. Цагдаа дуудаад өгчихье л дөө. Ямар даварсан хүүхэн бэ, тэр чинь”.
- Хадам дүү. Эднийг минь авна гэж булаацалдаад байгаа юм. Ямар учиртай ингээд байгааг би ч ойлгохгүй байна. Гэхдээ одоо арай дэндэнэ ээ. Очиж нэгийгээ үзнэ дээ.
- Алив тайвшир. Суу согтуу байсан бол маргааш очьё. Найз нь ч цуг явъя. Би ам хэлээрээ чамаас дээр биз. Харин чи надад яг яагаад байгааг нь эхнээс нь яриадах даа. Цэцэгээ нулимс мэлтэлзүүлэн хамаг юмаа найздаа ярьж хонов.
Маргааш өглөө нь Цэцэгээгийн уур гарсан уу. Эсвэл түр азнахаар шийдсэн үү:
- Шинэ он гарах гэж байхад хэрүүл уруулаар ч яахав дээ. Дараа нэг уулзах биз дээ. Энхриймаа бүгдийг мэдсэн бөгөөд уурлангуй. Тэр мууд дээрлэхүүлэх гэж хаа байсан юм бэ. Дэлгэрбаярыг дуудаж хэдүүлээ очоод муу новшийн хүүхнийг зодсон ч яадаг юм. Бүр уур хүрч хонолоо байна.
- Тэр нь ч хаашаа юм бэ. Нэг удаа яах вэ, өнгөрөөе. Баянмөнхийн ч буруу. Хазаад байхдаа яах вэ дээ. Хэд чимхсэн л байна. Дараа хэлэх цаг оройтохгүй биз.
- Яаж тэсч байна аа. Чи нээрээ тайван хүн юм аа. Өчигдөр л очдог байж. Ямааны мах халуун дээрээ гэж ....
- За маргааш он гарлаа. Хэдүүлээ юм бэлдэе. Урнаагийнд очих уу. Манайд ирэх юм болов уу. Дэлгэрбаяр руу яръя байз. Харин өчигдрийн тухай та хэд Дэлгэрт хэлж болохгүй шүү. Түргэн ууртай золиг. Нуухгүй бол яаж ч мэдэх хүн дээ. Айдаг юм аа, найз нь. Муу дүүгээ хэрэгт хийчих вий гээд...
- Хэлсэн ч яадаг юм. Хэн ч эгчийгээ өмөөрөхгүй яадаг юм. Ийм үед л хэрэгтэй биз дээ. Цэцэгээ инээмсэглэн Энхриймааг үнэн голоосоо уурлаж байгааг харав. Баярцэцэг цүнхээ уудлан:
- Гансүх ах танд өгөөрэй гэсэн юм. Би өчигдөр мартжээ. Цэцэгээ ууттай зүйлийг задалвал мөнгө байв. Энхриймаа гайхсан нүдээр:
- Хэн бэ, Гансүх гэж. Чамд арай цэцэг өгсөн.
- За балайраад бай. Юун цэцэг манай хүргэн дүү. Нөгөө Баярмаагийн нөхөр нь.
- Тэр яахаараа чамд ийм их мөнгө.
- Харин тийм ээ. Миний хань ухаантай хүн байсан болохоор мөнгө зээлэхдээ Баярмаагийн гарт биш Гансүхийн гарт өгсөн юм. Цагаахан сайн залуу байгаа юм даа. Энэ аашны тулам тогтоож чадах юм уу, бүү мэд.
- Тийм үү. Хэдэн төгрөгний асуудалтай юм бэ.
- Хэрэгт дуртай гэдэг нь. Мэдэхгүй ээ, Баясаа маань л мөнгө өгсөн гэж би мэднэ. Хэд гэдгийг нь тухайн үед асуугаач үгүй. Аашны хүүдий нь мэдвэл жинхэнэ дайн дэгдэх байх даа. Хөөрхий нууж хааж л цувуулж өгч байгаа юм. Алсдаа нэг байшин барих санаатай мөнгө хуримтлуулах санаатай. Тэрэндээ л хийнэ дээ ... Энхриймаа мөнгийг тоолж сая гаруй юм байна шүү. Гэхдээ задгай мөнгө хүртэл дунд нь цохиж явна.
- Хөөрхий дөө. Одоо боломжоороо болоорой гэж хэлэх юмсан. Нөгөөхөөсөө нууж хоолны мөнгөө хасч байгаа биз. Чааваас зээлсэн хүн нь үгүй болчихоод байхад ингэдэг хүн ховор л байх.
- Нээрээ сайн залуу байна аа. Бүрнээ бол 10 төгрөг дээр ч хуцна даа. Муу хулгайч. Бодохоор уур хүрээд байх юм.
- Уурлах урагт муу шүү. Биеэ бод Энхрий минь.
Цэцэгээ ажилдаа явав. Харин Энхриймаа эрэгтэй дүү рүүгээ залган залгасаар л...
Нилээн дуудуулсны эцэст утсаа авав.
- Байна уу. Чи чинь амьд уу. Утсаа авахгүй ямар их дуудуулдаг хог вэ. Хаана байгаа юм бэ. Тэнээд явна уу?
- Тэгээд л загнадаг ш дээ. Би ажилтай байна. Барилга дээр гардаг болсон эгч минь.
- Нээрээ юу, хаана тэр вэ. Би яваад очъёо.
- Хэрэггүй дээ та хаана байгаа юм бэ. Гэрээр очив уу, ээж...
- Очсоон, өчигдөрхөн очсон. Би Толгойт хавьд байна. Чи хаана байгаа юм бэ?
- За за, ойрхон юм байна. Өдөр би яваад очъё. Утсаа тасалчихав. Энхриймаа дүүгээ сургах гэж их үзсэн ч даанч үгэнд нь орохгүй хичээлээ ч мөн их тасалжээ. Тийм учир сургууль гэдэг зүйл хаалгаа хаасан юмсанж. Түүний дүүг Зоригт гэдэг энэ жил 21 настай. Үе үе найз нөхөдтэйгээ нийлж сараар бараг алга болчихдог билээ. Энхриймаа гараа гарган хоол хийгээд Зоригтыг залгахыг хүлээнэ. Нилээн нар доошлох үед Зоригт залган:
- Байна уу. Би ирчихлээ. Буудал дээр нь байна.
- Алив наашаа өгс. Би тосоод гарч байна.
Ийн утсаар ярьсаар эгч дүү хоёр уулзалдав. Энхриймаа дүүгээ дагуулж гэрт орж ирэв.
Зоригт: - Сайн байцгаана уу. Хүүхдүүдээ, энэ чинь хэнийх гэдэг айл вэ. Та чинь ажлаасаа гарсан сураг дуулдсан. Хүүхэд асрагч болоо юу.
- Үгүй ээ манай найзынх. Чи наад хувцас хунараа тайлаад тухтай суугаач. Алив хоол ид хөрчихлөө. Хаанаас ирэв. Юу хийж байна вэ. Барилга дээр ажиллаад даваад гарах хүн мөн үү?. Алив үнэнээ хэл.
- Давах уу ч гэх шиг, нээрээ дээ. Та нар чинь яасан хүнд итгэдэггүй улс вэ. Ядаргаатай юм. Зоригт гадуур хувцсаа тайлвал цаанаас нь элс, цемент, тортог болсон хувцас гарч ирэв. Сая нэг Зоригтод итгэн:
- Нээрээ тийм байна шдээ. Хаана ажиллаж байгаа юм бэ. Гэртээ харьдаггүй хүн үү. Ядарч байгаа биз дээ.
- Ядарлаа гээд яах вэ дээ. Гэрт очихоор аавтай муудах гэж хар ядаргаа. Ханын материалд нэг барилга дээр. Тэндээ хоноод хоолоо хийж идээд амар. Таны наад гэдэс чинь.
- Яасан, чи дахиад нэг дүүтэй болж дээ.
- Хэзээ тэр вэ. Ёстой сонин мэдээ байна. Тэгмээр дээ, одоо амьдралаа бодсон нь дээр дээ. Надад санаа зоволтгүй.
- Чиний амнаас бас ийм үг гардаг байх нь ээ. Овоо доо. Зөндөө баярлаж байна. Харин болгоомжтой байгаарай даа. Онгирч байж нисчихэв чи.
- За, юу гэж дээ. Сайхан хоол байна. Хүүхдүүд байгаа гэж хэлэхгүй дээ. Баяр болж байна даа. Алив хамгийн том охин нааш ир. Дүү нартайгаа бэлэг авч идээрэй за юу. \Баярцэцэгт мөнгө өгөв\. Энхриймаа инээмсэглэн цалин мөнгөө найдвартай тавиж байна уу. Маргааш хариарай. Ээжийн санаа зовсон байна лээ шүү.
- Тэгнээ, очно. Та харин яах вэ.
- Би очихгүй ээ. Өчигдөр очсон. Он гаргаад...тэгж байгаад очно оо.
- Аав яаж байна... Архи дарсаа...
- Ойлгомжтой шдээ. Юуг нь асуудаг юм. Чи харин ууж идээгүй биз.
- За, юу гэж дээ. За, эгчээ явлаа. Намайг хайж байгаа байх. Май энэ жаахан юм. Хэрэг гарвал ярьж байгаарай.
- Утсаа авахгүй байгаад үзээрэй чи.
Зоригт гэрээс гаран яаран алхаад булан тойров. Энхриймаа дүүгийнхээ ардаас харан харан зогсоно. Их сургуульд оюутан байхдаа байнга шахуу мөнгө гуйж Энхриймаагийн ажил дээр эргэлддэг байсан хүн өнөөдөр эгчдээ мөнгө атгуулж, ажил хийж яваа нь үнэхээр их сэтгэлийг нь догдлуулсан нь мэдээж. Тэрбээр дотроо “Нялх амьтан, хөөрхий дүү минь. Яасан ч ядарсан харагдав даа. Ирж байгаарай гээд хэлчихгүй. Ухаангүй золиг шүү би нээрээ” гэж даарахаа мартан хэсэг зогсч байгаад гэртээ оров.
Хард овогт Ц.Билгүүн
Бүтэн унших
Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997
Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021
Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034
Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048
Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060
Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312
Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127
Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143
Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148
Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160
Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177
Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199
Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232
Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253
Сэтгэгдэл (61)