Үргэлжлэл нь...
Янжаа Цэцэгээг угтан “Миний найз гэртээ амарч байхгүй дээ. Бид хэдийн ажил гайгүй шувтарч байна. Баярцэцэг үнээ саагаад сурчихлаа” гэв.
- Чи намайг сэрээхгүй яав даа. Танайх бас ч цагийн үнээтэй болжээ.
- Энэ жилээс гайгүй хэдэн толгой нэмэх аядаж байна даа. Жаргалмаа эмгэн харин хардаад байгаа юм даа, биднийг. Гомдмоор ч юм шиг, уурламаар ч юм шиг ... Барсаа Дамдин өвгөнөөс хэдэн том бод авах авлагатай байж. Нөгөөх нь зургаан бяруу зүсэлж өгсөн юм билэээ. Тэрийг Жаргалмаа эмгэн мэдчихээд бөөн юм болсон. Үгүй мөн хачин хүн шүү.
- Манай хэдэн эмтэй юм ч дуусаа биз. Харин тамгатай хэдэн адуу минь яалт ч үгүй энэ Баянмөнхийнх юм байгаа юм даа. Одоо тэгээд бид нарт хүртээлгүй болж байгаа байх оо.
- Ер нь тэдний мал гэж юу байсан билээ дээ. Ёстой хэн нь өсгөж үржүүлсэн билээ дээ. Өөрийн өнчин ишиг ч мал шүү. Манайд авчраад ижилсүүлчихвэл бид хоёр чамд идэш таслахгүй нь лавтай даа.
- За яах вэ дээ. Болох юм болдгоороо л болог ... Одоо очихгүй бол хөгшин уурандаа багтарч байгаа биз ...
- Хмм... чааваас. Тэр бид хоёр уурлаад яадаг юм. Цуг очно оо, хоёулаа...
Баярцэцэг цагаан идээгээ боловсруулах ажилд тусалж, Баянмөнх, Тулгаа хоёр хонины хишигт явав. Цэцэгээ ямарч байсан Жаргалмаа эмгэнтэй дуртай, дургүй байсан ч нүүр тулах нь зөв гэж шийдэн, хэрэв хоорондын асуудлаа шийдэхгүй бол Жаргалмаа эмгэн яаж ч мэднэ гэсэн айдас ч мөн хургав. Барсаа Янжаагаас хоол хийх даалгавар авч гэрийн ажлаа дуулгавартайгаар хийнэ. Янжаа түүнд эрүүний шөл уулгаж залхаасангүй. Харин ч түүний хувьд шийтгэлээ жаргалтай нь аргагүй эдэлж байгаа нь анзаарагдана. Цэцгээ Барсаа руу харан:
- Чи чинь үүр цайхтай зэрэгцэн мордоод давхичихдаг хүн дээ. Яасан дуулгавартай болчихоов. Хүүхэд шиг бөмбөрөөд л.... Нэг л юм байна даа тиймээ....
- Харин тийм ээ .. Янжаа хэлээгүй юм уу. Бид бүл нэмэх гэж байгаа ...
- Баяр хүргэе... Ямар сайхан мэдээ вэ. Яагаад хэлээгүй юм бэ. Янжаа ...
- Баталгаатай болохоор нь хэлье гэж бодоод ... За тэр яах вэ, явцгаая ...
Хурдан ирээрэй ханиа. Удаад байвал хань нь давхиад очно оо гэсээр инээмсэглэн үлдэх Барсаа өнөөдөр их л аз жаргалтай харагдана. Цэцгээ Баянааг хөтлөн машинд сууж, Янжаа гурвуул Дамдин хөгшинийх рүү хөдлөв.
Цэцгээ ам нээн: - Ингэхэд хэзээ мэдсэн юм бэ, жирэмсэн болсон гэдгээ...
- Сар болж байна... Охинтой болчихвол гэж гуйгаад байсан юм. Юмыг яаж мэдэхэв. Тэгээд ч залуу дээрээ төрөх нь зөв шүү дээ.
- Баяр хүргэе найз минь ..
Хоёр найз Дамдин хөгшний гадаа зогсон гэрт орвол өвгөн ганцаараа суух ба эмгэн харагдсангүй. Өчигдрийн явдалд гэмшингүй өнгөөр “Миний охин хүрээд ирэв үү Алив Баянжаргал миний охин өвөө нь үнсье. Өглөө Баянмөнх орж ирээд хонио бэлчээчхээд яваад өгсөн. Их ажилтай хүүхэд шүү. Урд шөнө хөгшин миний нойр хулжаад муу хүүгээ яасан ч их үгүйлэв дээ. Лам хараар нэг явахгүй бол сэтгэл амрахгүй шинжтэй дэг шүү. Ээж чинь миний мэдэхээс тэс өөр хүн болоод байх шиг. Яамаар ч юм бэ дээ, охин минь” гэсэн яриандаа данхтай цайнаас хийн зочдод барив.
- Аав минь дээ, та санаагаа чилээж яах вэ дээ. Ээжтэй үнэхээр таарч тохирохоо болиод би нүүснийг та мэдэх хойно. Бид мөрөөрөө явцгаая даа. Уг нь хэдэн өдөр хүүхдүүдээ эмээ, өвөөтэй нь уулзуулж яваа санаатай. Харин хэнийг нь ч үлдээж чадахгүй ээ. Та тэрийг сайн мэдэж байгаа байх.
- Тийм ээ, тэгэлгүй яахав. Ингээд ирсэн чинь аав нь баярлаад барашгүй. Ямар ч байсан буурлын буян байна, хүүхдүүдээ хоосон явуулахгүй шүү. Барсаагийн аавын дээр хэдэн юм аваачаад тавьчихсан байгаа. Буцахдаа аваад явна биз. Өнөө эмгэн мэдчихвэл тусгүй юм болно. Өөрийнхөө хөрөнгийг, өөрөөсөө нуух цаг ирдэг л юм байна. Амьд явахад их юм үзэх нь дээ, хөгшин би...
- Зүгээр дээ, бид болж байгаа аав минь. Дэмий биз дээ.
- 9 сарын 1-нд даага сойж байгаа юмсан. Хөгшин, залуу хоёрын сэтгэлийг бодоод давхиулчихаад явцгааж болно биз дээ, хүүхээ. Цэцэгээ толгой дохин гэрээс гарав. Дамдин хөгшний бие өдрөөс өдөрт ядруу байгаа нь түүний сэтгэлийг багагүй зовооно. Харин Янжаа ойрд тухтай харц тулгарч хөгшинтэй уулзаагүй тул гарч ирэн:
-Хүүе, Цэцэгээ. Танай хадам аав яасан өтлөө вэ. Дуу нь бүр цаашаа орчихож шүү.
- Харин тийм ээ, хэлээд юүхэв. Энэ ээж хайччихсан юм бол...
- Тэр гүйж явна. Хэдэн үнээгээ саах гэж ганцаараа хэцүү л байдаг байх даа. Хажуудаа айл тогтоодоггүйн гор гарч байгаа юм даа.
- Ажилтай хүн шүү, зайлуул. Чи нээрээ хатуу хүн юм аа, хөгшин хүнийг.
Жаргалмаа хөгшин үнээгээ сааж дууссан бололтой илүү гэрийнхээ жижиг зууханд аргал хуурайчлан хийж, тогоо тавин сүүгээ хийв. Цэцгээ рүү нэг харснаа Баянжаргалыг тэврэн үнсээд:
- Чи чинь хэдэн үг даахаа байчихаа юу даа. Залуу хүн байж буурлаасаа үг сонсохгүй хаагуур явах гээв. Шар царайгаа дарж гүйгээд чи бид хоёр хаа холдох вэ дээ. Айл амьтнаар хоноглоод хэдэн хүүхэд цутраахгэж байгаа юм. Амьтан хүн ч юу гэж ярих юм билээ...
-Уучлаарай ээж ээ. Би уг нь өнөөдөр буцах санаатай. Мэдээж бид бүгд буцна. Хүүхдүүд маань надтай...
- Аягатай цайгаа бүтэн уугаагүй... Айлаас санд мэнд зугтдаг шиг авирлах нь шив дээ. Хот ороод их юм сурчээ, чи. Хадам ээжийнх нь үг хашааны банхраас дор сонсогддог болоо биз. Чи л явдаг мөр, замаараа яв даа. Хүүхдүүдээ лав би явуулах бодолгүй байна шүү. Дөнгөж ирчихээд буцаана гэж байхгүй.
- Юу гэж би ганцаараа явах билээ. Миний хүүхдүүд надтай явна. Хэн ч салгаж чадахгүй шүү. Баярмаа танд юу ярьсныг мэдэхгүй ч би хэнд ч өгөхгүй. Тэрийг та сайн мэдэж байгаа. Би таны үгнээс гарсан удаагүй. Харин миний хүүхдүүдийн асуудал дээр бол би хэзээ ч ...
- Тийм ээ, би мэдэж байна. Харин миний хүүгийн амийг авсан унааг хэн зөрсөөр байж авч ирлээ. Чи миний үгнээс гараагүй байж болох ч миний хүүг залгисан хүүхэн, тийм биз дээ. Янжаа тэсгэл алдсан янзтай.
Эмгэн рүү харан:- Та чинь юу ярина вэ. Бид нэгнээ буруутгаад юунд хүрэх юм бэ. Тэгээд ч Цэцгээ ямар ч буруугүй шүү дээ.
- Чи ч өмөөрөнө л дөө. Хамсаатнууд нэгнийгээ өмөөрөхөөс яах вэ. Би үнэн мөнийг олох гэж зөндөө явсан, цаашдаа ч явна ...
- Эгч минь та наад сэтгэл мэдрэлээ эмчид үзүүл. Юу ярьж байгаагаа ойлгож байна уу. Бид нар алсан гэж хэлэх гээд байна уу, та...
- Тэгээд үгүй юм уу.
- Алив явцгаая. Энэ эмгэн бүр солиорч. Насны эцэст нутаг усандаа муу нэртэй явах гэж дээ, эгч минь. Таныг арай ч ийм юм ярина гэж бодсонгүй. Явья, Цэцгээ минь. Чи энэ айлд байгаад байх ч албагүй бас ёсгүй ойлгосон уу.
Жаргалмаа эмгэн Цэцгээ рүү харан: За яах вэ. Би хүүхдүүдийг чинь булаацалдахгүй. Харин хүүхдүүдийг минь хэд хоног ч байсан харуулж байж болно биз дээ. Харин Баярмаа та хоёрын асуудал надад хамаагүй шүү. Орой хүүхдүүдийг минь аваад ирээрэй. За за яв яв. Чи ч ялгаагүй намайг үзэн ядаж байгаа биз ....
- Үзэн ядах гэнэ шүү. Харин ч Цэцгээ танд хир халдаахгүй хамгаалдаг юм. Ийм тэнэг чавганц ийм сайн бэртэй байх гэж ..
- Чи чавганц болно оо. Санаа зоволтгүй. Энэ хорвоод тойроод өнгөрдөг зүйл ховор шүү, хүүхээ. Баруун зүгээс ирсэн бадарчин чамд бидний явдал хамаагүй байх шүү.
- Юу гэнэ ээ. Муу авгай чинь.
Цэцгээ, Янжааг дагуулан машинд суулган хөдлөв. Тэрбээр хэнээс ч айхгүй хэрэлдчих тийм л хүн билээ. Харин Жаргалмаа эмгэн үнэхээр сэтгэл санаагаа өөрөө захирч чадахгүй. Зэрвэс, зэрвэс гэнэт, гэнэт бухимдаад байгааг Цэцгээ ажиглаад авчээ. Цэцгээ, Янжаа хоёр нэг үед бэр болон ирсэн бөгөөд Янжаа баруун аймгаас ирснийг хатуу эмгэн ёжлож хэлсэн нь энэ байжээ.
Янжаа гэртээ ирэн уурлангуй “Энэ нэг чавганц чинь харин хамаг уур барчихлаа байна. Цэцгээ минь холхон байж үз. Эд нар чамд хэрэг болох нь юу л бол доо”. Цэцгээ ч толгой дохин “Тийм ээ, найз нь есөн сарын 1-нийг өнгөрөөгөөд буцья даа. Хөөрхий хөгшин юу гэж хэллээ дээ”.
Барсаа төв царай гарган: - За, чи чинь бас яачхав. Жаргал эгч бүр сонин болчихсныг манай голоор мэдэж байгаа шүү дээ. Заавал очиж муудах хэрэг байна уу?
- Чи чинь одоо өмөөрөөд байгаа юм уу. Өөрийг чинь хүртэл юу гэдэг билээ. Малын хулгайд сэрдэж чамайг цагдаад өгсөн биз дээ. Хүүгээс минь ялгаа юун гээд л уйлж унжаад сүрхий байсан. Дараа нь яалаа даа, чи мэдэж л байгаа биз дээ.
- За за, яахав дэ . Тэглээ гээд яах юм. Багаасаа айл аймаг явсан нэр, нүүр байна. Арай ч бас хатуурхаж чадахгүй ээ. Тэгээд ч манай адуунд явсан унагатай хэдэн гүү алга болчихсон шүү дээ. Хэн ч байсан сэрдэнэ биз.
- Чи тэгнэ л дээ. Цэцгээ минь энэ хүний хэлж байгаа, чиний бодож яваа хоёр мөн таарна даа. Согтохоороо л Жаргалмаа чавганц гээд аархаад байдаг. Эрүүлдээ ийм хүн шүү дээ. Чи ....
- За цөг гэм. Хэдий муудлаа ч гэсэн аа , ээжтэй минь төрөл саднаас өөрцгүй хоёр хөгшин. Би өмөөрч сайн хандсандаа биш ээ. Хэн чиний амь насыг, миний хүүг аварлаа. Муу хүүгээ алдах дөхснийг чи санаж байгаа байлгүй...
Янжаа ууртай чиргээр илүү гэр лүүгээ оров. Нээрээ ч тэр үед Янжаа төрөх дөхсөн байсан ба нэгэн өдөр өвдөөд сүйд болох дөхжээ. Жаргалмаа хөгшин хажууд нь байгаагүй бол багийн эмч ирэхээс өмнө юу болох байсныг хэн ч мэдэхгүй билээ. Цэцгээ санаа алдан Янжаагийн араас орж:
- Чи минь тайван байх хэрэгтэй шүү. Ээж үнэхээр сонин байна. Ёстой л галзуу солиотой хүн шиг гэмээр. Нээрээ ч эмнэлэгээр сүүлийн жил яваагүй хоёр хөгшин дөө. Санаа зовоод байх юм. Хоёулаа л адилхан жаахан охид айлын хүн болоод ирж байсансан. Харин ч төрснөөс дутуугүй хань түшиг болж явсан буянтай хүмүүсийн минь нэг зайлшгүй мөн шүү дээ.
- Тэр ч тийм л дээ. Нээрээ ч би өнгөрснөө мартчихаж ээ. Жаргалмаа эгч надад муухай аашилж яваагүй хүн, мөн ачтай хүн минь юмсан. Барсаа ч яах вэ. Эрүүл согтуудаа очиж хэлэлцэж зөрөлдөөд сурчихсан хүн. Найз нь ямар тийм юм байх биш дээ. Хааяа ч бас тэсэхгүй юм аа.
Ийн орой болж Цэцгээ хүүхдүүдээ дагуулан очвол Жаргалмаа хөгшин гал дээр мах чаначихсан үргэлж хөмхийгөө зангидаж байдаг хүн инээмсэглэл тодруулан сууж байв.
Тэрбээр: -За, алив миний хүүхдүүд наашаа сууцгаа. Эмээгийнхээ хаяанд ирчхээд айлд хонож өнжөөд явах нь буруу шүү дээ. Баянмөнх миний хүү, эмээлээ оруулаад үүдэнд тавиарай. Өнөөдөр шөнө бороотой гэж ражаваар ярина лээ. Та хэд минь хэд хононо байгаа ... Дамдин хөгшин магнай нь тэнийсэн харцаар баяр баясгалангаа нуун “Өдөр бүр ийм байхсан даа. Ойрын хэдэн сар чамайг ийм найланхай байхыг үзсэнгүй шүү”. Эмгэн ер дуугарсангүй. Баярцэцэг махны шөлөнд хийсэн бантангаас хэд балгаад:
- Яг эмээгийн хийдэг амт мөн шүү. Яг ийм бантан хийж чадахгүй байгаа юм даа. Яаж хийдэг юм эмээ...
- Миний охин чинь хоол хийдэг болоо юу даа. Амархан шүү дээ. Эмээ нь зааж өгнө өө.
Цэцэгээ ам нээн: - Охин минь л нэмэртэй болоод байгаа. Гэр орноо авч яваа юм, миний охин чинь...
- Чи тэгээд хаагуур явдаг хүн бэ. Гэрийн бараа харахгүй.
- Ээж ажилдаа л явахгүй юу. Өглөө гараад орой ирдэг.
- Тийм үү. Хоол ундаа яаж болгож байна даа. Чи ч яахав, өглөө гараад өдөржин байдаггүй байж. Хүүхдүүд минь харин яаж болдог юм бол....
- Яах вэ. Манай дүү их дэмтэй байдаг юм. Дэлгэрбаяр .. Ах маань солонгос руу явсан даа, та мэднэ.
- Аан, тэр сүрхий золигийг саналгүй яах вэ. Чи ийм дөлгөөн байхад тэр яахаараа айхтар хүүхэд дээ. Ах чинь гэхээр Амгалан явчихаж дээ тийм үү? тийм байдаг байж...
Цэцгээ хадам ээжтэйгээ сая л нэг хэдэн үг солив. Хөгшин Цэцгээг аягүй бол хэдэн хүүхдүүдийг нь авчирч хонуулахгүй яваад өгнө гэж бодсон уу, үнэхээр сэтгэл нь зөөлөрсөн үү. Хэрүүлийн далим болгох юу ч ярьсангүй. Дамдин хөгшин ч халуун бүлээрээ суугаадаа сэтгэл нь амарсан бололтой. Гаансаа нэрэн үе үе инээмсэглэх нь ажиглагдана.
Ийн хэдэн өдөр өнгөрч хүсэн хүлээсэн есөн сарын 1н болж сумын төв рүү хөдөлцгөөв. Энэ өдөр сургуулийн хүүхдүүдийн хувьд баярын өдөр мөн даага уралдуулж, хүүхдийн барилдаан сумын төвд болдог юмсанж. Дамдин хөгшин Баянмөнх болоод Тулгаа голын хэдэн хүүхэд даагаа хөтлөн өглөө эрт явцгаажээ. Харин Янжаа, Цэцгээ хүүхдүүдээ аван араас нь хөдлөн Жаргалмаа хөгшин гэртээ үлджээ. Сумын наадмын талбайд очвол хуушуур үнэртэн талбайгаар морьтой хүүхдүүд давхилдан өсвөрийн болон хүүхдүүдийн барилдаан эхэлчихсэн эцэг, эхчүүд ч асар эзлэн сууцгаажээ. Даага гарааны зурхай руу хөдлөв.
Дамдин хөгшин сахалаа илэн: - Дараа жилийн наадмаар муу хүүтэйгээ дахиад ингээд сууж байх юмсан даа. Хөөрхөн моньднууд одоо юүхэн байхав. Давхиад ороод ирнэ. Намрын тарган дааганд энэ ойрхон зай төвөггүй л дээ.
Нээрээ ч удалгүй даага ирлээ гэж хүмүүс хоёр талаар эгнэн зогсов. Баянмөнх барианд дундуур хавьд орж ирсэн ч үнэхээр баяртай байлаа. Учир нь өөрөө уяа сойлгыг нь тааруулсан билээ. Хүмүүс татарч баяр ч дуусав. Харин Тулгаа сургуулийнхаа дотуур байранд нулимс цийлэгнүүлэн үлдэв. Цэцгээ маргаашийн шууданд хот эргэх тасалбараа бичүүлэн Дамдин хөгшнийх рүү буцахаар хөдлөв.
Жаргалмаа эмгэн саравчлан холын бараа харуулдан гэрийн хаяанд зогсож буй харагдав. Янжаа Цэцэгээг хүүхдүүдтэй нь хүргэж өгөөд “Маргааш найз нь эртхэн ирнэ ээ. Миний найз юмаа бэлдэж байна биз”.
- Надад бэлдэх юм юу байх вэ дээ. Яарамгүй ир дээ хө. Янжаа явахад Жаргалмаа хөгшин хүүхдүүдээ үнсэн тосоод ширэв татан гэрт оров. Цэцэгээ ардаас нь орвол ихэд уурласан бололтой:
- Та нар чинь хоосон шахуу сумын төвд юу хийгээд удаад байдаг билээ.
- Өнөөдөр 9 сарын 1-н шүү дээ. Сургуулийн хүүхдүүд маргаашнаас хичээлдээ орцгооно. Та өглөө өөрөө л явахгүй гээд үлдсэнсэн шүү дээ, ээж ээ .
- Тэгээд Баярцэцэг, Баянмөнх хоёрыг яагаад аваад ирэв. Сургуульд нь үлдээхгүй яасан юм бэ.
- Та чинь юу ярина вэ. Маргааш бид хот буцна шүү дээ.
- Тийм билүү. Хот явуулна гэж би хэлсэн билүү гэх мэтээр хөгшний ааш хувирч ирэв.
Цэцгээ нилээн гайхан хэсэг бодолхийлсэн ээ. “Манай хадам ээж нээрээ л болохоо байж дээ. Өдөр өнгөрөх тусам ааш зан нь өөрчлөгдөж, хэлсэн ярьснаа ч мартах нь элбэгшиж” гэж бодоод нэг их юм ярьсангүй. Харин маргааш нь болоход богц дүүрэн цагаан идээ бэлдэж өгөөд шөлний хонь гаргаж өгөхөд нь Цэцэгээгийн нүдэнд яах ийхийн зуургүй нулимс дүүрээд ирэв.
Янжаа ч салж ядах хөгшинг гайхшран хараад бас л дотроо нэгийг бодох шиг. Цэцэгээ нулимсаа нуун “Ээж минь яах нь вэ. Ийм их юм бэлдэж”.
- Хот гэдэг амаргүй газар шүү дээ. Чамд биш ээ, хүүхдүүдээ л их санах юм. Чи ч яахав гангалж гунгалаад явахсан. Өөр юмтай болсон бол хүүхдүүдээ өөр дээрээ авах санаатай байна. Хэзээ ч хойт эцгийн гар харуулахгүй. Энийг чи харин сайн ойлгож явна биз.
- Та минь юу ярина вэ. Намайг хэзээ ч тэгэхгүйг та мэдэх л юмсан ...
- Үнэнийг хэлэхэд залуу хүн насаараа ганцаараа явна гэдэг бас хэцүү юм. Чамд амьдрал ойлгуулна даа. Нялх үрс эхийгээ дагах нь амьд амьтдын хорвоогийн жам хойно. За за, явцгаа ... Үүг олдож үхэр холдлоо. Жаргалмаа хөгшин ярианаас зайлан бөнжигнөх хэдэн дусалаа нуусандаа гэртээ гүйхээгээрээ яаран орсныг Цэцэгээ сая мэдрэв.
Тэрбээр түүнд маш их хатуу хандах хэдий ч бас ч үнэхээр тийм ч муу биш гэдгийг ухаарав. Дамдин өвгөн Цэцэгээг үнсэн “За, миний охин ирж байгаарай. Ээж нь овоо саруул байх шиг байна. Үе үе хямраад байх шиг. Өвөлжөөндөө буугаад эмнэлэг нэг бараадана. Бид хоёр тэгээд очноо, хүүхдүүд дээрээ ...
- Аав минь биеэ сайн бодоорой.
- Хүүхдүүддээ хувцас хунар бэлдэж чадсангүй. Аав нь нэг юм бодно оо. Санаа зоволтгүй.
Ийнхүү Цэцэгээ хүүхдүүдээ дагуулан гэрийн гаднаас Жаргалмаа хөгшний үзэн яддаг “Уаз 469” машинаар хөдлөв. Янжаа энэ хугацаанд дуугарсангүй. Харин машиныхаа толинд харвал Жаргалмаа эмгэн гэрийнхээ баруун зүгээс сүү өргөн сүсэглэх ижийн цацалаар аяны дөрөөг мялааж буй нь үзэгдэв. Янжаа дуугарсангүй, Цэцэгээ ч үг дуугарсангүй. Хоёулаа энэ удаад “Инээсэн бүхэн нөхөр биш. Уурласан бүхэн дайсан” биш гэдэг үгийн утгыг үнэн голоосоо мэдэрчээ.
Автобус хөдлөх дөхжээ. Янжаа Цэцгээг тэврэн “За, миний найз сайн яваарай. Хадам ээжтэйгээ эв зүйгээ олсонд баярлаж байна. Найз нь намар хот орно. Эмнэлэгээр явах байх. Ярина аа”.
- За найз нь очоод залгана аа. Харин миний найз биеэ сайн бодоорой. Ээж харин ..... их өтөлжээ. Өрөвдмөөр ч юм шиг мэдэхгүй юм даа. Найз минь. . .
- Ёстой улаан галзуу хүн байсан. Хүүхдүүд очоод нээрээ л би таньсангүй шүү. Хөөрхий минь уг нь их сайн хүн. Даанч хааяа ..........
- З,а баяртай дараа уулзаяа даа. Цэцэгээ, Янжаа хоёрын хэн нь ч Жаргалмаа эмгэний тухай муу ярьж зүрхэлсэнгүй. Цэцэгээ автобусны сандал дээр унтах үрсээ харан инээвхийлэн хотын зүг явцсаар. Автовокзал руу дөхөн Энхриймаа руу залгав. Тэрбээр хүлээж байгаагаа хэлэв. Цэцгээ автобуснаас буун хүүхдүүдээ сэрээн Энхриймаагийн найз залуу болох Бүрнээгийн машинд суулган бүгд ачаа бараагаа ачаад гэрийн зүг хөдлөв.
Энхриймаа: - За, хөдөө орон нутгаар сонин сайхан юу байцгаана даа. Баянмөнхийгөө хараагүй их удсан байна шүү. Том болжээ. Цэцэгээ миний найз ээлжинд гарахаар чөлөө авчихсан юм уу даа. Хүүхдүүдээ яах вэ?. Гэрт нь үлдээж болохгүй л байх даа.
- Харин тийм ээ. Одоо өнгөрсөн, нэг сар гүрийдэг байх даа. Урнаа эгчийнд л үлдээнэ дээ. Хөдөө ч сайхан байлаа. Харин нэг зүйл л .......
- Юу гэж вэ.
- Ханийхаа газар дээр очиж чадсангүй. Хадам ээжийн бие данги тэгээд л ....
Энхриймаа юу ч дуугарсангүй. Бүрнээ харин дуу шуу байхгүй нэг л хөндий түүртсэн байртайн дээр Цэцэгээгийн гэр рүү явдаг гэр хороололын замын мууг гайхан бухимдахгүй байх нь нэг л таалагдсангүй. Түүний машин намхан тул чулуу шороонд тулах нь сонсогдоно. Энхриймаа гэрт нь буулгаад “За, найз нь явлаа. Одоо ажлаар очиж тооцоо нийлнэ. Өө нээрээ энэ миний найз Цэцэгээ чамд яриад байдаг найз маань” ... гээд танилцуулах гэхэд Бүрнээ цааргалсан маягтай:- Аан, чиний тухай сонссоон. Харин гэртээ авч хонохоо багасагачихвал зүгээр л байна. За за явья хайраа. Надад айлд орох зав байхгүй шүү.
Энхриймаа санаа нь зовсон уу төв царай гарган “Нээрээ энэ маань ажилтай явааг мартчихаж. За, баяртай. Найз нь маргааш ирнэ ээ” гэж хэлээд эргэн хөдлөв. Цэцэгээ хүүхдүүдээ дагуулан гэртээ орон сая нэг сэтгэл амарсан янзтай. Гэр орноо янзлан ачаа бараагаа уудлав. Баярцэцэг ээждээ туслан тавгийн идээнд ааруул хийн дүүргээд:
- Эмээ таны дуртай чихэртэй ааруулыг атгасанэ. Энэ байна. “Ээж чинь дуртай. Би мөн ч дургүй. Одоо бодоход яагаад заавал өөрийнхөөрөө байлгах гэдэг байсан юм бол доо. Чи ч мөн адил дуртай золиг шив дээ. Эмээ нь зөндөө хийж өгье” гээд хийж өгсөн юм. Хүн орж ирэхэд амттай гоё биз дээ, ээж. ...
- Эмээ нь өөр юу гэж байна. Эмээ чинь надад их муу хүн ... Үгүй ээ надад уурлаад байдаг юмсан.
- Үгүй дээ. Эмээ бид нарт бүгдэд нь сайн ханддаг, харин хааяа л ... уурлаад байдаг ... Цэцэгээ Жаргалмаа хөгшинтэй зөрөлдөх үе байсан ч, тэр бүр өөрийнхөөрөө зүтгэдэггүй байсан ба Баясгалан Цэцэгээг өмөөрч эмгэнтэй ам зөрөх аятай тул бүр ч хөгшнөөс зөрөхөө байсан юмсанж. Хэдий муу муухайгаар хэлүүлсэн ч гэлээ, Жаргалмаа хөгшин түүнийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаггүй гэдгийг Цэцгээ ойлгон хөөрхий хөгшин алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн ганц хүүгээ алдсандаа. Сэтгэл санаа нь шаналсандаа л хатуурхдаг буй хэмээн бодлогоширов.
Үргэлжлэл бий...
Хард овогт Ц.Билгүүн
Бүтэн унших
Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997
Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021
Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034
Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048
Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060
Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312
Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127
Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143
Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148
Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160
Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177
Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199
Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232
Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253
Сэтгэгдэл (19)