Үргэлжлэл нь...
Цэцгээ хоолоо идэх зуур өнөө бүсгүй ирж хажууд нь суугаад:
-Чи хаанаас ирсэн бэ?
- Би баруун аймгаас ирсээн. Хотод ирээд сар л болж байна...
- Би ч гэсэн баруун аймгийнх. Чи ингэхэд хэдтэй вэ, нууц биш бол.
- Чи намайг чи л гээд байх юм. Би 34-тэй, энэ жил ...
- Айн, чи юу. Худлаа байлгүй дээ... Би 25 тай шүү дээ.
- Үнээн, харин би чамайг тийм байх гэж бодсоон...
- Чамайг гурван хүүхэдтэй гэхэд итгэхээргүй юм аа. Одоо итгэж байна шүү. Чи ингэхэд 3 хүүхэд гаргасан царай биш ээ. Үнэхээр залуухан, үеийнхнээсээ шүү ... Намайг Энхриймаа гэдэг. Нээрээ манай эрэгтэй ажилчид чамайг бүр аймар харж байгааг анзаарсан уу. Нөхөртэй юу.
- Тиймээ нөхөртэй. За юу гэж дээ. би ч ажлаа хийе дээ. Орой эрт харихгүй бол хүүхдүүд хэцүүдэнэ.
- Нутгийн эгч, биш ээ. Анхнаасаа чи гэсэн юм чинь найзууд л байя. Чи ямар ч байсан гурав дахь өдөр угааллаган дээр ажиллана шүү. Дараа нь би нэг юм бодно оо.
- Баярлалаа чамд ...
Цэцэгдэлгэрын ажлын анхны өдөр дуусч гэрийн зүг явав. Тэрбээр үнэхээр ч наснаасаа залуу харагдах төдийгүй үзэсгэлэнтэй жирийн монгол бүсгүй билээ.
Яг гурав хоног угаалганд ажиллаад хуушуур чимхэх ажилд томилогдов. Энхриймаа түүнийг их л дотночилоно. Цэцэгдэлгэр ийнхүү ажил албандаа ч дасаж, Баярцэцэг охин ч арын албыг найдвартай хашиж байлаа. Хэсэг хугацаа өнгөрч наадам дөхжээ. Дэлгэрбаяр хөдөөнөөс ирэх цаг ойртов. Цэцэгдэлгэрийн ажлыг тарахаар гэрт нь хүргэж өгөх гэсэн, танилцахыг хүссэн залуус мэр сэр мэдэгдэх болжээ. Гэвч тэрбээр нөхөр, хүүхэдтэй гэдгээ эвтэйхэн ойлгуулаад л өнгөрөнө. Заримдаа үг дуугүй уурлах нь ч тохиолдоно. Нэгэн орой хэсэг согтуу нөхөд түүнийг хоргоож “Жаахан охин аятай яагаад байгаа юм бэ. Арай чи чинь ...” гэх зэргээр татаж чангаав. Энэ үед байнга орж ирж хоол иддэг автомашины засварчин залуу ажлынхаа залуустай хажуугаар нь явж таарсан бөгөөд согтуучуудыг айлгахад нөгөөдүүл нь ч арилаад өгч. Цэцгээ баярласнаа хэлээд автобус руу гүйсээр сая нэг амжиж суугаад тайвширав.
Юунаас болсныг мэдэхгүй ч түүний нүднээс том нулимс дуслана. Гэрийнхээ ойролцоо ирээд хувцас, хунар, нүүр янзлаад гэрт орвол Дэлгэрбаяр, Оюун, Ану гурав ирсэн байх нь тэр. Зөндөө хоол, хүнс бас хүүхдүүдэд хувцас хунар авахаа мартсангүй.
Дэлгэр: Та чинь жаахан хүүхдүүдээ хаяж явж болж байгаа юм уу. Ажил хийж байгаа гэх юм. Нэг жилдээ зүгээр сууж бай гэж хэлсэн дээ.
- Аан тэр үү. Эгч нь холгүй нэг ажилд орсоон, санаа зоволтгүй. Юу ч хийхгүй гэрт байх бас хэцүү юмаа. Өдөр хоног ч өнгөрөхгүй. Тэгээд ч хэдэн хүүхэддээ хичээлийн хэрэглэлийг нь бэлдэж өгье.
- Өвөл болохоор ажлаасаа гараарай, та гэж шаардах нь эгчийгээ хайрласаных билээ.
-За за, Ану минь яасан том болоо вэ. Оюуны ажил сайн уу?.
- Сайн сайн, бид хоёр ирэх гэсээр бүр амжсангүй ээ. Хэдүүлээ наадмаар нэг гэр бүлээрээ гарцгаах уу. Би Урнаа эгчид хэлчихье.
- Тэгье ээ. Би амралтаа зохицуулахыг бодьё.
Нэгэн орой Дэлгэрийнхэн ирж хөл хөөртэй өнгөрүүлэв. Саяхан байсан айдас түүнээс замхран алга болжээ. Маргааш ажилдаа ирж өнөө л хийж сурсан алжаа хийх зуур өчигдөр болсон таагүй явдааа Энхриймаад цухуйлгав.
Тэрбээр: Битгий оройтож бай, шаардлагагүй бол эрт явж бай. Яачих ч юм билээ, муу сайн архичид. Солио галзуу хүмүүс ч бий шүү, найз минь. Гэхдээ Төрөөтэй яаж таарав ашгүй. Төрөө бид хоёр үерхээгүй л болохоос найз байхгүй юу. Уг нь их дажгүй залуу. Даанч модон хэлтэй, мэдэхгүй ээ. Дуу цөөтэй сонин хүн шүү.
- Харин тэр залуу тааралдаагүй бол нээрээ яах ч байс юм, бүү мэд.
- Ингэхэд нөхрөөрөө тосуулж бай. Хот гэдэг газар чинь орой үдэш тийм ч сайхан газар биш шүү. Би танай нөхрийн барааг ер харсангүй.
... Тэрбээр юу ч дугарахгүй гал тогооны өрөөнд орон ажилдаа бэлтгэв. Энхриймаа нөхөртэйгөө таарамж муутай юм болов уу. Арай салчихаад энд ирсэн юм биш байгаа гэх таамаг дэвшүүлээд мөн ажилдаа оров. Өдөр цайны цагийн алдад өнөө засварчин залуу орж ирэв. Тэрбээр Цэцгээ рүү нэг харснаа юу ч болоогүй юм шиг захиалдаг хоолоо захиалж ширээнд очиж суув. Түүний хажууд Энхриймаа суугаад тачигнатал инээн Төрөөгийн мөрөн дээр айлгүйтэн цохингоо Цэцгээг “Энд суучих. Гурвуулаа хамт сууя” гэж дуудав. Тэрбээр бүгдийнх нь хоолыг зөөн тавиад Энхриймаагийн хажууд суув.
Энхриймаа: Хүүе, Төрөө чамд баярласан шүү. Чи таараагүй бол яах ч байсан юм билээ, тэ.
Цэцгээ: Баярлалаа нээрээ аймар хүмүүс байна лээ шүү.
- Зүгээрээ тэд нар жинхэнэ аймар хүмүүс нь биш л дээ. Согтуурхсан л залуус.
- Тэгсэн ч баярлалаа.
- Зүгээрээ, нэг их сүртэй юм биш дээ. Явахдаа 20 ширхэг бууз аваарай. Өө, наашаа гээд авч Төрөө тавагтай хоолоо , буузтайгаа аван гараад явчихав. Энхриймаа гайхан “Энэ одоо яаж байгаа юм бол, юу вэ. Бүр уур хүргэчихлээ байна. Хоёрын хоёр эмэгтэй сууж байхад чинь өөрийгөө юу гэж бодсон юм бол. Чи сая харсан уу. Иймдээ л ганцаараа яваа байх доо, жожиг амьтан.
- Чи Төрөөд сайн гээд хэлчихээч, нүүрэн дээр чинь бичээстэй байна шдээ ./инээв/
- За үгүй ээ. Намайг гуйдаг залуучууд нэг, хоёроор тогтохгүй шүү. Боломжийн залуус ч олон байна, үгүй байх аа.
-Тэгээд яагаад Төрөөг хараад чиний нүд гэрэлтээд байдаг билээ. Би гадарласан юм аа хэхэ. За за ажлаа хийе.
- Миний нүд яасан юм. Тэр муухай тосонд хутгалдсан хар юмаар би яах вэ......
Цэцгээ инээмсэглэн гал тогоонд орж, Энхриймаагийн нууцхан зүрх сэтгэлийг нь ил гаргачихав уу даа хэмээн бодно. Орой болж гал тогоогоо цэвэрлээд зааланд гарвал Энхриймаа нилээн халсан бололтой үнэртүүлчихсэн “Хоёулаа нэг газар жаахан сууя, тэгэх үү. Миний дотор давчдаад байна.
-Хүүхдүүд хүлээж байгаа би амжихгүй байх аа.
- Тэгвэл хоёулаа очьё л доо. Би танай нөхөртэй ч танилцая.
- Чи чинь уудаггүй хүн дээ. Гэрт чинь хүргээд өгье дөө. Төрөө машинтай биз дээ.
- Тэрнийг битгий ярь. Өөдгүй новш. Юу ч ойлгодоггүй, муу мал. Би үзэн ядмаар байна. Тэр хэн ч биш шүү дээ. Би Бүрнээтэйгээ сууна аа.
Цэцгээ аргагүйдэж түүнийг гэр рүүгээ авч явахаар шийдэв. Оройн ээлжийн зохион байгуулагч эрт ирсэн. Тэгээд оюутны ангийнх нь хоёр бүсгүй ирсэн харагдаж байсан тул хэнтэй уусан нь тодорхой болов. Гэр рүүгээ такси барьж ирвэл хүүхдүүд нь тэврэн угтав. Бүгд ээжийгээ хайрлан эрхлэх халуун дулаан уур амьсгалыг хараад Энхриймаагийн сэтгэл ихэд уярав. Согтуу дээр нь эмэгтэй хүн уяхан байхаас ч яахав. Тэрбээр юу ч хэлэхгүй уйлна. Цэцэгдэлгэр ч аргадсангүй, дотроо онгойлгох нэг арга энэ гэдгийг өөрөө мэдэх тул юу ч хэлсэнгүй. Харин 5 настай Баянжаргал охин түүн рүү ойртон жижигхэн нусны алчуураа гарт нь атгуулав. Энхриймаа нүдээ том болгон “Баярлалаа, ямар ч ухаантай юм бэ дээ, уучлаарай эгчийгээ” гээд нулимсаа арчив. Түүний уусан юм мэдэгдэхүйц гарчээ. Баярцэцэг ирсэн зочиндоо хоол аягалан барив.
- Танай том уу. Хөөрхөн охин байна. Яг чам шиг ..... баярлалаа миний дүү...
- Чи ингэхэд яагаад уугсан юм бэ.
-Ууна аа, өнөөдөр ууна шүү. Үнэхээр муухай байна. Цэцэгдэлгэр бага охиноо унтуулж, охин, хүү хоёроо хашааны айлынхаа өвгөн, эмгэн хоёрынд оруулав. Тэрбээр тун тухтай сууж аваад Энхриймаатай хоёр ч дарс тонгойлгочихов. Энхриймаа нилээн ч согтсон бололтой. “Би байна шдээ. Айлын том охин, гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Сургалтын төлбөрөө өөрөө олж төгссөн. Надад хоёр дүү бий, муусайн амьтад. Мөнгө авахаас өөр ид шидгүй. Хааяа бүр үхмээр санагддаг гээч. Аав нь архичин, ээж нь өвчтэй, хоёр дүү нь өөдгүй новш. Би яах юм бэ. Хэдий гоё сайхан байгаад яах юм бэ. Эцсийн эцэст тэр муу хоёр новшийн төлөө л явж байна. Өөдгүй амьтад, төлбөрийг нь төлсөн байхад сургуульдаа явахгүй байгаа новшийг ямар дүү гэх юм бэ.... Одоо сургуулиасаа гарна гэнээ. Энэ жил сурахгүй гэнэ. Би их сургуульд сурах гэж ямар их зовлоо доо.... Цэцгээ, манай ээж бөөрний дутагдалтай. Эмнэлэгээр ямар их явдаг гэж санана. Хөөрхий ээж минь, аав бол архичин. Ха ха ха. Чи намайг ганган, хөөрхөн гоё хүүхэн гэж бодсон уу. Үгүй шүү, үгүй. Бүгд худлаа баг. Харин муу охин дүүгээ л хамаагүй эрхлүүлчихжээ, би” ... гээд нулимсаа үл мэдэг унагана.
Цэцгээ түүний дэлгэж буй сэтгэлд нь хоолой арган шилтэй нь хэд хэд хөнтрөөд Энхриймааг тэврэн “Төрөөгөөс болж ингэсэн юм болов уу” гэсэн бодол нь замхран алга болов.
Энхриймаа: Танай нөхөр ирвэл бид хоёрыг загнах байхдаа, би хэлчихье ээ. Чи битгий санаа зов. Танай хүүхдүүд яасан хөөрхий юм бн. Найз нь бүр сэтгэл догдлоод ....
- Манай нөхөр ирэхгүй ээ.
- Өө ашгүй. Тэгвэл хоёулаа өнөөдөр чөлөөтэй юм биз дээ.
- Тэр маань хэзээ ч ирэхгүй ээ... Холоо явчихсан юм. Би 20-хон настай жаахан охин байж билээ. Тэгэхэд анх танилцсан юм. Яагаад ч юмбэ, тэр үед түүндээ маш их хайртай болсон. Удаа ч үгүй том охиноо төрүүлж нөхрийгөө дагаж явсан даа. Бид хоёр таван хүүхэдтэй болно гэж ярьдаг байлаа. Түүнтэйгээ 10 гаруй жил амьдарсан юм. Маш ухаалаг бас их амархан гомддог хүн байж билээ. Тэр нэг өдөр л гэрээсээ гараад эргэж ирээгүй юм. Би л түүнийхээ оронд явах байсан юм.
Энхриймаа сая нэг ойлгож нулимсаа татан нүүрээ арчаад юу болсоныг асуух гэсэн ээ. Үгээ залгив. Ийн хоёул зүрх сэтгэлийнхээ гүн дэх нугачаанаас хуваалцан нэгэн шөнийг өнгөрөөжээ.
Өглөө болж хоёр найз босож гар нүүрээ угаан нүүр амаа будацгаана. Баярцэцэг хоол халааж, аягалан ширээн дээр тавиад урдын л адил гэр орноо цэвэрлэнэ. Хоёул хоолоо идээд цагтай уралдан ажилдаа явахаар босов. Цэцгээ хүүхдүүдээ үнсэж, томоотой байхыг захиад гэрээс гарч автобусны буудал руу зүгэлэв. Хоёул явсаар автобусанд суув.
Энхриймаа: Шартаад байх шиг байна. Толгой өвдөж үхэх нь ээ. Чи гайгүй юу.
- Би зүгээрээ, чамаас бага уусан шүү дээ. Өчигдөр харин ярьсан бүгд чинь үнэн биз дээ.
- Юу тэр вэ. Баахан юм ярьсан уу. Уучлаарай, мартаа бүгдийг нь...
- Угаасаа санахгүй байна аа. Төрөөд хайртай гээд уйлаад байсныг чинь л санаж байна. Бүрнээ гэж хэн юм бэ, нээрээ....
- Айн Бүрнээг бас уу. Мартаа хэн ч биш ээ...
Цэцгээ түүгээр тоглоом шоглоом хийх хэдий ч нуруундаа ямар их ачаа үүрсэн ямар сүрхий охин бэ? гэсэн бахархлын нүдээр мөн өрөвдсөн ч юм уу харцаар харж инээмсэглэнэ. Ажил ч урдын адил өрнөсөөр Төрөө орж ирж хоол иддэг байсан бол авч явдаг болов. Энэ нь магадгүй наадам дөхөж ачаалал ихтэй байгаатай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй юм. Цэцгээ эзэн хүүхэнтэй ярьж байгаад наадмын 2 дахь өдөр чөлөө авав. Хотод ирсээр анх удаа хүүхдүүдтэйгээ гадуур гарах гэж буй нь энэ юм. Наадмын хоёр дахь өдөр болж хүүхдүүд ч бөөн баяр болж гоё хувцсаа шилж өмсөөд Дэлгэрбаярын машинд сууцгаав. Цэцэгдэлгэр өнөө бэлгэнд авсан зүүлт, даашинз, гутлаа өмсөн гангарч аваад гарав. Оюун түүний хүзүү рүү үнэртэй ус цацаад “Одоо миний эгч ёстой төгс боллоо, за явцгаая”.
Цэнгэлдэх хүрээлэнгээр хэд хэд тойрч хуушуурын мухлагт тухлах зуур Урнаа хоёр хүүхэдтэйгээ ирэв. Цэцгээг тэврэн “Хүүе яасан гоё болсон юм бэ. Бас үнэртэн цацчихжээ. Тэр яах вэ. Нээрээ танай өвгөн хадам ирчихсэн байна лээ. Өглөө манайхаар ороод гарсан. Нэг охин дагуулсан явсан. Нөгөө бага охин нь байх аа. Нилээн яравгар, олон үгтэй хог байна лээ, жаахан юм байж. Би ч чамайг бодоод юу ч дугараагүй шүү. Орой танайхаар очих байх”.
- Ойлголоо, Дэлгэрт битгий хэлээрэй. Цаадах чинь ямар билээ дээ. Тэгээд ч манай хадам талд их дургүй хүн... Харин ч удаж ирлээ. Хөөрхий хөгшин сайн хүн байгаа юм. Яагаад хүүгээс нь бусад нь ийм өөдгүй болоод төрсөнг мэдэхгүй юм. Ач нараа харах нь зүйн хэрэг шүү дээ.
- Гэхдээ тэр охин нүд ам нь гялалзаад л нэг их таалагдаагүй ээ.
- За яахав дээ, эгч минь яав л гэж.
Тэд өдөржин хүүхдүүдээ тоглуулав. Ганцхан Баярцэцэг л элдэв юм авахуулахгүйн дээр янз бүрийн тоглоом ч сонирхохгүй зөвхөн ээжийнхээ гараас хөтлөн явна.
Дэлгэр : Миний дүү яагаад л ээжээсээ салахгүй байгаа юм дээ. Чихэр, жимс ч идэхгүй юм уу. Тоглоом ч тоглохгүй юм.
- Би ямар жаахан хүүхэд биш дээ. Тэгээд ч дунд ангид орж байгаа юм чинь улам их хичээх хэрэгтэй байна.
- Хэ хэ, ямар мундаг юм бэ. Хэлж байгааг нь хараад байгаарай.
Оюун: Баярцэцэг маань сүрхий охин доо. Ямар ч хоол хийж чаддаг болсон. Чихэр, боов янз бүрийн амттанаа эхлээд дүү, ээж нартаа өгөөд дараа нь өөрөө иддэг. Та нар анзаараагүй л болохоос миний дүү чинь тэр чигээрээ хайр байхгүй юу хэмээн инээмсэглэн Баярцэцэгийн нөгөө гараас хөтлөнө.
Ийн хөгжилдөн гүйсэн нэг өдөр өнгөрч гэрийн зүг хөдлөв. Цэцгээ, Дэлгэрийг зогсоон ажлынхаа ойр хүүхдүүдээ дагуулан буув. “Бид хэд эндээс жаахан алхна,а баярлалаа. Миний дүү харь даа, санаа зоволтгүй гэв. Цэцгээ, Баярцэцэг хоёр Баянааг дундаа хөтөлж Баянмөнх урд нь нааш цааш гүйн хөөрцөглөсөөр Цэцгээгийн ажлын урд ирэв.
- Энэ ээжийнх нь ажил. Та хэд ороод томоотой байна шүү.
Үүдээр орвол Энхриймаа инээмсэглэн угтан “Хүүе ямар сонин хүмүүс вэ, алив. Баянаа миний дүү эгч дээрээ хүрээд ир. Хөөрхөн гэдэг нь, өнөөдөр гоё явцгаав уу?.
- Баярлалаа чамд, миний оронд ажиллаж байгаад. Бид хэд өдрийг сайхан өнгөрүүллээ.
- Зүгээрээ, за байз. Та хэдийг дайлна аа.
Цэцэгдэлгэр, Энхриймаа хоёр гал тогоонд хоол бэлтгэнэ. Хоолны зааланд зөөгч охидууд Цэцгээ эгчийнхээ хүүхдүүдтэй танилцан Баянааг өхөөрдөнө. Ээжийнхээ ажил дээр сайхан хоололцгоож гэр рүүгээ алхсаар хашааныхаа гадаа ирцгээв. Хаалгаар орвол Дамдин өвгөн, бага охин Баярмаагийн хамт зогсож байв. Хүүхдүүд бүгд шуугилдан өвөө гэсээр өвгөний зүг гүйв. Дамдин хөгшний ядруу царай сая нэг баяр баясгалангаар дүүрч нүдэн дэх зөөлхөн бөнжигнөөг унагахгүйг хичээн Цэцэгдэлгэр рүү инээвхийлэн харлаа.
Ийн өвөөтэйгөө уулзалдан бөөн баяр хөөр болгоосон хүүхдүүд өвгөний хормойг дүүргэнэ. Гэрт орж Цэцэгээ хадам аав, дүүдээ цай чанан аягалан барив. Баярмаа жишим ч үгүй хар цагаан дуугүй дууна.
Дамдин ам нээн: Цэцэгээ миний охион, чамтай харин нэг юм зөвлөлдөх гээд. Хоёр багыгаа аав, ээж хоёртоо өгчих. Баярмаа дүү чинь хүний хүн болсоор хүүхэдгүй бас ч хэдэн жил болчихлоо. Багыгаа ядаж өгчих. Олон хүүхэд ганцаараа өсгөх чамд ч хэцүү шүү дээ. Тэгээд ч хар элгийн хүмүүс биш дээ. Тус тусад нь л харж байна гэж ойлгож болно шүү дээ.
- Үгүй дээ, аав минь. Эд минь бие биенээсээ салахгүй. Би яалаа гэж салгах вэ дээ. Би явахдаа ч танд хэлсэн шүү дээ. Би та хэдээс хөндийрүүлэхгүй ээ. Гагцхүү салгаж өгч чадахгүй гэж.... Харин хүүхдүүддээ хичээлийн амралтаар нь явуулж болно шүү дээ.
Баярмаа уурлан: Би танд хэлээ биз. Энэ хүүхэн чинь ийм дотуур тамиртай амьтан ш дээ. Хүүхдүүдээ урвачихна гээд үхэх нь л дээ. Энэ өмссөн зүүснийг нь хараад байгаарай. Тогос шиг гоёчихсон. Миний ахын толгойг залгичхаад хамаг эд хөрөнгө, малыг нь үрчхээд . Өөрийгөө гангалж, гэдсээ илээд хэвтэж байдаг биз. Харанхуй нүхэн дотор хэдэн хүүхдүүдээ суулгачихаад байж байгааг нь ээ. Ямар ч байсан би Баянааг авахдаа л нэг авна. Чамайг бодвол гурван өрөө байртай. Чиний энэ муу овойхоогоос чинь л хавь дээр биз. Баянмөнх миний дүү ч гэсэн эгчтэйгээ амьдарна, ойлгосоон.
- Чи чинь юу яриад байна. Энэ гэр бид хоёрын айл болж орсон өргөө минь шүү. Чи мартчихсан юм уу. 10 жилийн хүүхэд байхдаа энэ харанхуй нүхэн дотор амьдарч байснаа. Чиний яриад байгаа байрыг авахад хэн хөрөнгө оруулллаа. Чи мартчихсан юм уу. Надад эд хөрөнгө байтугай, өнчин хурга ч харамласан нь хэн билээ. Миний дүү дуугаа жаахан аяархан хүүхдүүд сонсож байна...
- Чи бүр өнгөрсөн юм сөхөж байгаа юм уу. Манайд чи юутай ирсэн юм бэ. Угаасаа хоосон ирээ биздээ. Тэгээд хоосон л буцаа биз дээ. Гомдох эрхгүй шүү. Хэдэн жил гэдэс цатгалан санаа амар амьдарсандаа баярлаж яв. Угаасаа манай ах чамаас болж өнгөрсөн. Тийм биздээ, чи мэдэж байгаа биз дээ. Би ахыгаа гэсэндээ л чамаас хэдэн хүүхдээ салгаж авах гэж байна. Чи яачих ч юм билээ.
- Тиймээ, би юу ч үгүй очсон. Ханийнхаа эндсэнд шөнө бүр харамсдаг. Чи өнгөрснөө мартажээ. Бид хоёр ямар байсныг чи хамгийн сайн мэдэх хүн дээ. Ийм юм ярьж зүрх шархлуулах гэж чамайг би эндүү бодож явжээ. Бид хоёр чамаас юугаа ч харамлаагүй дээ. Тооцоо ярьвал чи л бидэнд нилээн тооны өртэй байх шүү. Би л ханийхаа ясыг өндөлзүүлээд яахав гээд дуугуй л яваа шүү. Надад байгаа ганцхан өмч минь энэ хүүхдүүд. Би яасан ч эд нарыгаа салгахгүй ойлгов уу.
- Чи бүр цагаандаа гарчээ, муу гуйлгачин чинь .....
Дамдин өвгөн: Дуугаа тат чи. Эхийгээ дуурайсан муу хар санаатай золиг. Эгчийгээ юу гэнэ гэнээ, өөдгүй амьтан бэ. Цэцэгээ миний охин энэ галзуугийн үгийг битгий сонс. Одоохон эгчээсээ уучлалт гуй .
- Үгүй ээ, чадахгүй. Ээж бид хоёр шүүхдээд ч хамаагүй ахынхаа хүүхдүүдийг чамаас авахдаа л авна, хараарай гээд хаалга саван гарав.
Дамдин өвгөн гуниглангуй нүдээ нухлан “Муу зөнөг толгой. Яах гэж тийм юм ярив даа. Муу охиноо гомдоочихов уу даа. Аав нь зүгээр л та нарыгаа санаад байна. Үр үндэснүүдээ үгүйлэх юм байна шүү дээ” гэв.
- Та ингээд яв даа. Хөдөө явахаас тань өмнө бид хэд уулзана аа.
Дамдин ач нараа үнсээд Цэцэгээгийн духан дээр үнэрлэж “Хөгшин би юу удааж дээ. Миний охин сайн бодоорой” гэсээр хаалгаар гаран явав. Баярцэцэг сая нулимстай нүдээ арчаад “Эндээс нүүцгээе. Хэний ч олохгүй газар явж болно биз дээ, ээжээ”.
- Хаачих вэ дээ, хэдүүлээ. Баярмаа эгч нь уурандаа олон юм ярьж байгаа юм. Миний охин битгий уйл ... Цэцэгээ Баярмаагийн үгэнд нэг их гомдож уйлсангүй. Харин Дамдин хөгшинг л өрөвдөхийн эрхэнд нулимс нь бүрхэнэ. Яагаад гэвэл, хадам аав нь Баясгаланг өнгөрснөөс хойш илт хөгширч цог золбоолог нүдэнд нь гуниг хурах болсныг мэдэх билээ.
Тэрбээр түүний хэлсэн үгийг бодно.
Үргэлжлэл бий...
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь.....
Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997
Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021
Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034
Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048
Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060
Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312
Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127
Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143
Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148
Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160
Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177
Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199
Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232
Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253
Сэтгэгдэл (53)