Нэгэн үе АН-аас нэр дэвшинэ гэх дуулианд нэр холбогдож, бүр 100 сая төгрөгөө тушаасан гэх явган ярианы эзэн болоод байсан хошууч генерал Б.Хурц УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр “өмгөөлүүлэх” гэсэн асуудалд нэр холбогдоод буй. Тэгвэл яг энэ цаг үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр яллагдагчаар татагдаж, шүүхийн босго даваад буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат болон О.Бямбажав, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагаас эхэлсэн ч шүүх хурал хойшиллоо.
Тус шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, эрүү шүүлт тулгах зэрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх байсан юм.
Нийслэлийн Прокурорын газраас дээрх шүүгдэгчдэд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-ээс 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./, Мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 /Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Гэвч шүүх хурал хойшиллоо. Учир нь Салхитын ордоос хахууль авсан хэргээр шүүхэд дуудагдсан нэр бүхий шүүгч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр мөн болж буй. Уг хэрэг дээр өмгөөллийн туслалцаа үзүүлж буй зарим өмгөөлөгчид Б.Хурц тэргүүттэй зарим шүүгчдэгчийг өмгөөж буй аж. Энэ утгаараа хоёр шүүх хурал давхацсан байна. Тиймээс Б.Хурц нарын шүүх хурал 09.00 цагаас эхэлсэн ч шүүх хурал давхацсан шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгч нар гаргасан байна. Шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 8-ныг хүртэл хойшлууллаа.
Сэтгэгдэл (7)