Цар тахалтай холбогдуулан цементийн үнэ нэмэгдэх болсон. Энэ талаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зонхицуулах газрын дарга Б.Гантулгатай ярилцлаа.
-Цементийн үйлдвэрт ажиллах гадаад иргэдийг авчрахаар УОК-т хүсэлт гаргасан гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгдсэн. Нийт хэдэн ажилтан авчрах хүсэлт гаргасан юм бол?
-Инженер, техникийн ажилтан авчрах хүсэлт гаргасан. Зарим хэвлэлээр зөрүүтэй мэдээлэл цацагдаж байна лээ. Өөрөөр хэлбэл, “Мөнхийн баян гал”, “Монцемент” компанийн үйлдэрийн тоног төхөөрөмжийн тохируулга зэрэг нарийн мэргэжлийн 14 гадаад иргэн авчрах шаардлагатай байна. Нөгөөтээгүүр, дан хятад ажилчид гэж иргэд ойлгосон байна лээ. Австрали, Солонгос, хятад зэрэг улсаас ирэх инженерүүд гэдгийг онцлон хэлье.
-Эдгээр инженерүүд өөрсдөө ирэх боломжтой гэдгээ илэрхийлсэн үү?
-Боломжтой гэдгээ хэлсэн. Хорио цээрийн дэглэм үйлчилж байгаа энэ үед тусгай горимоор оруулж ирнэ. Журамд заасны дагуу үйлдвэрийн байранд тусгаарлахаас эхлээд шаардлагатай бүх арга хэмжээг авна.
-Цементийн үнэ нэмэгдэж байгааг иргэд шүүмжилсэн. Энэ цементийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйгээс болж байна уу. Эсвэл өөр хүчин зүйл нөлөөлж байна уу?
-Цар тахалтай холбогдуулан олон хүнийг нэг дор цугларахыг хориглосон. Нөгөөтээгүүр, Дарханы цементийн үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс ажиллаж эхлэх ёстой байсан. Гэтэл Дарханд тохиолдол илэрсэнтэй холбогдуулан онцгой горим тогтоож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас ажиллаж эхэлсэн. Мөн Дорноговиос тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Монцемент үйлдвэр 30 хувийн нөөц боломжоор ажиллаж байна.
Ингэхээр үйлдвэрийн хүчин чадал байлаа гээд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж хомс байна. Гэхдээ “Монцемент” компани он гарснаас хойш 100 мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Эдгээрийн дийлэнхийг төмөр замын бүтээн байгуулалтад ашиглаж байна. МАК-ийн хувьд 150 мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Гол худалдан авагч нь Оюутолгой зэрэг томоохон уул уурхайн компаниуд бий. Эдгээрийн нийлүүлэлт тасалдаагүй. Харин жижиглэнгийн зах зээл дээрх цементийн үнэд савалгаа орсон. Учир нь үйлдвэрүүд нийлүүлдэг хэмжээгээр нийлүүлж байгаа. Гэтэл үйлдвэрээс татан авалт хийж иргэдэд дамжуулдаг ченжүүд үнэ хөөргөх асуудал гаргаж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрүүд үнээ огт өсгөөгүй. Задгай цемент гэхэд 145-150 мянга, савалгаатай нь 155-160 мянган төгрөгийн хооронд байгаа. ШӨХТГ-аас борлуулагч нарт хяналт тавин ажиллаж байна.
-МАК, “Монцемент” компанийн үйл ажиллагаа зогссон гэсэн.
-Дорноговь аймгийн хэмжээнд цахилгааны эрчим хүчний засвар хийгдэж байна. Энэ ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Аль жилийн өмнөөс төлөвлөсөн асуудал. Удахгүй үйлдвэрийн горимоор ажиллаж эхэлнэ. Дээр нь шаардлагатай инженер, техникийн ажилчид гаднаас ороод ирвэл цементийн нийлэлтэд санаа зовох зүйлгүй болно.
-Үйлдвэрүүд хэзээнээс хэвийн ажиллаж эхлэх вэ?
-Маргаашнаас хэвийн ажиллаад эхлэх байх. Гурван өдрийн хугацаанд цахилгааны хязгаарлалт хийгдэж байгаа.
-Үйлдвэрүүд зогсохоор томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай цемент тасалдах эрсдэлтэй юү?
-МАК, Монцемент хамгийн эрт ажлаа эхлүүлсэн учир Оюутолгой өөрийн нөөцөө бүрдүүлж амжсан. Харин “Хөтөл цемент”-ийн хувьд дөрөвдүгээр сар гаргаж байж ажлаа эхлүүлсэн.
-Баруун аймгуудыг Монцемент компани цементээр хангадаг. Энэ тасалдсан уу?
-Өргөний үйлдвэр цахилгааны хязгаарлалтын улмаас зогссон. Гэхдээ клинтерээ татаж 22-ын товчоонд дээр тээрэмдэж, баруун аймгуудыг цементээр хангаж байна. Цахилгааны хязгаарлалт дуудсахаар үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
-Цементийн үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилчдаас гадна өөр бусад төслүүдэд ажиллах шаардлагатай хэчнээн гадаад иргэн бий вэ?
-БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэд хэдэн томоохон төсөл хэрэгжих учиртай. Төслийг тухайн санхүүжилтийг хийсэн улсын компаниас нарийн мэргэжлийн инеженерүүд ажиллах ёстой. Цэвэрлэх байгууламж, Ногоон нуур 1080 айлын орон сууц хөтөлбөр гээд олон төсөл бий. Манай салбар яамны зүгээс шаардлагатай төслүүдэд ажиллах инжер, техникийн ажилчдыг тусгай горимоор хэрхэн оруулж ирэх, шаардлагатай ямар арга хэмжээ авах талаар нарийн төлөвлөгөө гаргаж, УОК-т танилцуулсан. Шийдвэрлэж чиглэл өгөх байх.
-Тусгай горимоор орж ирэх иргэдийг хаана тусгаарлах юм бол?
-Ажлын байран дээр нь тусгаарлах төлөвлөгөө боловсруулсан. Өөрөөр хэлбэл, цементийн болон барилгын, цэвэрлэх байгууламж зэрэгт ажиллах инженер, техникийн ажилтныг тусгаарлах байрыг тухайн ААН гаргаж бэлдсэн. Үүнтэй нь ажлын хэсэг танилцсан.
-Ногоон нуурын 1080 айлын орон сууцны төслийн хэрэгжих байршил нь хотын төвд. Гэтэл гадаадаас ирсэн иргэдийг төвд тусгаарлах нь эрсдэл үүсгэхгүй гэж үү?
-Шууд төв дээр буулгаж, тусгаарлахгүй. Эхлээд хилээр орж ирэхээс өмнө тусгаарлаж, хянана. Үүний дараа шинжилгээ хийж халдваргүй гэдэг нь батлагдсаны дараа ажлын байранд дээр тусгаарлаж ажиглана. Шат дараатай олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-Энэ төлөвлөгөөгөө хэзээ боловсруулж УОК-т хүргүүлсэн юм бэ?
-Өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Үндсэндээ хоёрдугаар сарын сүүлчээс эхэлж судалж, төлөвлөсөн ажил.
Г.Нацаг