Энэтхэг улсад иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг УОК-оос гаргасан билээ. Энэ дагуу эхний ээлжийн тусгай үүргийн онгоц Улаанбаатар-Ханой, Дели-Ханой-Улаанбаатар чиглэлд энэ сарын 18-нд хөөрч, 19-ний өдөр эргэн ирэх төлөвлөгөөг УОК-оос боловсруулаад буй. Тусгай үүргийн нислэгийг МИАТ компани хариуцах бөгөөд нэг удаагийн нислэгээр нийт 165 иргэн ирэх юм байна.
Одоогийн байдлаар чартер онгоцоор хэн хэн ирэх талаарх нэрс эцэглэгдээгүй байна. Учир нь Энэтхэг дэх Монголын Элчин сайдын яаманд нутаг буцах хүсэлтээ гаргасан 488 иргэдээс зарим нь буцах хүсэлтээ татаж эхэлжээ.
Учир нь эмчилгээгээр очсон зарим гэр бүл санхүүгийн хүндрэлээс болж бүгдээрээ онгоцны тийз худалдан авах боломжгүй болсон байна.
Тиймээс хагалгаа хийлгэсэн хүмүүсээ Монгол руу буцааж, сахиурууд нь Энэтхэгт үлдэх шийдвэр гаргасан байна. Энэ утгаараа УОК-оос тавьсан таван шалгуур буюу жирэмсэн, бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай буюу асран хамгаалагчтай зэрэг иргэдийн тоо буурах хандлагатай байгааг албаны хүн хэллээ.
Харин богино хугацааны буюу Монгол-Энэтхэгийн Засгийн газрын шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар очсон залуус энэ удаагийн чартер онгоцоор ирэхээр болжээ. Тэдний тийзний зардлыг Энэтхэгийн Засгийн газраас даах бол тусгаарлах байрны төлбөрийг тухайн иргэн өөрөө гаргах аж.
Тусгай үүргийн онгоц хөөргөх шийдвэртэй холбогдуулан "Энконта тауэр" дахь МИАТ-ийн салбарт билет бичиж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Уг асуудлыг албаны хүнээс тодруулахад "Энэ бол ташаа мэдээлэл. УОК-оос Элчин сайдын яамтай хамтарч нэрсийг эцэслэнэ. Үүний дараа нэр нь баталгаажсан иргэн билетээ захиалах эрхтэй болно. Одоогоор нэрс баталгаажаагүй байна" гэлээ.
Ийнхүү Дели хот орчимд оршин суугаа иргэдээ ийнхүү татан авахаар боллоо. Гэвч Дели хотоос 2000 км зайд байрлах Гау хотын ойролцоох хийдэд шавилан сууж буй ламхай нарын асуудлыг хэрхэн нь тодорхойгүй байна. УОК-оос энэ сарын 29-нөөс 30-ны хооронд тусгай үүргийн хоёр дахь онгоц хөөргөхөөр төлөвлөсөн. Одоогоор эцсийн хариу гараагүй байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (4)