“Л.Болд оо, таны зэвсгийн наймаанаас болж хоёр хүн цаазлуулсан шүү. Би цааш нь ярих уу, яах уу!?” хоржоонтой ч юм шиг энэ өгүүлбэр бидний оюун бодолд хэдийнэ хадагдан үлджээ. Тухайн үедээ лав гишүүдийн өвдгийг чичрүүлж, айдаст автуулж л байсандаг. Та санаж байгаа байх. ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр түүнийг Бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр ийн хэлж байв. Энэ үед тэрбээр чуулганы танхимд сүр хүч “ханхлуулж” дургүй хүргээд байвал ярина шүү гэсэн байдалтай додигор сууж байсан шүү. Б.Хурцаас эмээгээгүй түшээ гэж байгаагүй биз. Нэг ёсондоо гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагын тэргүүн УИХ-ын гишүүдийг улаан цагаан шантаажлаад сууж байсан юм.
Дээрх үйл явдал бол улс төрд шантааж цэцэглэснийг харуулсан тод жишээ байсан юм. Улс төр бие биеийгээ барьсан “ажил хийлгэдэггүй” бүтэцтэй гэлцдэг нь үнэн байх. Тэр булхайг нь мэддэг хүн дунд нь “сохорсон биш завшив” л болж таарч байх шиг. Түүний нэг жишээ нь Б.Хурцын “цааш нь ярих уу, хэрэггүй юү?” гэх шантаажит үг. Мөн оны шилдэг үгээр тодроод амжсан гэдэг. Төрийн түшээдийн булхайн талаарх мэдээллээ өөрт ашигтай байдлаар эрх мэдэл болгон авч байгаа явдал сүүлийн үед ч гарав. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцсэн хуралдаан дээр ч энэ талаар ил ярив. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэрлэж болно.
Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Засаг огцруулах эсэх асуудлын хуралдааны үеэр "Ж.Мөнхбат аа, миний дүү аятайхан байгаарай. Чиний талаар яривал их юм бий шүү" хэмээн хэлсэн юм. Ер нь л сайн анзаараад байвал “би бүгдийг нь мэдэж байгаа, тэмцэж байгаа, илрүүлнэ, цэвэрлэнэ” гээд л. Уг нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс эрх мэдлээ урвуулан ашиглаж авсан гэх хүмүүстэй тэмцээд байх шиг байгаа юм. Гэхдээ “болжморууд” л албан тушаалаасаа хусагдаж байгаа харагдах юм. Бүргэдүүд нь суудалдаа таг хадаастай. Уг нь хариуцлагыг томчуудаасаа л эхэлмээр байгаа юм. Иргэдийн хүсэл бол тэр. Энэ л нөгөө шударга байх, хариуцлагатай байх гэж яриад байгаагийн эхлэл нь санагдаж байна. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд хүртэл "Би чиний, та нарын идсэн, уусныг мэднэ. Хэлнэ шүү!" гэж шантаажлахыг бид олонтаа сонссон ч эвсдэг юм уу яадаг юм таг болчихдог. Ард түмний итгэлийг хүлээж, суудалдаа тогтсон Ерөнхий сайдаас энэ удаа их зүйл хүлээж байгаа. Мөн л бусад сайдуудын адил гавьсан зүйлгүй ажлаа орхихгүй гэдэгт нь ард түмэн найдаж байгаа юм.
Хамгийн гол нь дээр дурдсанчлан төрийн түшээд бие биеэ барьсан, юм хийлгэхгүй байх бодлоготой нь үнэн юм шиг. Нэг нь юм хэлбэл “би тэрийг чинь мэдэж байгаа шүү” хэмээн нам дардаг. Эрс шийдмэг Ерөнхий сайд маань сайдууддаа хүртэл хариуцлага тооцож чадахгүй болтол нь юу нөлөөлдөг байх вэ? Уг нь идэж, уусан баримтууд нь бэлхнээ бий шүү дээ.
Ер нь авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласныг мэдээд хадгалаад байж байх ёстой юм уу, илчлэх ёстой юм уу. Манай улс лав түүнийг нь ашиглан шантааж хийхээ л урьтал болгож байна. Тухайн үйлдлийг нь мэдсээр байж илчлэхгүй байгаа нь л өөрөө “авлига”-ын чанартай баймаар. Ерөнхий сайд аа, та би бүгдийг илчилнэ, мэднэ, хариуцлага тооцно, цэвэрлэнэ гээд байгаа үгнүүдээ бататгаж, төрийн ажилд “энэрэлгүй” хандахгүй бол та ч шантаажчиныг шантаажаар дардаг улстөрчдийн нэг нь болж харагдаад байна шүү.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)