"Мал аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаанжуулалт, малчдын хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулах асуудал" сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал энэ сарын 30-ны өдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.
Бага хуралд 40 гаруй илтгэл ирснээс өнөөдрийн хурлаар 10 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнс, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг чухал ач холбогдолтой салбар. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын нийт орлогын 10 шахам хувийг бүрдүүлж, нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдарч байна.
Иймд мал аж ахуйгаа анхаарч, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, өгөөж үр шимийг дээшлүүлэх нь чухал юм. Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн процессоос мал услах, ноос хяргах зэрэг 70 гаруй ажиллагааг механикжуулах боломжтой гэж судлаачид үздэг. Гэсэн хэдий ч нүүдлийн, тархай бутархай байдал, нэг малаас авах ашиг шимийн хэмжээ харьцангуй бага, үйлдвэрлэл нь улирлын чанартай явагддаг, нэг дор малыг олноор нь байрлуулах нь бэлчээр, орчинд сөрөг нөлөө үүсгэдэг, техник тоног төхөөрөмж худалдаж авах, байршуулахад хөрөнгө ихээхэн шаарддаг зэргээс шалтгаалж мал аж ахуйн салбарт механикжуулалт, цахилгаанжуулалтыг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байна. Гэхдээ энэ бол шинэ тутам асуудал биш. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр Монгол Улсын мал аж ахуйн салбарт механикжуулалт, цахилгаанжуулалтын хөдөлгөөн өрнөж байсан бөгөөд тэр үед малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд гараар хийдэг олон ажлыг техникээр амжилттай шийдэж байжээ. Тиймээс энэ асуудал цаг хугацааны шаардлагаар дахин сөгдөж байгаа учраас эрдэмтэн ийнхүү төр, засгийнханд үгээ дайж байна.
Салбартаа механикжуулалт, цахилгаанжуулалтыг нэвтрүүлэхэд цахилгаан эрчим хүчний эх үүсвэр хамгийн чухал байдаг бөгөөд үүнийг шийдэх шийдлийг олж, малчдын өдөр тутмын ажлыг хөнгөвлөх хэд хэдэн төхөөрөмжийн загварыг Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид гаргаад байна. Энэ тал дээр Хөдөө аж ахуйн техник технологийн хүрээлэнгийн зүгээс ч хөтөлбөр төсөл боловсруулсан ч санхүүжилт байхгүй байгааг бага хуралд оролцогчид учирлалаа.
“Мал аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаанжуулалт, малчдын хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Л.Сайнаа