Эх оронд минь намрын улирал шувтрах цагаар бид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотыг зорьлоо.
Хөх хотын ард манайхаар Сонгино Хайрхан уул шиг дүнхийн байх “Далай хар” уулыг ороож, нүхэлж зам гүүрийн ажил өрнөнө. Алсын барааг нь харахад л хөгжлөөрөө манайхаас хавь илүү санагдах авч “хөгжил гэдэг нь өндөр барилга биш” гэдэг үг санаанд оров. Энд ногоон байгууламжийг дээд зэргээр торддог аж. Энэ бол хөгжил гарцаагүй мөн.
Тус хотод 3 сая гаруй хүн амьдардаг. Тэдгээрийн 200 гаруйхан мянга нь Өвөр Монголчууд байдаг.
Хөх хотыг 1580 онд Түмэдийн Алтан хан байгуулсан бөгөөд 1952 онд Улаан хотын оронд Өвөр Монголын засаг захиргааны төв болсон байдаг. Улмаар тус хот олон жилийн түүх соёлын баялаг уламжлалтай бөгөөд түүхэн дурсгалт газрууд болон сүм хийдээрээ алдартай. Тус улсыг зорих жуулчдын цуваа жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
Энд дөнгөж намар эхэлж байв. Намрыг эх орондоо гүйцэд мэдэрч амжаагүй бидний хувьд сайхан тохиол байлаа.
Бид эхэнд Өвөр Монголын “Одон” телевизээр зочиллоо. Тус телевизийг 1976 оны 10 дугаар сарын сарын 02-ны өдөр “Өвөр Монголын телевиз хороо” нэртэйгээр байгуулсан бөгөөд 1987 онд богино долгионоор Өвөр Монголын бүх орон даяар цацагдаж, 1997 онд хиймэл дагуулын тусламжтайгаар БНХАУ даяар цацагддаг болжээ. 2005 оноос эхлэн “Соёл эрдэнэ”, “Чөлөөт 12” зэрэг сонирхолтой нэвтрүүлгүүдийг хийж эхэлсэн бөгөөд 2009 оноос өөрчлөлт, шинэчлэлийн ажил өрнүүлж 24 цагийн туршид тасралтгүй нэвтрүүлж эхэлсэн байна. 2011 онд “Соёл шинжилгээ” сувгийг нээж хөтөлгөө морьтой болжээ.
Орчуулга, Найруулга, Сурвалжлага, нэвтрүүлэх, дуу оруулах, төлөвлөлт хийх зэрэг ажлуудыг эрхэлдэг 300 гаруй ажилтантай.
“Өглөөний мэдээ”, “Нийгэм ажиглалт”, “Хорвоогийн хоёр мөч”, “Амьдралын хань”, “Монгол эм эмнэлэг” зэрэг мэдээ мэдээлэл, танин мэдэхүй, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, хүүхдийн нэвтрүүлэг, байгаль, аялал жуулчлал зэрэг бүхий л сэдвүүдээр бүх насныханд зориулсан 40 гаруй сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлтгэн хүргэдэг. Монгол Одон Телевиз нь одоогийн байдлаар Өвөр Монгол орны нийт аймаг, хотууд болон БНХАУ-ын Шинжаан, Хөхнуур, Гансу, Хармөрөн зэрэг 32 муж орон, улсын дотоодод суугаа Монголчууд, Ази номхон далайн орнууд, Монгол улс, Оросын Холбооны Улс зэрэг дэлхийн 50 гаруй оронд нэвтрүүлгээ цацаж, гадаад дотоодын үзэгчид, тив дэлхийд тархан суурьшсан Монгол түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээрээ уулзаж байна. Мөн Өвөр Монголын үзэгчид, Монголчуудын дэлхий ертөнцийг харах мэлмий нь болж, дэлхий нийтэд Өвөр Монгол орноо таниулан сурталчилах нэгэн цонх нь болсноороо Монгол Одон Телевиз нь Монгол хэлний төрийн телевиз байж, ухуулга мэдээлэл өгөх үүргийг хариуцлагатай, нэр төртэйгээр гүйцэтгэж байгааг харахад бахдал төрж байлаа.
Мөн Өвөр Монголын “Солонго” сэтгүүлийн байр энд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Уншигчдын хүсэлтээр “Солонго мэдээллийн төв”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад 2014 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо байгуулж, түүний дэргэд “Солонго” сэтгүүлийн редакцыг байгуулсан юм.
Тэгвэл өдгөө уг сэтгүүлийн цар хүрээ улам бүр өргөжин тэлж “Солонго” сонин, “Solongonews.mn”, “Solongoru.mn” сайт, Солонго гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт хэрэглүүрүүд болж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Нийтлэлийн бодлогынхоо хүрээнд гадаад харилцаа, эдийн засаг, ард түмний зан заншил, аж амьдрал, соёл, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зэрэгт чиглэн нийтлэлээ боловсруулсаар ирсэн бөгөөд хот болон 21 аймгийн уншигчдыг жигд хамруулан ажиллаж байгаа аж.
Ийн соёлын солилцоо болон, нутаг орны аж амьдрал, төрх байдлыг харилцан солилцох замаар түгээж байгаа нь хоёр орны итгэлт хамтын ажиллагааны гүүр болж байгаа юм.
Түүний дараагаар бид Өвөр Монголын өдрийн сониноор зочиллоо. Тус сонин нь ӨМӨЗО-ны шинэ хуучин хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдлийн туршилтын цэг бөгөөд одоогоор цаасан хэвлэл мэдээллээс сонин, сэтгүүл, сайт, APP, вичат зэрэг 13 төрлийн шинэ хуучин мэдээллийн хэрэгсэлтэй болж, монгол, хятад, кирилл, орос зэрэг 4 бичгээр мэдээллээ түгээсээр байна.
Эдгээр хэвлэл мэдээллийн салбарынхан биднийг халуун дотноор хүлээн авч өөрсдийн нөхцөл байдал хийгээд цаашдын хамтын ажиллагааныхаа талаар танилцуулах аялал хийсэн юм.
Нэгэн цаг хугацаанд амьдарч буй нийт Монгол ард түмний хувьд, салан тусгаарлагдсан ч зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байдаг нэгэн үндэстний хувьд хэвлэл мэдээллийн салбаруудын найдвартай хамтын ажиллагаа өгүүлэгдсээр ирсэн. Харин энэ үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж буй найдвартай түнш бол яалт ч үгүй Өвөр Монголын Монгол хэвлэлүүд зайлшгүй мөн билээ.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (4)