Дахран-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат энэ сарын 5-ны өдөр Хонгор сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав.
Хонгор сумыг дулаанаар хангадаг “ЭМТ НАРАН” ОНӨААҮГ-ын уурын зуух хэвийн горимоор ажиллаж, төрийн болон хувийн ААНБ-ууд, айл өрхүүд дулаанаар 100 хувь хангагдсан байна. Дээрх дулааны станц энэ сарын 5-ны өдрийн байдлаар 60 тн нүүрсний нөөцтэй байна.
Сумын хэмжээний нөөцөд 50 тн өвс бэлтгэхээс 40 тн буюу 2000 боодол өвс, 15 тн буюу 519 шуудай хивэг нөөцлөөд байна. Малчид болон мал бүхий иргэд 24400 тн хадлан бэлтгэхээс 19200 тн хадланг бэлтгээд байгаа ажээ.
“Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын засгийн газрын 218 тогтоол, ХХААХҮ-ийн сайдын “Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, аймгийн Засаг даргын албан даалгавруудын хүрээнд намрын ургац хураалтын ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор бэлтгэсэн хадлан тэжээлээ татаж нөөцлөх, ургац хураалтын ажлыг хаягдал багатай хураан авах зохион байгуулалтын арга хэмжээ авч буй талаар холбогдох албаныхан хэллээ.
Тус аймгийн хэмжээнд 9 дүгээр сарын 19-өөс 20-ны өдөрт шилжих шөнө их хэмжээний буюу 50 см хүртэлх зузаан цас орсон бол 10 дугаар сарын 04-ний өдөр мөн нойтон цас, бороо орсны улмаас ургац хураалтын ажил удаашраад байна.
Ургац хураалтын мэдээгээр энэ жил 1 га-гаас 12 цн буюу нийт 13,3 мянган тн ургац хураан авах боломжтой байсан ч цасанд даруулсны улмаас 1 га-гаас 9,1 цт-г хураах тооцоо гарсан талаар Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга С.Даваасүрэн мэдээлэв.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ургац хураалтын ажил 48,7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд буудай тариалсан 40 аж ахуйн нэгж, иргэний 5946.6 га талбай, хүнсний ногоо тариалсан 3 аж ахуйн нэгж, 32 иргэний 143.2 га талбай, малын тэжээл, тосны ургамал тариалсан 35 аж ахуйн нэгж, иргэний 5625.9 га талбайн хураалт хийгдээгүй байна.
Уг аймгийн хэмжээнд намрын ургац хураалтанд 49 үр тарианы комбайн, 17 ангилангийн жатка, 8 төмсний комбайн, 12 төмс ухагч, 6 төмсний сортлогч, 16 будаа цэвэрлэгч, 11 үр сортлогч, 17 будаа ачигч техникүүд ажиллаж байгаа юм.
Харин ажиллах хүчний тухайд аймгийн ОБГ-аас 50 албан хаагчийг ургац хураалтад дайчлахаар болсон бөгөөд 15 албан хаагчийг Хонгор суманд дайчлан ажиллуулахаар болсон тухай аймгийн Засаг дарга С.Насанбат хэллээ.