Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 55 жилийн ой энэ сарын 5-ны өдөр тохиолоо. Тус ангийн 55 жилийн ойн арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Насанбат, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар болон аймгийн ОБГ-ын удирдлагууд, үе үеийн ахмадууд, ангийн нийт бие бүрэлдэхүүн, Шарын гол сумын Цагдаа тасгийн хамт олон, үйлдвэрийн ажилтнууд оролцлоо. Ойн баяраар тус аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Насанбат Шарын гол хэмээх их айлын аюулгүй амьдралын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байдаг Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн бүрэлдэхүүнд туулах чадвар өндөртэй, УАЗ Фургон автомашиныг хүлээлгэн өгсөн байна.
Тус анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1963 оны долдугаар сарын 18-ны өдрийн 356 дугаар тогтоолоор /хуучин нэрээр/ Шарын гол тосгонд Гал команд байгуулах шийдвэр гарч, НАХЯ-ны Сайдын 1963 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 279 тоот тушаалаар цэрэгжүүлсэн Гал командыг Шарын гол сумын уурхайчдын тосгонд 25 нэгжтэйгээр байгуулсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд 3825 цаг гал унтраах үүрэг гүйцэтгэж, ААНБ, ард иргэдийн 5.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, 25 хүний амь насыг хамгаалсан талаар тус ангийн захирагч, хошууч Г.Баярмагнай мэдээлэв. Өдгөө 35 нэгж, таван автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос ард иргэдийнхээ амь насыг хамгаалах, аврах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.