УИХ-ын намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл хэлэлцэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Юу гэхээр төрд аль нэг нам гарч ирээд Засгийн газрынхаа бүтцийг нь өөрчилдөг. Үндсэн хуулийнхаа заалтад орсон ямар ч сайд нам гарч ирсэн түүгээр оролддоггүй дархлагдсан түүгээрээ төрийн албаны Монгол улсынхаа хөгжлийн тогтолцоог атгаад явж байх тэр шалгуур шаардлагыг нэмэлтээр Үндсэн хуульд оруулж өгөх хэрэгтэй. Харин дэд сайдын албан тушаал байх ёстой. 10- аад хүнийг цомхтгоод зардал хэмнэх гэх асуудал нь төрийн албанд асуудал биш. Өөрөөр хэлбэл дэд сайд бол сайдыг эзгүй үед зайлшгүй орлох хүн.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Дэмжилгүй яах вэ. Би 2016 оны 11 сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд байхдаа эрдэмтэн судлаачид, хуульчид оруулсан ажлын хэсэг байгуулж өөрөө ахалж байсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлыг хөндсөн энэ парламентын үед шүү дээ. Ж.Эрдэнэбатын засгийн газрын үед гурван удаа улсын нөөцөөс хөрөнгө гаргаж Үндсэн хуулиа өөрчлөх зардал Г.Занданшатар нарын боловсруулсан хуультай холбоотой төлөөллийн санал асуулгыг зохион байгуулж байсан. Ер нь үндсэн хууль өөрчлөгдөх ёстой гэж бодож байна. Үндсэн хууль өөрчлөгдөх ёстой системийн хямралаас гарах ёстой гэдгийг дэмжиж энэ асуудлыг цаашид ажил хэрэг болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр улсын төсөв батлагдсаны дараа энэ асуудал яригдах байх.
Манай улс Болгар, Финланд зэрэг дөрөвхөн улсад байдаг хагас Ерөнхийлөгчийн, хагас Парламентын засаглалтай явж ирлээ. Тиймээс парламентын засаглалыг төгөлдөржүүлэхийг дэмжиж гарын үсгээ зурсан. Ер бол засаглалын хэлбэр ямар ч байж болно. Хоёр том гүрний дунд байгаа жижиг эдийн засагтай манай улс ямар засаглалтай байвал улс, үндэстний аюулгүй байдал, хөгжилд хэрэгтэй вэ гэдийг ярилцах хэрэгтэй. Өнөөдрийн байгаа нөхцөл байдал ямар ч хариуцлага байхгүй, хариуцлага үүрэх эзэн байгүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нь санал болгож нэг хэсэг хүмүүс томилдог ингээд бие биенийхээ барьцаанд ордог. Бие биедээ ац тээг тавьдаг ийм нөхцөл байдалд байгаа. Дэлхийн улс орнууд бол Үндсэн хуулийг 13-16 жилийн дотор нэг удаа өөрчилдөг шинэ үндсэн хууль баталдаг жишигтэй юм байна лээ. Харин манайх 26 жил явж ирлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Үндсэн хуулийн зарчмын хувьд хоёр, гурван өөрчлөлт оруулах ёстой гэдэгт санал нэг байдаг. Гэхдээ одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд зөвлөлдөх санал асуулгын дагуу томьёолсон байгаа энэ томьёоллыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль байдаг. Уг хуулийнхаа дагуу шинээр томьёоллуудыг гаргаж байж оруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн бид парламентын засаглалаа илүү боловсронгуй болгож, хадгалж явах ёстой гэж боддог.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь удирдлага, эмх цэгц талаасаа шуурхай. Гэхдээ нэг нөхөр гарч ирээд бүр тараагаад дуусгачих юм болов уу гэсэн айдас байна. 1990 оны хувьсгал бол нэг хүний засаглалыг халсан асуудал. Парламентын засаглалыг ард түмэн дэмжих юм бол тэрийг нь сонсъё. Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэвэл тэрийг нь сонсъё гэдгийг хэлээд байгаа юм. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь эд нарын асуудал”
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (4)