Балетын гоцлооч Ц.Цолмонбудтай ярилцлаа.
Тэрбээр, 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг Д.Дашлхагва багшийн удирдлагад төгсөөд 2003-2006 оны хугацаанд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр ажилласан. 2006-2008 он хүртэл Японы балетын компанид гоцлол бүжигчнээр ажилласан. 2007-2016 он хүртэл Өмнөд Солонгосын "И Вон Үг" балетын компанид гоцлол бүжигчнээр ажилласан. Харин 2016 оноос өнөөг хүртэл Өмнөд Солонгосын “Гванжу сити балет” компанид балетын гоцлоочоор ажиллаж байгаа юм.
-Төрсөн нутаг, ус аав ээжийнх нь буян заяа аливаа хүнийг түшдэг гэдэг. Эндээс ярилцлагаа эхлүүлье?
-Миний аав Завхан аймгийн Баянтэс сумын уугуул. Миний ээж Дорноговь аймагт төрсөн. Би өөрөө Улаанбаатар хотод төрсөн хүн л дээ.
-“Гванжу сити балет” компанид бүжиглэхийн сацуу та өөрийн балетын компаниа байгуулжээ. Өөрийн балетын компанитай болох таны мөрөөдөл байв уу?
-Солонгост арав гаруй жил болчихлоо. Өмнө нь бас Японд хоёр жил ажилласан. Одоо Солонгосын “Гванжу сити балет” компанид балетын гоцлоочоор ажиллаж байна. Өнгөрсөн жилийн яг өдийд “Элит балет” компаниа байгуулсан. Компанийн маань үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Мөрөөдлөө биелүүлэхээр зориглосон учраас компаниа байгуулсан. Одоогоор нэг тоглолт тавихаар Монголдоо ирээд байна. Тоглолтын тов гараагүй. Ямартай ч бид бэлтгэлээ хийж байгаа.
-Урлагийн хүний хувьд анхны бүхэн чухал байдаг. Таны анхны тайз юу байв?
-Хамгийн анх 12 настайдаа Дуурийн театрын тайзанд гарч байлаа. Хөгжим бүжгийн коллежид ороод удаагүй байсан үе. Тэр үед шинэ жилээр “Гоо марал” гэж болдог байсан. Тэрэнд анх ангиараа орж байсан юм. Анхных байсан учир одоог хүртэл дотно санагддаг.
-Таны бүжиглэж байсан хамгийн том тайз юу байв?
-Заавал энэ тэр гэхгүй бүх тайз л миний хувьд том санагддаг. Бүх тайзыг том гэж бодож хичээдэг. Урлагийн хүнд жижиг тайз гэж байдаггүй.
-Манай улсад сонгодог урлагийг сонирхох иргэдийн сонирхол бага байдаг. Үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?
-Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон гэж бодож байгаа. Намайг сургуульд сурч байх үеийг бодвол олон нийтийн хандах хандлага нь хамаагүй өөр болсон байна лээ. Үздэг, мэддэг болчихсон. Хуучин социализмын үед анги ангиар нь ч юм уу үзүүлдэг, танилцуулдаг байсан гэдэг. Одоо бол систем нь өөр, нийгэм нь өөр болчихсон учраас хувь хүн өөрөө л хайж, сонирхож үзэхгүй шаардлагатай болсон. Гэхдээ л хуучнаа бодоход манайхан үздэг, мэддэг болоод байгаа шүү.
-Балет гэдэг урлагаас таны олж авсан ололт юу вэ?
-Хамгийн түрүүнд өөрөө өөртэйгөө ажиллах чадвартай болсон юм уу даа. Ямарваа нэгэн тайзанд гарахын тулд өөртэйгөө ярьж, өөрийгөө ойлгож өндөр сэтгэл зүйтэй байх ёстой. Үүнийг л өөртөө шингээж, олж авсан даа. Шаргуу, хөдөлмөрч занг ч сурсан. Учир нь маш их бэлтгэл хийдэг учраас тууштай, тэвчээртэй байхыг сурсан.
-Шантрах үе нэлээд байсан байх. Босох, тэмцэх хүчийг юу өгдөг байв?
-Урд өдөр нь шантраад би одоо юу хийгээд байгаа юм бэ гэж бодох үе их байсан. Тэгээд л маргааш нь сургуульдаа ирээд бэлтгэлээ хийгээд л мартчихдаг байсан. Магадгүй багшийн маань үг надад хүч өгч байсан болов уу. Ер нь тэгээд өөртөө зорилго тавиад тууштай явж байгаа бол шантрах төдийхнийг мартаад байж болно гэж боддог.
-Яагаад Монголдоо биш гадаадад ажиллаж байгаа вэ?
-Хөгжим бүжигт байхад манай багш Д.Дашлхагва гэдэг хүн байсан. Биднийг хар багаас нь гаднын том том театруудад заавал гоцлол бүжигчин хийх ёстой гэдэг мөрөөдлийг суулгаж өгсөн болов уу. Одоо тэгээд бүгд л гадаадын том том театруудад ажиллаж байна. Ер нь багаасаа л гадаадын том том бүжгэн жүжгүүдийг видео тоглуулагч тэр үед кассе́та гэж байсан. Кассетаар их үзэж, түүнээс суралцдаг байсан гэж хэлж болно. Тэр газар очиж ажиллах юмсан гэж л боддог байж. Гэхдээ Монголд гурван жил орчим театрт ажилласан. Найзуудаараа нэгнийдээ цуглаж тэр тэр улсын тийм тийм театрт ажиллана гэж ярьдаг байлаа. Саяхан нэг найзтайгаа уулзаад ярилцаж байхад нээрээ л бүгдээрээ ярьсандаа хүрсэн байна лээ.
-Таны багш Д.Дашлхагва Монголын балетын урлагт нэлээд хувь нэмэр оруулсан. Багшаасаа өвлөж авсан үнэт зүйл юу байв?
-Өвлөж авсан гэхээсээ илүү өвлөж авахыг хүсдэг зүйл байгаа. Багш маань маш их хөдөлмөрч хүн л дээ. Зогсолтгүй л ажиллаж байдаг. Биднийг ч тийм байлгасан. Ажиллах ёстой, ажиллаад бай гэж хар багаас зүрхэнд минь хэлж сургасан. Одоо би ажиллах ёстой, идэвхтэй амьдрах ёстой гэж үргэлж бодож явдаг.
-Монголдоо ирээд хүүхдүүд сургаад явъя гэсэн бодол байгаа юу?
-Би Солонгост балетын сургуульд багшилдаг. Олон жил багшилж байна. Нэлээд хэдэн шавьтай болсон. Ер нь тэгээд Монголдоо ирж ажиллах байх.
-Хүн болгон зорилготой. Таны ойрын зорилго юу вэ?
-Том бүжиг дэглэмээр байна. Яг бүжигчин гэдгээсээ илүү гоё том балет дэглэж үзмээр байна. Балетын компани байгуулъя гэж бодож яваад байгуулсан. Одоо балетын компаниараа дамжуулаад өөрийн дотор байгаагаа харуулна даа.
Л.Сайнбаяр