Эрүүл монгол хүн хөгжлийн түлхүүр гэж олон жил ярилаа. Иргэд нь өнөөдөр эрүүлжсэн зүйл алга. Өвөл хавартаа эмнэлгийн ор дүүргэж, дараалал үүсгэнэ. Төрийн гэлтгүй, хувийн эмнэлгүүдийн ачаалал ч эрс нэмэгддэг. Жил ирэх тутам янз бүрийн өвчин дэлгэрч, тэр нь эм тарианд намжихаа байжээ. Энэ нь, монгол хүний дархлаа хэр муудсаныг илэрхийлнэ. Тэгвэл дархлаа яагаад муудаж байгаа нь ганцхан зүйлтэй холбоотой.
Монголчууд хөдөлгөөний дутагдалд гүн автсан улс. Таргалалт, элдэв өвчинд нэрвэгдэх болсон. Арга ч үгүй. Нэг дөрвөнжингөөс нөгөөд шилжих үйлдлээс өөр хийдэг ажил байхгүй. Өөрөөр хэлбэл, өглөө гэрээс гарахад лифть угтана, орцны хаалга онгойлгоод л машин, хүрэх газар нь ажил. Орой нь мөн л адил зарчмаар. Ийм маршруттайгаар өдрийг өнгөрөөнө. Тиймээс яаж таргалалт элдэв өвчнөөс салах билээ. Сүүлийн үед таргалалтаас ангижруулах эм бэлдмэл, бялдаржуулах уураг тэжээл их гарах болсон. Таргаллаа гээд л шууд эм бэлдмэл ууж, бодибилдингээр хичээллэж байна хэмээн болох болохгүйг нь ойлгохгүйгээр уураг залгилдаг нь нууц биш.
Гэвч монгол хүний биед тохирох уу, үгүй юу гэдгийг ярих нь битгий хэл ам нээх ч үгүй яваа. Уг нь, гадаадын улс оронд хоол тэжээлээс авч чадахгүй эрдэс, уургаа нөхөх зорилгоор л янз бүрийн бэлдмэл гаргадаг юм байна. Гэтэл монголчууд хүнсний бүтээгдэхүүнээс тэр бүх эрдсээ олж авчаад байгаа. Ийм байхад илүү эм бэлдмэлийн шаардлага байхгүй мэт. Энэ талаархи мэдээлэл байхгүйн улмаас турах, таргалах, бялдаржих гэсэн хүмүүс элдвийн бодис хэрэглэж байгаа нь нууц биш. Эрчүүд нь бодибилдингийн тамирчин аятай бие хаатай болохыг хүснэ. Ер нь, эрүүл чийрэг, элдэв зовлонгоос салах гэж л уг спортоор хичээллэх нь зүйтэй мэт. Түүнээс том булчингийн шаардлага юу байх вэ. Бялдаржуулах спортоор хичээллэхдээ өөрийн биед тохирсон ачааллыг авч, илүүдэл өөх, махаа хэрхэн хасахыг багшаас зөвлөгөө авч байх нь үр дүнтэй. Тэгэхгүйгээр өөрийн дураар төмөр өргөснөөр булчингийн буруу хөгжил, нурууны гэмтэл гэх мэт бэртэл авахаас гадна эрүүлжих боломж нээгдэхгүй.
Бидний өвөг дээдэс эрүүл биед саруул ухаан оршино хэмээн сургаж ирсэн. Харин өнөөдөр энэ үг ул болжээ. Нийтээрээ эрүүл мэнддээ анхаарч байна хэмээн өөрийгөө алсаар байгаа нь нууц биш. Тэр хэрэглэж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ хэрхэн зохистой хэрэглэхээ мэдэхгүйгээс биед хэрэгтэй эрдэс бодисоо устгаж буйг ойлгох цаг иржээ. Бид эрүүл, органик хүнсээр өөрсдийгөө эрүүлжүүлэх боломж бий.
Та бүхэнд хэрэгтэй, бага ч болов нэмэр тус гэдэг үүднээс хоол хүнсний талаархи нэгэн зөвлөгөөг оруулж байна.
- Шарж хуурсан бүтээгдэхүүн шим тэжээлийнхээ 40-60 хувийг, чанаж буцалгасан бүтээгдэхүүн 20-40 хувийг, жигнэж болгосон бүтээгдэхүүн шим тэжээлийнхээ 10-20 хувийг алдаж байдаг юм байна. Иймд болж өгвөл жигнэсэн бүтээгдэхүүн хэрглэвэл илүү шим тэжээлтэй, эрдэслэг чанараа алдаагүй байх нь. Үүнээс гадна сармис хэрэглэж сурснаар биеийн дархлааг дэмжин, өөх хайлуухад маш их хэрэгтэй ажээ.
- Хоолондоо амтлагч хэлбэрээр цагаан гаа хэрэглэж байвал эрүүл мэндэд тустай. Цай чанахдаа хүртэл хийхэд сайхан амттай болдог ба жин хасч, өөх хайлуулахад сармис, цагаан гаа хоёр маш их үр дүнтэй.
- Цэвэр шар тосыг мөн хэрэглэх нь өвөл, хаврын улиралд тустай юм байна. Цайгаа чанахдаа шар тос хаяад цагаан гаатай чанаад ууж үзээрэй. Ингэснээр дархлааг тань дэмжиж, биеийг эрүүлжүүлнэ. Таргалуулна хэмээн санаа зовох зүйлгүй. Ер нь, зохисгүй хооллолт, хэт ойрхон хугацаанд юм идэж, ходоодоо ажиллуулснаас үүдэлтэйгээр таргалалт явагддаг.
- Хүн хөлсөөрөө кальци, кали их хэмжээгээр алдаж байдаг ба бэлтгэлийн дараа булчин хөндүүрлэх, шөрмөс татах нь кальци, кали дутагдсаны шинж. Үүнийг витамин бэлдмэлээс нөхөж авч байхаас илүүтэй ааруул, ээзгий цагаан идээнээс нөхөж авах нь үр дүнтэй. Үйлдвэрлэлийн замаар савласан сүү элбэг ч хуурай сүүтэй. Тиймээс аль болох татгалзаж, хамгийн найдвартай кальци, кали элбэг ээзгий, ааруулыг сонгох нь эрүүл мэнддээ анхаарах таны хамгийн том шийдэл болно.
Энэ мэтээр өөрийн эрүүл мэнддээ анхаарч таргалалт, элдэв эрдсийн дутагдлаа нөхөх нь монгол хүн танд хэрэгтэй. Хоол хүнсээ тохируулж, таргалалт, элдэв өвчнөөс ангижран, зөв зохистойгоор өөрийн бие бялдраа хөгжүүлэх нь танд тустай гэдгийг сануулах юун.
Сэтгэгдэл (1)