Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсын гурав дахь хөрш Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым энэ сарын 6-8-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд нутаг буцсан билээ. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхаж илэн далангүй ярилцаж байсан. Тухайн үед нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалт элэгсэг дотно, нөхөрсөг, илэн далангүй нөхцөл байдалд болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хөндөн ярилцсан байдаг. Тэрхүү уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай Монгол Улсын Их Хурлын даргын хувиар дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өмнө айлчилж байсан үетэй харьцуулахад Турк Улсад бүтээн байгуулалт ихээр хийгдэж, эдийн засаг, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт гарчээ. Энэ бүхэнд ноён Ерөнхийлөгч Таны манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэхийг хүсэж байна” гэсэн байдаг.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы урилгаар 2006 онд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд 2003 онд Анкара хотод айлчилж, ноён Режеп Тайип Эрдоган 2005, 2013 ондуудад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан билээ. Тэдний хувьд урьд нь удаа дараа элгэсэгээр уулзан ярилцаж байсан хуучны танил, дотнын нөхөд гэдэг нь тодорхой. Тэрхүү улзалтын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон улсын терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд Турк улс зогсож, ачааны хүндийг үүрч байгааг Монгол Улс ойлгон дэмжиж байдгийг тэмдэглэсэн байдаг.
Тухайн үед Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ноён Режеп Тайип Эрдоган өнөөдөр тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж Сири улсад өрнөж байгаа Иргэний дайныг даруйхан дуусгах, Лалын ертөнцөд Турк улсын байр суурь, эрх мэдлийг өргөжүүлэн тэлэх, улс орных нь зарим газар өрнөж байгаа Курдистанчуудын бослого хөдөлгөөнийг нам дарах, Туркийн Диярбакыр хотоор нийслэлээ хийх гэсэн турк, сири, ирак, ираны курдуудын нэгдсэн төрт-улсыг дэмжиж байгаа АНУ болон Суадын Арабын бодлогыг эрс эсэргүүцэж байгаа удирдагч билээ. Мэдээж Туркийн Диярбакыр хотыг нийслэлээрээ тунхаглаж Туркээс салан тусгаарлах гэсэн Туркийн 20 сая гаруй курд үндэстнүүдийг өмөөрөгч тэдний ард төслийн санаачлагчид болох Турк, Иракийн курд үндэстнүүд зэвсэг барин тэмцэж байгаа нь тодорхой билээ.
Тэгвэл Режеп Тайип Эрдоганы дараа Турк Улсын Ерөнхий сайд болсон ноён Бинали Йылдырым саяын айлчлалаараа Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хот Баян-Өлгий аймаг зэрэгт ажиллаж байгаа Турк сургуулиудыг ноён Режеп Тайип Эрдоганы нэгэн адил алан хядагчаар зарлан дампууруулж, тэднийг Туркийн эрх баригчдад тушаах, үүнийг гүйцэтгэхгүй бол Монгол Улстай тогтоосон найрамдалт харилцаагаа муутгана хэмээн манай дарга нарт хатуухан болзол тавиад буцсан байна.
Энд Турк улсад өрнөсөн их баривчилгаа, залхаан цээрлүүлэх үйл ажиллагааны талаар товчхон түүх сөхвөл 2014 оны эхнээс Туркийн цэрэг цагдаагийн хүчин төрд ажиллаж байсан сэхээтнүүд, албан хаагчдын эсрэг их баривчилгаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 40 гаруй мянган иргэнээ баривчлан хорьсон билээ. Үүний учир шалтгаан нь 1999 оноос АНУ-д дүрвэн амьдарсан шашны номлогч Фетхуллах Гюлен болон түүний дэмжигчдийн эсрэг явуулсан их цэвэрлэгээ байсан гэдэг. Уг нь тэрээр 2002 оноос хойш Режеп Тайип Эрдоганыг парламентийн сонгуульд ялалт байгуулахад нь гурван удаа тусалж, ихээхэн мөнгө цутган оруулсан гэх юм билээ. Тэгээд ч түүний удирддаг “Хизмет” хөдөлгөөний төлөөлөгчид цагдаа, шүүхийн байгууллагуудад өндөр албан тушаалуудыг хашдаг байсан ч сүүлдээ буруудаж бараг бүгдээрээ баривчлагдан хоригдсон гэдэг.
Тэгээд ч Фетхуллах Гюлен болон Режеп Тайип Эрдоган нарын зөрчил тэмцэл 2013 оноос эхэлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сард Туркийн Засгийн газар “Хизмет” хөдөлгөөнд хамрагдаж байсан маш олон хувийн сургуулийг хааж, багш нарыг нь баривчлан хорьж эхэлсэн байдаг.
Үүний дараа НҮБ болон Олон улсын хүний эрхийн байгууллагууд Туркэд хандан “Хүний эрхийн эсрэг явуулж байгаа Онц байдлаа цуцлаач, баривчлан хорьсон, хэлмэгдүүлж ажлаас нь халсан олон мянган хүний эрхийг хүндэтгээч, хүчирхийллээ даруйхан зогсоогооч” хэмээн олон удаа шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл хэрэгсэж үзэхгүй байгаа гэх юм билээ.
Харин гуравхан хоногийн өмнө Монгол Улсад айлчлаад буцсан Турк Улсын өнөөдрийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотууд, Баян-Өлгийд ажиллаж байгаа Турк сургуулиудыг даруйхан хааж, захирал багш нарыг нь Монголоос хөөж гаргах шаардлага тавиад буцсан талаар Улаанбаатар дахь Эмпати сургуулийн захирал Д.Ганбаатар саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Энд жаахан баримт оруулвал Монголд үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудыг тойрсон маргаан сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа аж. Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сургуулийн удирдлагуудыг 2016 онд Туркт болсон төрийн эргэлт, хууль бус ажиллагаанд оролцсон бүлэглэлтэй санхүүгийн болон удирдлагын холбоотой хэмээсэн байдаг.
Тиймээс тус улсын Засгийн газраас Монгол дахь Турк, Монголын хамтарсан сургуулиудын 2017 оны төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэр гаргасан гэдгийг удаа дараа мэдэгдэж байжээ. Турк сургуулиудын удирдлага болон төгсөгчидтэй холбоотой энэ асуудал 2-3 жил яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа учраас олон нийт ч нэгдсэн мэдээлэлгүй байгаа нь тодорхой. Нэгэнт төлбөрөө төлөөд суралцсан хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл бий болж болзошгүй эргэлзээ үүсээд байгаа нь ойлгомжтой.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол, Туркийн хамтарсан “Эмпати” сургууль таван салбартай гэдгийг Д.Ганбаатар захирал дурдсан байна лээ. Тэдгээр нь Улаанбаатар-Эмпати, Мон-Турк, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий аймаг дахь Турк, Монголын хамтарсан сургуулиуд гэсэн. Энэ таван сургуульд ойролцоогоор 2000-гаад хүүхэд суралцдаг гэдгийг ч захирал яриандаа дурдсан байсан. Харин 2017 онд 270 хүүхэд төгссөнөөс ихэнх нь Туркэд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болоод байгаа гэсэн. Тэгвэл энэ асуудлыг саяхан айлчлаад буцсан Туркийн Ерөнхий сайд ноён Бинали Йылдырым бас л тодорхойгүй байдалд оруулчихаад явж.
Харин дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар гарц судалж байгаа талаар БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа болон бусад дарга нар нь өнөөдрийг хүртэл дуугүй шиг л байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, Туркийн Ерөнхийлөгч ноён Режеп Тайип Эрдоган болон саяхан айлчлаад бусан ноён Ерөнхий сайд Бинали Йылдырым нарт юу гэж
тайлбарлаж, хоёр орны найрамдалт харилцааг хэвээр хадгалах нь манай дарга нарын хийх ажил болчихоод байгаа ажээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (1)