Хууль тогтоон суугаа эрхэм түшээгийн хэргэм зэргийг хураан авах гэтэл асуудал үүсэв. Ёс зүйн алдаа гаргасан эрхэм хүн ч өөрийн хүсэлтээ илэрхийлээд байгаа. Хэний тухай бичээд байгааг уншигч та бүхэн төвөггүйхэн ойлгох биз. Энэ асуудал УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой.
Төрд, тэр дундаа парламентын гишүүнээр ажиллаж иргэд, ард түмний төлөө хууль тогтоохоор парламентын ордонд тухалсан залуу багагүй хэрэг мандаагаад амжив. Айлд хонож, бүсгүй хүнийг өөрийн хүчинд автуулсан гэх асуудал юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга бурууг өөрт нялзаахгүй байгаа ч хуулийн байгууллагын зүгээс нотлох баримт бүрдүүлэн асуудлыг нэг тийш болгохоор ажиллаж байна. Эрхэм гишүүн ч бүрэн эрхээсээ түдгэлзэх, шалгуулах асуудлаа саяхан тавьчихлаа. Гэвч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх дээр хүрээд гацав. Тодруулбал, эрх түдгэлзүүлэх заалт нь хуульд байсан ч алга болчихож. Буруутан нь Үндсэн хуулийн цэц болж байх шиг. Парламентад 65 суудалтай МАН-ын бүлгийн хурлаар Д.Гантулгын гишүүний бүрэн эрхээс татгалзах асуудлыг хэлэлцсэн ч тодорххой шийдэлд хүрээгүй. Яагаад гэвэл үүнийг шийдэх хууль эрх зүйн орчингүй гэсэн тайлбарыг хийсэн нь хачирхалтай. Дээрээ тэнгэрээс өөр захирагдах хүчингүй Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ийг хүчингүй болгосон учраас хуулиар УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх эрхгүй болгосон юм байх. Ерөнхийдөө уг заалт байхгүйгээс гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэх, чөлөөлөгдөх боломжгүй болчихлоо гэж ойлгогдож байгаа хэрэг.
Он дамнан сунжирсан уг асуудал цаашид хааш эргэх нь тодорхойгүй гацаанд оров. МАН-ын бүлгийнхний тайлбараар хуулийн мухардал аж. Хууль тогтоож суугаа эрхмүүд яагаад ийм үг хэлж суугаа нь хачирхалтай. Сураг алдраад удаж байгаа тэрхүү УИХ-ын тухай хуулийн 6.9.1-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах” гэж заажээ. Нэг ийм заалт алга байна хэмээн 65-уулуу шагшиж, бид мухардалд хүрчээ гэх нь хэр зохимжтой юм бол.
Ноён Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрх гэж хатуу хамгаалалтаа тайлж шалгуулах хүсэлт гаргалаа. Яагаад болохгүй гэж. Магадгүй хардах зүйл ч байна. Ангийн анд, намын нөхрийнхөө хаалт, бамбай болсон хуулиар далайлгасан хэргэмийг устгачихвал төрийн хуулиар далайлгах төмөр торны цаана залчих гээд байгаа биз. Тиймээс л халдашгүй дархан байдалд нь үлдээх мэргэн түргэн санаануудыг дор бүрнээ сэтгэж буй мэт. Мухардал гээч мундаг сайн нэр томъёог ч бодож олцгоож. Хуулийн мухардал гэдэг ухагдахуун ч ийнхүү бас нэгэн шинэ моод ч болж мэдэх шинжтэй. Үнэндээ хууль мухардал гэж юу байх вэ, хувь хүмүүсийн мухар бодол, сэтгэл гэхэд хилсдэхгүй. Үүнийг сөрөг хүчний бүлгийн дарга ч хэлж сууна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын бүлэг хуулийн мухардал гэж ярьж байна. Хууль тогтоож суугаа байж хуулийн мухардал гэж ярих буруу. УИХ-аар хэлэлцээд явж болно. Бид энэ асуудлыг өөр талаас нь харж байгаа” хэмээн хэлсэн. Тэгэхээр хууль мухардсан уу, МАН-ын бүлэг манарсан уу гэдэг л байна. Чухам аль нь болохыг цаг хугацаа харуулна байх.
Заалт хүчингүй болсноос хойш хэчнээн удав. Энэ хугацаанд засвар өөрчлөлт хийгээгүй нь хууль тогтоогчдын буруу. Төрийн ордон тухлан, тохилог өрөөнд налайн суусан туршлагатай гэх парламентчид олон жил хууль батлахдаа ажлаа хэрхэн хийж байсан нь ч үүнээс харагдана. Эрхэм ноёд нийтийг хамарсан хуулиа чангатгаж, хорьж, цагдана, торгоно гэдгийг мартаагүй ч өөрсдөд хамаатайг таг саначихаж. Сая нэг юм Д.Гантулгын асуудал өрнөхөд өөрсдөд хамаатай заалт байхгүйг олж харав, мухар хуультайгаа ойлголоо.
Цаашид гишүүний бүрэн эрх гэдэг мундаг заалтаар хамгаалагдсан, төмөр хашаагаар хүрээлэгдэж, төрийн цэргүүдээр хүрээлүүлсэн, хууль тогтоох хаш цагаан ордонд тухлах гишүүн гэх сэтэртэй эрхмүүдийн халдашгүй дархан байдлыг авч хаях боломж хязгаарлагджээ. Мухар хуулиа хэзээ засч янзална тэр үед л халдаж болохгүй эрхийг нь хамжаарлаж, хэрэг явдлыг нягталж болох нь. Үүнээс наана “бандааш” хочит Д.Гантулгын асуудал нэг тийш болохгүй юм байна.
Сэтгэгдэл (1)