Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгчээ, төмөр замын талаар. Сонирхолтой нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар, тэр дундаа салбар хариуцсан сайдын хувьд төмөр замын асуудалд ямар бодлого баримтлах тухай өгсөн түүний ярилцлага эргэлзээ төрүүлэм хариулт нэг биш нэлээд орсон байх юм. Авууштай нь 2010 оноос хойш хөрсөн дээр бус цаасан дээр хэрэгжүүлсэн тэгээд замхарсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг гацаасан хүний нэг гэдгээ эрхэм сайд өөрөө хүлээн зөвшөөрч.
Тэрээр “Нуугаад яах вэ, “Шинэ төмөр зам”-ын ажил яг 200 сая ам.доллар зарцуулаад таг зогссон байгаа шүү дээ. Би 2012 онд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэр үед “Энержи ресурс”-тай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээг хийж байлаа. Тэд өөрсдийн нүүрсийг зарах, ажлаа хурдасгахын тулд 2016 онд төмөр замыг тавьж дуусгахаар хөрөнгө оруулалт хийж эхэлснийг тухайн үеийн Засгийн газар зогсоосон. Энэ замыг нүүрс тээвэрлэх компани л барина шүү дээ. Нүүрс экспортолж байгаа компаниуд нэгдэж замаа бариад нүүрсээ зөөх, эсвэл нүүрс худалдаж авах хэн нэгэн хөрөнгө оруулалт хийж зам тавиулаад түүгээрээ нүүрсээ зөөж таарна. Энэ асуудал дээр улс төрөөс айгаад байх шаардлагагүй гэж бодож байна. Хэн нүүрс худалдаж авах, ашиг олох гэж байгаа юм бэ, тэр л төмөр зам тавина” гэжээ.
Төмөр замтай холбоотой төсөл хөтөлбөр, тендерийн сонгон шалгаруулалтыг зангидаж явсан Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө салбарын бодлого тодорхойлж байгаа сайдын амнаас гарах л үг, өгөх л хариулт. Төмөр замын суурь бүтцийг төр эзэмших хуультай ч Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Тавантолгойн ордыг цогцоор нь хөдөлгөх хийгээд түүнийг дагасан төмөр замын бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагчдад даатгах нь зүйтэй гэсэн саналыг оруулж ирээд УИХ-ын дарга асан З.Энхболдод амаа таглуулаад цуцалж байсан нь саяхны үйл явдал.
Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төмөр замын төсөлд төрийн өмчийн “МТЗ” компани давуу эрхтэйгээр, хамгийн багадаа 51 хувийн эрхтэй оролцох ёстой гэсэн байр суурийг баримталж байв. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа энэ зарчмыг ярьдаг, бас шаарддаг байлаа. Үүнийг Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ сайд мэдэхгүй биш мэдэж л байгаа. Магадгүй хамгийн сайн мэдэх хүн нь тэр.
Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед төмөр замаа хятадуудаар бариулж бүр суурь бүтцийг эзэмшүүлэх тухай асуудлыг У.Хүрэлсүхийн танхим үргэлжүүлэх бодлого баримтлахыг салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ хэлэв. Бараг хятадуудаар төмөр замаа тавиулна гэдгээ шууд хэлчихлээ. Үүгээрээ нэгэнт цагт төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шадарлаж, зовлонг хуваалцаж явсан, өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгынхаа өмнөөс Ж.Бат-Эрдэнэ салбар хариуцсан сайдын хувиар дунд хуруу гаргачихлаа. Ямар ч байсан түүний баримталж байгаа бодлогын талаар Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй хариулт өгч, байр сууриа илэрхийлэх болов уу.
Учир нь, Ерөнхийлөгчийн хэлээд байгаачлан төмөр замын суурь бүтцэд төр давуу эрхтэй байх нь оргүй бол ортой зүйл. Яагаад гэвэл төмөр зам бол өөрөө стратегийн маш чухал цэг. Тэнд нэг хувийн эзэмшил тогтоход л тээвэрлэгчдэд монополь тогтоох боломж үүсдгийг төмөр замын инженерүүд тодотгодог. Тиймээс төмөр замын суурь бүтцийг төр 100 хувь эзэмшээд дээгүүр нь явах хөдлөх бүрэлдэхүүнийг хувийн компаниудад хариуцуулах нь хамгийн зөв сонголт юм билээ. Ингэснээр суурь бүтцийн үнээр наймаа хийдэг технологи алга болж, тэндээс хулгай хийх боломжийг нь хаадаг. Төр биш хувийн компаниуд суурь бүтцийн үнийг хэрхэн тогтоохыг хянаж байдаг учраас тэр шүү дээ. Магадгүй энэ эрсдэл үүсч болзошгүйг анзаарснаараа Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөг хүртэл эсрэг байр суурьтай явж ирсэн байж мэдэх.
Гэхдээ сайдын хэлээд байгаачлан, улс төрийн ашиг сонирхлоос эмээх шаардлагагүйгээр төмөр зам бариулах компани нь хэн бэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхээр болсон нь үнэн л юм бол Тавантолгой хийгээд түүнийг тойрсон төмөр замын төслийн хөрөнгө оруулагчид нь Монголын “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” корпорацийн түншлэлээс өөр хөрөнгө оруулагч байхгүй. Тийм бол тэнд төрийн өмчит “Эрдэнэ-Тавантолгой”-н оролцохгүй. Ерөнхийлөгчийн баримталдаг суурь бүтцэд давуу эрхтэй байх учиртай “МТЗ” бүр ч байхгүй болж таарна. Учир нь, уг түншлэлийнхний хувьд Тавантолгойд цогцоор нь буюу өөрсдөө хөрөнгөө гаргаж оролцох сонирхолтой буйгаа өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд илэрхийлж ирсэн юм.
Мэргэжлийнхний хэлдгээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далан маш сайн болсон гэдэг юм билээ. Одоо үлдсэн зүйл гэвэл дээгүүр нь тавих төмөр зам. Гэтэл өөрсдөө бүр тодруулбал Монголын төмөр замчид маш хямд өртгөөр барих боломжтой замын ажлыг заавал хил дамнасан түншлэлд ашиглуулах гээд байгаагийн цаад зорилго юу вэ. Эсвэл “Энержи ресурс” тэргүүтэй түншлэлийг оруулах “Эм Си Эс” компанийн ээлжит лобби, ашиг сонирхол Ж.Бат-Эрдэнэ сайдаар тодорч, хөндөгдөж эхлэв үү.
Улстөрчид төмөр замыг км-ийг нь 3-4 сая доллараар тавина гэж ярьдаг. Гэвч тэр нь өндөр хурдны төмөр зам барих өртөг билээ. Харин манайх шиг 80-100 км/цаг хурдтай явдаг ачааны галт тэрэгний замыг Хятадад 350-800 мянган доллараар барьж байна. Нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд нэг км замын өртөг нэг сая доллараас дээш гарна гэж хэзээ ч байхгүй гэсэн үг. Техник үйлчилгээ өртөө, гүүр, хоолойг орууллаа орууллаа гэхэд 1.5 саяас илүү гарахгүй хэрэг.
Дөрөвдүгээр ангийн хүүхэд хүртэл тооцоог нь бодоод гаргачих ажил үлдсэнийг “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” корпорацийн түншлэлд хариуцуулах гээд байгаа нь хэний ашиг сонирхол, яагаад салбарын сайдаасаа эхлүүлээд ард түмний тархийг угаагаад байна вэ гэдэгт асуудлын зангилаа оршиж байгаа юм. Багахан хэмжээний тоо бодож, тооцоо гаргах гээд үзье.
265 км барьчихаад байгаа далан дээгүүр төмөр зам тавихад хэчнээн дэр, хэчнээн тонн зам төмөр, бусад хэрэгсэл орохыг тооцоход ердөө л 70 сая ам.долларын тооцоо гарч байна.
Урд хөршөөс буюу Эрээнээс нэг дэрийг 30 ам.доллараар хувийн хэвшлийнхэн авдаг. Тэгэхээр үүнээс харьцангуй сайн чанарын найдвартай нь болох Япон, Германы технологиор хийсэн нэг бетоны дэрийг 70 ам.доллараар авах бүрэн боломжтой. Төр, засгийн, тендерийн авлигын мөнгийг оруулаад шүү дээ. Жишээ болгоход Хөтөлийн бетон дэрний үйлдвэрт 80 орчим мянган төгрөгийн өртгөөр бүтдэг зүйл. Хятатад 800-900 ам.долларын ханштай байгаа нэг тонн зам төмрийг 1300 ам.доллараар тооцъя. Дэлхийд хамгийн чанартай Австрийн зам төмрийг 500 ам.доллараар оруулж ирж байсныг эс тооцвол шүү дээ.
Ингээд бодохоор 265 км төмөр замын барилга, угсралтын ажлын материалын зардал нь 70 сая орчим ам.долларт багтаж байна. Нэг км төмөр зам барихад R-65 маркийн 128 тонн зам төмөр, 1800 ширхэг бетон дэр орох юм билээ. Нэг тонн зам төмрийг 1300, нэг ширхэг бетон дэрийг бэхэлгээнийх нь хамт 70 ам.доллар гэж тооцвол км төмөр зам барихад 292400 ам.доллар болно гэсэн үг. Үүнийг 265 км төмөр замдаа шилжүүлбэл 77486000 доллар л болж байгаа юм. Төсвөөс гаргадаггүй юм гэхэд олон улсын зах зээлд багахан хэмжээний бонд босгоод шийдвэрлэчих л мөнгө.
Гэтэл заавал Монгол, Хятад, Японы хамтарсан түншлэлд Тавантолгойн ордоо тавган дээр тавьж өгөхийн хажуугаар төмөр замаа бариулж, суурь бүтцийг нь эзэмшүүлэх талаар салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ ээлж дараалан ярилцлага өгч, үүнээс өөр гарцгүй болсон мэт яриад байгаа нь эргэлзээ бас хардлага төрүүлэм. Нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс 100-200 ам.доллараар зарж байгаа атлаа төмөр замын суурь бүтцээ дахин тавиад туух санал дэвшүүлж эхэлсэн нь дэндүү инээдтэй бас эмгэнэлтэй биш гэж үү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх удахгүй БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Тэр үед Ж.Бат-Эрдэнэ айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, төмөр замын асуудалд голлох байр суурьтай оролцож таарна. Тавантолгойн асуудлыг ч хөндөх байх. Гэхдээ одоогийн дэвшүүлж байгаа саналаараа яриа хэлэлцээ хийвэл байгаа онох бус онохгүй байх магадлал өндөр. Учир нь, “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” корпорацийн түншлэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй, унагадгаараа унагана. Тиймээс гаднын хөрөнгө оруулагчдыг царайчилж байхаар өөрсдөө дотоодынхоо нөөц л боломж бололцоонд тохируулж төмөр замаа барих хамгийн зөв шийдэл болов уу.
Угаасаа Хятадын талд асуудлаа зөв тавихад хүлээж авахгүй байх нөхцөл байхгүй юм билээ. Учир нь, Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын хамгийн идэвхтэй хийгээд үнэнч гишүүн. Хүлээж авахгүй байх ямар ч үндэс байхгүй гэсэн үг. Дэлхийн худалдааны байгууллагын идэвхтэй гишүүн улс далайд гарцгүй орны дамжин өнгөрөх конвенцийг хэрэгжүүлэхгүй байна гэж угаасаа байхгүй. Тиймээс бид огтлолцлын цэгээ тогтоож, өөрийн нутаг дахь замаа Хятадын буюу дэлхийн стандартаар төмөр замаа өөрсдөө барьчихвал цаад асуудал нь конвенцийн хүрээд тус улсын шийдэх асуудал болж үлдэнэ. Төмөр замтай болохгүй бол Тавантолгойн нүүрс 20 ам.доллар байсаар байх болно. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 1000 ам.доллар хүрсэн ч Шилийн гол аймгийн үнээр зарна. Юу үнэн гэвэл энэ үнэн.
Т.Туул
Сэтгэгдэл (25)