АН-ын дарга С.Эрдэнэ, ЕНБД-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар мэдээлэл хийж, Ардчилсан намын долдугаар их хурлын талаар болон намын даргын байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ намын долдугаар Их хурлаар хэлэлцсэн асуудлын талаар танилцуулав. Тэрбээр “Үзэл баримтлал үндсэн дүрмийн зөвлөл маань дүрмийн болон үзэл баримтлалын эцсийн хэлэлцүүлгийг хийж дараагийн Их хуралд танилцуулах үүрэгтэй байгуулагдсан. Дээр нь АН-ын Үндсэн дүрмийн хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй, Дотоодын сонгуулийн хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ийм асуудлуудыг шийдсэн үр дүнтэйгээр АН-ын долдугаар их хурал болж өндөрлөлөө.
Мөн дөнгөж сая АН-ын шинэ байрны нээлтийг хийлээ. Ардчиллын өргөө шинэ байранд намын төв байр байрлаж үйл ажиллагаа явуулна. Одоогийн байрлаж байгаа байранд намын мэдээлэл судалгаа, сургалтын төв болон намын дэргэдэх олон нийтийн байгууллагууд байрлана. Шинэ байран дээр бодлого шийдвэр боловсруулахаас эхлээд удирдан чиглүүлэх бүх ажлаа хийнэ.
Өчигдөр гарсан 01 тоот тушаалаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон. Ц.Туваан дарга өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын яамны харьяа Нийгмийн халамж, хамгааллын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, улс төрд олон жил явж байгаа хүн” гэв.
Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Их хурлаас баталгаажуулна гэж байсан ч дүрмийн хэлэлцүүлэг хийх үеэр хуучнаар ҮЗХ-гоор хэлэлцүүлэх болчихлоо гэж байснаа шууд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ нь эрх хүрээндээ нийцэж байгаа юу?
-Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар ҮЗХ-нд байгаа. Сая Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол баталсан. Энэ тогтоолд Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж ажиллах эрхийг намын дарга олгох тухай заасан. Энэ тогтоолын дагуу өчигдөр 01 тоот тушаал гаргаж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон байгаа.
-Өнгөрсөн хугацаанд АН-ын дүрмийн хэлэлцүүлэг явж байна гэж л байснаас биш үзэл баримтлал гэдэг зүйл сонсогдохгүй байсан. Үзэл баримтлалыг шинэчлэх явц хэзээнээс эхлэв?
-Үзэл баримтлалын төслийн тухайд үндсэн дүрмийн төслийн хамт ажлын хэсэг гараад явж байгаа. Сая үзэл баримтлалын төслийг хангалттай болоогүй байна гэж үзээд Үндсэн дүрмийн хүрээнд нэмэлт өөрчлөлт орох шаардлагатай гэж үзсэн учир Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулж үргэлжлүүлж энэ хэлэлцүүлгийг явуулахаар тогтож тогтоолоо батлуулсан. Хавар тавдугаар сард Үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн найруулгыг батлуулна.
-Намын шинэ байрны тухайд?
-Намын үйл ажиллагааг хэвийн явуулах, намын гишүүд, дэмжигчид, дунд шатны удирдах ажилтнуудаас эхлээд бүгд удирдлагатай хамтрах боломжоор хангаж ажиллах ёстой. Энэ асуудлын хүрээнд өнөөдөр Ардчиллын өргөөн дээр намын төв байрыг байршуулах шийдвэр гаргаад өнөөдөр намын шинэ байр нээлтээ хийлээ.
-Намын шинэ удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, нэр дэвшигчийг хэрхэн сонгох вэ. Ер нь намын даргын хувьд оноосон хүн байгаа юу?
-Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нэрлэхгүй. Намын дүрмийн хүрээнд намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлах эрх нь байгаа ч би эхнээсээ нэрийг нь намын дарга зарлахгүй гэсэн байх суурьтай байсан. Энэ байр сууриан дээрээ бат зогсоно. Харин бид бүх гишүүдийн оролцоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах байр суурь хэвээрээ байгаа.
-Ардчилсан нам залуучуудын оролцоог намынхаа үйл ажиллагаанд нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарах бэ?
-Нас, жендерээр ялгаварлах байр суурийг би барихгүй. Хэн өөрөө идэвхи санаачлага гаргана, тэр манлайлаад явах учиртай. Би залуучуудад “Та нарт боломж байна, мэргэжил байна. Өөрсдөө намынхаа ажилд оролц” гэж хэлдэг. Бэлэн зүйл шаардаад суугаад байх юм бол боломж тэр хэрээр хумигдана. Би ч гэсэн ялгаагүй, 1989 онд анх Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад л явж байсан. Тэр үед бидэнд хэн ч зааж зөвлөөгүй. Хэн ч дэмжээгүй. Илүү их айдас, дарангуйлал биднийг хүрээлж байсан. Тиймээс өнөөдрийн залуучууд юм болгоныг бэлэнчлэх сэтгэлгээтэй байж болохгүй. Би гурван цагийн хэлхээс буюу гурван үеийн залгамж чанрыг эрхэмлэх байр суурь барина. Өөрөөр хэлбэл, АН ахмад, дунд үе, залуучуудын оролцоог тэгш хангаж ажиллана. Бид өнгөрснөөсөө суралцаж, дунд үеэ хүндэтгэж, шинэ залуу үеэ хүлээн зөвшөөрч явах учиртай. Би залуучуудын оролцоог ингэж л харж байна.
-АН фракциасаа сална гэж ир ярьдаг. Гэтэл намын дарга Шонхор фракциас сонгогдсоны дараа ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч нь мөн уг фракциас сонгогдлоо. Энэ фракциасаа салах намын тань зорилттой хэр нийцэж байгаа бэ?
-Ц.Туваан бид хоёрт нэг “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн АН-ын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Ер нь Монголчууд бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс эхлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна.
-З.Энхболд дарга сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хариуцлагаа үүрч, намын даргын албан тушаалаа өглөө. Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан тохиолд та хариуцлага хүлээх үү?
-Намын үндсэн дүрмийн хүрээнд тухайн тухайн салбартаа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Мэдээж өрсөлдөөнд дундаас аль нэг намын нэр дэвшигч гарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй.
-Үндэсний бодлогын зөвлөлийн 380 гишүүнийг хэзээ томилох вэ? Шалгуур нь ямар бол.
-УИХ-ын нэг мандат дээр ҮЗХ-ны гурван гишүүн томилогддог байсан. УИХ-ын 76 тойрог дээр таван Үндэсний бодлогын хорооны гишүүн томилогдохоор тооцож байгаа. УИХ-д сонгогдсон гишүүд Үндэсний бодлогын хорооны гишүүнээр шууд сонгогдох юм. Үндэсний бодлогын хорооны гишүүнээ УИХ-ын гишүүн болгосон аймаг, дүүрэгт тэр суудал дээр нөхөн сонгууль болж нэг бол бонус маягаар тухайн аймаг дүүрэг Үндэсний бодлогын хороонд нэмж суудал авах эрхтэй байхаар дүрэмд зохицуулалт хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 6-нд урьдчилсан байдлаар төлөвлөж байна. Бүх анхан, дунд шатны сонгуулийг бүх гишүүдийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Ингэж Үндэсний бодлогын хорооны гишүүд маань 76 тойргоос гарч ирэх юм.
-Их хуралд Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын нөлөө бүхий гишүүд нь оролцсонгүй. АН-ын экс дарга З.Энхболд “Ардчилсан нам олигархи, оффшорчдоосоо саллаа” гэж хэлсэн. Энэ ч бас олон нийтэд хүчтэй нөлөөлөх шиг боллоо. Хуралд ирээгүй АН-ын лидерүүд ямар нэг тайлбар хийсэн үү, оролцохгүй болсон талаараа?
-Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Баярцогт нарыг оффшорчин ч юм уу, олигархи гэж Монгол Улсын шүүх, хуулийн байгууллагын төвшинд тогтоогоогүй. Тогтоох нь битгий хэл, хуулийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа яваагүй. Бид биенийгээ үндэслэл нотолгоогүйгээр шоглож гүтгэдгээ болих хэрэгтэй. Үндсэн хуульд заасан, шүүхээр хэнийг ч буруутай гэж тогтоогоогүй байхад хэнийг ч буруутайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчмаа л барина. Ч.Сайханбилэг надаас чөлөө авсан, яаралтай эмчилгээтэй байгаа учраас очиж амжихгүй нь чөлөө авахыг хүсэж байна гэсэн. С.Баярцогт, Н.Алтанхуяг хоёр тодорхой шалтгаан хэлээгүй. Гэхдээ хувь хүнд янз бүрийн шалтгаан гардаг.
Манай намд зөвхөн Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Баярцогтоор тогтохгүй ээ, үе үеийн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүн бий. Нэг хоёр хүнээр АН-ыг төлөөлөөд нөлөө бүхий хүн нь ирсэнгүй гэж харж болохгүй. Сайд дарга, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дийлэнх нь өчигдрийн их хуралд ирсэн. 16 мянган гишүүн саналын эрхээ нээж чадаагүй учраас сонгуульд оролцож чадаагүй. Одоо бол дараа, дараагийн сонгуульд оролцох эрхийг нээгээд явж байгаа.
Б.Энхжин
Сэтгэгдэл (14)