УИХ-ын хаалтын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 80,3 хувь дэмжсэнээр төрийн мэдэлд шилжүүлэн авахаар болсон. Санал хураалтын өмнө УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “УИХ зөвшилцөж ярилцаж байж шийдвэр гаргадаг газар. Монголчууд бие биенийгээ дэмжиж урагшлах ёстой. Гэвч сүүлийн үед гарч байгаа задрал, хагарал үнэхээр хүнд байдалд оруулж байна.
Би Эрдэнэтийн асуудлаар наадмын дараа байр сууриа илэрхийлж байсан. Энэ удаагийн Их хурал Эрдэнэтийн асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой, Засгийн газар бүрэлдэнгүүтээ мөн энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой. Нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Ингэснээр тодорхой хэмжээний ойлголцолд хүрэх байх гэж зөвлөсөн. Гэтэл 7 сарын дараа хэлэлцэж байна.
Эрдэнэт үйлдвэр анх 1978 нээлтээ хийж байсан. Тухайн үед үйлдвэрийг бүрэн хүчин чадлаараа 30 жил ажиллана гэж тооцоолсон. Гэтэл өнөөдөр 39 дэх жилтэйгээ золгож байна. Эрдэнэт үйлдвэр тарган сайхан саалийн үнээ явсан үе бий. Одоо энэ үйлдвэрт ойролцоогоор хагас тэрбум гаруй долларын засвар хэрэгтэй байна. Эмчилгээ, тордолгоо хэрэгтэй байна.
Эрдэнэт үйлдвэрийн дансыг Шилэн болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр нийт албан тушаалтнуудын 60 хувь нь Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Та нар хуулийг сонгож хэрэгжүүлж байна. Ядаж энэ үйлдвэрт жил болгон аудит оруулж ирэх ёстой. Цэс хайлуулах үйлдвэрийг нь байгуулах ёстой. Баялаг нь дуусаад ирэхэд дахин өөр нэг үйлдвэртэй болсон байх ёстой. Өнөөдөр бид энэ асуудлаар ярилцаж байх ёстой.
Би монголынхоо төлөө санаа зовсондоо энэ чуулганд орж ирлээ. Өөрсдийгөө зөвтгөсөн олон сайхан зүйл та нар ярьж байна. Гэхдээ дэлхий дахин та бүгдийг хүлээж авахгүй шүү дээ. Хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж ярина. Хэдхэн хоногийн өмнө дэлхийн хэвлэлүүдээр Монгол улс өрөө дарахын тулд иргэд нь хандив цуглуулж эхэллээ гэсэн мэдээ гарсан. Гэтэл дэлхий дахин Монгол ийм болтлоо дорд орсон байна гэж бичиж байна. Та нарын гаргасан шийдвэрийг дэлхий дахин юу гэж хүлээж авах бол.
Хүний нутагт явж байсан агтаа аваад иржээ. Гэтэл та нар булааж авч байгаа юм уу. Энэ чинь шууд эдийн засгийн хориг арга хэмжээ болж хувирна. Өөрийнхөө иргэдий бизнесийг булааж авч байгаа улс хүний бизнесийг яах вэ? Иргэнийхээ бизнесийг Эрээний ченжээс ч дорд үзэж байна. Нэг хүний толгойд буруу бодол орж ирж болно. Гэхдээ тэр нь Монгол улсын бодлого, шийдвэр байж хэрхэвч болохгүй.
Яг үнэнийг хэлэхэд энэ бол Эрдэнэтийн 49 хувийн асуудал ч биш. Үүгээр дамжуулж Засгийн газарт оролцох хэсэг хүмүүсийн санаархал. Засгийн газрын дов нь дээр суух гэж байна. Улс төрд олон жил явсны хувьд үүнийг харж байна.
Энэ асуудлыг ард иргэдийн оролцоотойгоор шийдэж болно. 49 хувь нь ОХУ-д байх үед Хөрөнгийн бирж хувьцааг зарах боломжгүй байсан. Харин одоо ийм боломж байна.
Хэрвээ Засгийн газар хууль зөрчсөн бол үүнийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх ёстой. УИХ хууль зөрчсөн эсэхийг шийддэг газар биш. Өмнө нь ийм асуудал яригдаж байсан. Гэхдээ УИХ хуулийн байгууллагыг орлож болохгүй гээд буцааж байсан удаатай. Монголоо бодсон, шударга ёсыг бодсон зүйл ганцхан ч алга. Хоёр улсын Засгийн газар хуйвалдана гэж байхгүй. Гэрээнийхээ дагуу л явсан. Үүнээс чинь болж монгол руу харах түншгүй болчих вий.
Та нарын гаргасан шийдвэр Монгол Улсыг олон улсад ганцаардуулах болно. Үүнээс болж Монгол улсын хөгжлийг боосон шийдвэр гарна. Цаашлаад Монголын сайн сайханд тавьсан хориг болно шүү.
Сэтгэгдэл (222)