“Үндэсний шуудан” сонин дугаарын “Онцлох зочин”-оороо Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийг урьж ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. УИХ-ын сонгууль, шинэ Засгийн газар, АН-ын шинэчлэл, эдийн засгийн хямрал гээд тантай ярилцах сэдэв олон байна.
-Богино хариулахыг хичээе.
-Та сонгуулиас хойш ярилцлага өгөөгүй байгаа. Тэгэхээр ярилцлагаа үйл явдлын дарааллаар, сонгууль тойрсон дуулианаар эхэлье.
-Болно оо.
-Өнгөрсөн сонгуулийн үр дүн санаанд оромгүй байдлаар эргэсэн. Тэр дундаа Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн олон лидер сонгуульд ялагдал хүлээсэн. Та бол Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ардчилсан намын хамгийн нөлөө бүхий лидер. Гэтэл төрж өссөн Увс нутагтаа очиж сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодчихлоо.Улс төрийн хүрээнд танил биш бизнесмэн залуу улс төрийн том фигурыг ялсан гэсэн мэдээ миний хувьд цочир сонсогдсон.Бас бусдад ч тэгж сонсогдсон болов уу гэж бодож байна?
Энэ удаагийн сонгуульд Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголынхоо төлөө зүтгэх аль ч нам ялаагүй
-Монгол ардын хэлц үг бий, “Сэвсэн дээрээ мөөрөлдөх хэрэггүй” гэж. Өөрчлөх гэж оролдоогүй байж, нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн араас харамсаад яахав дээ гэсэн утга бүхий үг. Би Монголынхоо ард түмний сонголтыг хүндэтгэнэ. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн өмнө нь ч тэр, сонгуулийн үеэр ч тэр олон луйврын, гэмт хэргийн шинжтэй, хууль бус үйлдлүүд болсон. Ийм үйлдлүүд хийгдэж, захиалгын УИХ бүрдэх нөхцөл бий болсон талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард миний бие мэдэгдэл хийж байсныг хүмүүс санаж байгаа байх. Иймэрхүү үр дагавар гарах вий гэж урьдаас харж байсан. Сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг зөрчин байж хүчээр өөрчилсөн гээд олон асуудал бий.
Үнэндээ арай ч дээ гэмээр олон хууль бус үйлдлийг явцуу эрх ашигтаа нийцүүлэн хуйвалдан хийсээр хуйвалдааны төрийг бүрдүүлж чадлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тогтмол давтамжаар тархи угааж, хууль хүчний байгууллагуудыг ашиглан өрсөлдөгч улстөрчдийнхөө нэр хүндэд удаа дараа халдсаар, зарим нэгийг нь барьцаалж байгаад тэд зорьсондоо хүрлээ.Үнэндээ бол өнгөрсөн сонгуулиар Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголынхоо төлөө зүтгэх аль ч нам ялаагүй. Харин ганцхан бүлэглэл л хуйвалдааны төрийг байгуулж чадсан нь гашуун үнэн. Харамсалтай нь энэ бүлэглэлд Монгол хүнийг Монголд нь сайхан амьдруулах ямарч хүсэл байхгүй нь ахиад л нотлогдож байна. Утсан хүүхэлдэй нараа ээлж дараалан Ерөнхий сайдаар томилоод хасна, танана, хална гэдэг үгсээр айлгаж юу ч бүтээлгэлгүй алт шиг цаг хугацааг урсгасаар байна.
-Тийм гэж үү. Тэгвэл тэр бүлэглэлийн зорилго нь юу юм бэ?
-Энэ бүлэглэл ард түмнийг айдсаар дарангуйлж, ходоодыг нь хагас хоосноор барьж, цаагуураа Монголын баялгийг гаднынхантай хувааж цөлмөөд өөрсдөө л хүчирхэгжин хөлжих ганц л зорилго бий. Монгол хүн сайхан амьдарвал тэд зорилгодоо хүрч чадахгүй учраас ямарч аргаар хамаагүй хөгжлийг гацааж, улсынхаа нэр хүндийг олон улсад унагаж, иргэдийнхээ төрд итгэх итгэлийг үгүй хийх ажлуудыг зохион байгуулдаг.
-Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулснаар л АН-ын буруу эргэлт эхэлсэн гэж танай намын жирийн гишүүд ярьж байхыг сонссон.Гэтэл одоогийн эрх баригчид хариуцлагагүй засаглалаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас болж ард түмэн Ардчилсан нам дүнгээ тавиуллаа гэж байгаа...
-Хүн бүр л өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх. Тэгэх нь ч тэдний эрх. Өнгөрсөн хугацаанд бүх л үйл явдал олон түмний нүдэн дээр ил өрнөсөн. Юу болсныг та ч гадарлаж байгаа байх. Одоо үүнээс болж, түүнээс болж ялагдчихлаа гэж яриад өнгөрсөн сонгуулийн дүн гэгчийг өөрчилж чадахгүй.Харин манай намынхан өнгөрсөн сонгуульд заавал дүгнэлт хийх хэрэгтэй. Сонгуулийн үр дүн яагаад ийм гарав, ямар зохион байгуулалттай, ямар ямар үйл явдал болов гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн сонгуулиуд улам л тоглоом, шоу болох аюултай. Ер нь бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Би олон удаа хэлсэн. Дахиад хэлье. Манай улсад нүүрлэсэн хямрал бол шударга ёсны хямрал.Шударга ёсны хямрал ямар үед нүүрлэдэг вэ гэвэл хууль сахиулагч институцийг шударга бус, хараат болгосноор нүүрэлдэг. Бид хуулийн засаглалыг бэхжүүлнэ, шударга байна, хуульт ёсыг сахиулна гэх сайхан үгс, шүүхийн шинэтгэл гэж ярьсаар даруй найман жил өнгөрлөө. Үр дүнг нь харцгаа л даа. Улам илүү хараат болсон шүүх, нэг хоёрхон хүний дохио зангаагаар ажилладаг болсон хуулийн байгууллагууд л байна. Эцэст нь тэд л хуйвалдааны төр байгуулах зорилгодоо хүрсэн болохоос Монголын ард түмэн юу ч хожоогүй.
-Мэргэжлийн гэж нэрлэсэн Засгийн газрын анхны бодлого олон нийтийн бүү хэл, бүлгийнхээ ч дэмжлэгийг авч чадалгүй уналаа. Та сая утсан хүүхэлдэй Ерөнхий сайд гэж хэллээ.Магадгүй намын дарга Ерөнхий сайд болоогүй учраас утсан хүүхэлдэй гэж та нэрлэсэн байх.
-Эрх мэдэлгүй Ерөнхий сайд л харагдаад байна.
-Гэхдээ намын дарга нь Ерөнхий сайд болдог байсан тэр жишиг танай намын үед л алдагдсан шүү дээ?
-Ерөнхий сайдын сэнтийд суух ч яахав, Ерөнхий сайдын ажил үүргийг сайн хийнэ гэдэг амаргүй л дээ. Би ажил хийнэ, ард түмнийхээ төлөө зүтгэнэ, бүтээнэ гэсээр байгаад л Ерөнхий сайдын ажлыг авч байсан. Намайг ганц нэг хүн Ерөнхий сайд болгохгүй л гэж байсан. Монголд маань жишиг болоод тогтсон ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог зарчим өнөөдөр харамсалтай нь алга болж, бие дааж, зоригтойгоор олон түмний төлөө шийдвэр гаргах хүнгүй боллоо. Өндөр сандал ширээ мөрөөдсөн хүмүүс тав тух, тогтвор хайж УИХ-ын дарга болоод, үгээс нь гарахгүй гэдэг шалгуураар Монгол төрийн Ерөнхий сайдыг томилоод байвал хор уршиг нь цаашдаа улам л их болно. Өөрийн толгойгүй Ерөнхий сайдад эрх мэдэл дутахаас яах вэ. Би Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход өөрийн толгойтой байгаарай гэж захиж байсан. Харамсалтай нь тэр чадаагүй .Өнөөдрийн Ерөнхий сайд ч чадахгүй л бололтой. Хэцүү л дээ. Үнэхээр хэцүү. Гүйцэтгэх засаглалын тэргүүн шийдвэр гаргах, түүнийгээ хамгаалах эрх мэдэлгүй бол бид хөгжил гэдэг үгийг мартах хэрэгтэй.Эрх баригч нам язгуур эрх ашигтаа биш намаасаа “явах”, өрсөлдөгч намдаа “ирэх” мөрөөдөлтэй дарга нарын эрх ашигт үйлчилж байгаа нь эмгэнэлтэй байна. Ард түмэнд тусгаар улс шиг улс, хүчтэй төр шиг төр, хөгжил дэвшил, сайхан амьдрах нөхцөл хэрэгтэй гэдгийг мартах ёсгүй.Хувь хүнийх нь хувьд би өнөөдрийн Ерөнхий сайд болон танхимынх нь гишүүдийн зовлонг дээд зэргээр ойлгож байна. Хүсээгүй шийдвэр, хүсээгүй даалгавар, дээр нь зохион байгуулалттай, давтамжтайгаар ирэх элдэв гүтгэлэг дайралт бол их хэцүү байдаг. Ер нь Монголын ирээдүйг авч явах чадалтай олон залуу, нэг хоёр хүний шуналын золиос болж дуусдаг жишиг битгий тогтоосой.
Намаа сэхээнд ортол нурааж, тамласан хүн одоо эмчийн дүрээр аварна гэдэг юу л бол...
-Явах хүн нь ч бараг ойлгомжтой байх. Ирэх хүн гэж та хэнийг хэлж байна вэ?Танай намын шинэчлэлийн үйл хэрэгт Ерөнхийлөгч маш идэвхтэй оролцож байгаа нь ил харагдаж байгаа.Түүнийг ирэх жил ажлаа өгөөд намаа авах сонирхолтой байгаа гэж олон хүн үзэж байгаа.Та түүнийг хэлж байна уу?
-Таны асуултын “намаа авах” гэдэг үгийг би огт ойлгохгүй байна л даа. Цахиагийн Элбэгдорж бол яалт ч байхгүй ардчиллын анхдагчдын нэг мөн. Ардчилсан намаас хоёр удаа Ерөнхий сайд болж, хоёр дараалж Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн.Энэ утгаараа тэр бол яалт ч байхгүй Ардчилсан намын хүн гэж тодорхойлогддог. Харин өнгөрсөн дөрвөн жилд юу болсныг бид бүгдээрээ харсан.Анхны ардчилагчдын нэг, Ардчилсан намаас хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгч маань, уугуул намаа эрх барих үед нь хэрхэн дэмжиж, хэрхэн хамтарч ажиллав? Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж байсан нөхдөө үндэслэлгүйгээр шоронд явуулж, намын нөхдөө хооронд нь талцуулж, хагаралдуулан сөрөг хүчний удирдагч нартай үгсэн хуйвалдаж, ардчилагчдын шинэчлэх өөрчлөх, бүтээн байгуулах, улс шиг улс болгох чин эрмэлзлэлийг тасалдуулж, намаа сонгуульд ялагдуулах бүхий л нөхцөл бололцоог бий болгосныг Монголын ардчилагчид бүгд харсан.
Намыг бодлого, чиглэлгүй болгосон хүмүүс огцорсон ч багадана.
-Гэхдээ хэн ч, юу ч хэлээгүй. Таныг өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэл хийх хүртэл шүү.Та л төрийн тэргүүнийг хуйвалдааны төрийн загалмайлсан эцэг гэсэн шүү дээ.
-Би мэдэгдэлдээ хуйвалдааны төрийн удирдагчдын нэг гэж зарласан, үнэн. Энэ бүхэн хэн ч харсан ойлгомжтой байдлаар бүхний нүдэн дээр ил болоод өнгөрсөн болохоор нууц биш л дээ. Ардчилсан намын нэр хүндийг шалд нь унагаж, засаглаж чаддаггүй нам, хоорондоо хэл амаа ололцдоггүй нам гэдэг ойлголтыг нийгэмд хоногшуулан сонгуульд ялагдуулах олон эрээ цээргүй хуйвалдаан явсныг бүгд мэдэж байгаа. Та санаж байгаа байх. Гааль татвар, бүртгэл статистикийн байгууллагуудыг нэгтгэж, дэд сайд нарыг байхгүй болгосон, Дубайн гэрээ, Эрдэнэтийн асуудал, Тавантолгойн олборлолтын хэмжээг эрс бууруулсан зэрэг бол хуйвалдааны нэг хэсэг. Гэтэл өнөөдөр Ардын нам хэмнэлт, хямрал ярьж ард түмнээ айлгах мөртлөө бүгдийг нь ухрааж буцаагаад дэд сайд нараа бий болгоод нэгтгэсэн байгууллагуудаа эргээд салгаж байгаагаас тод харагдаж байна шүү дээ. Товчхондоо бол зорилгодоо хүрч намаа сэхээнд ортол нурааж тамласан хүн, эмчийн хувцас өмсөөд мэс засал хийж аварна гээд ороод ирнэ гэдэг юу л бол. Улс орны хөгжил дэвшил, Монголын ардчиллын ирээдүй, олон мянган гишүүний итгэл үнэмшил, хувь заяатай холбоотой асуудалд арай л явцуу эрх ашгийн, аминч, хувиа хичээсэн өнцгөөс хандсан даа...
-Тэгвэл хэн гэж. Ардчилсан намын шинэчлэлд тэгвэл хэн туг нь болох ёстой юм бэ?
-Ер нь шинэчлэл гэдэг бол байнга л хийгдэж байх ёстой зүйл. Түүнээс биш ялалт, ялагдлын дараа цочсон юм шиг хашгирдаг лоозон биш.Манай намын шинэчлэл ч хүндрэл багатай явагдана аа.Учир нь бид хуйвалдааны зарчмаар шинэчлэл хийж жүжиглэдэггүй ил тод нээлттэй нам.Бид хаана, юун дээр ямар хүчин зүйлээс болж, яагаад ялагдав гэдгээ тодорхой, ил тод ярьж, зөв оношилж байж шинэчлэл бодит болно.Харин шинэчлэл нэрээр үйлдсэн гэмээ нууж, хаалгаар биш хаяа тооноор эрх мэдэл, явцуу жижиг эрх ашгийн төлөө шунаж орж ирэх гэж оролдож байгаа хүмүүсийг намын гишүүд сайтар танина.Манай нам олон асуудлыг ул сууриар нь харж, төлөвшилдөө анхаарах, дүрмээ чамбайруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, хариуцлагатай, зарчимтай байх цаг ирээд байгаа нь үнэн.Гэхдээ зөвхөн дотоод зохион байгуулалтаараа оролдох төдийхнөөр шинэчлэл ярих хэрэггүй.Улс төрд шинэ үе орж ирж байна.Эх оронч үзэлтэй, өөрийн толгойтой, би энэ үгийг давтан хэлмээр байна, өөрийн толгойтой хүн чухал шүү.Зарчимч, боловсролтой, шударга өрсөлдөх чадвар бүхий залуусыг бид дэмжих хэрэгтэй.Хүний хүслээр, бусдын хатгаасаар, өөрийн хэм хэмжээг үл тооцон шинэчлэл гэж хоосон хашгирч эрх мэдэл албан тушаал мөрөөдөн нойр нь хүрэхгүй яваа хүмүүс цөөнгүй байгааг ч хэлэх хэрэгтэй.Ардчилсан намд гурван үеийн төлөөлөл анх удаа бий болж байна.Гурван үеийн хэлхээ буюу залуус нь зүтгэж, дунд үе нь ачаа үүрч, ахмад нь туршлага заан зөв чиглүүлж байж улс орноо хөгжил дэвшилд хүргэж чадна.Түүнээс биш нэгнээ үгүйсгээд хол явахгүй л дээ.
-Ардчилсан намын ялагдалд хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Намын удирдлагууд, Ерөнхий сайд ямар хариуцлага хүлээх юм бэ.Тэдний бодлогын алдаа АН-ыг ялагдуулахад нөлөөлсөн үү?
-Нам бодлоготой байж, бодлогынхоо төлөө ажиллах ёстой. Харин намыг бодлого, чиглэлгүй болгосон хүмүүс огцорсон ч багадана.
-З.Энхболд дарга та хоёр бүлэгтээ зөвлөхөөр болсон гэсэн үү?
-Одоо өнгөрсөн хойно нь юугаа зөвлөх юм бэ. Бүлгийн гишүүний хувьд санал бодлоо зөндөө хэлсэн. Зөвлөх үед нь зөндөө зөвлөсөн.Үг авдаггүй шүү дээ. Уйгагүй хэлж байсан. Та бүхэн санаж байгаа. Эрх мэдлийн тэнцвэрийг хуучин гольдролд нь оруулъя гэж хууль санаачилсан. Энхболд шүүгээндээ цоожлоод таг. Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэж хэлсэн. Бас жижиг 76 тойрогболгож бүүр болохгүй гэж хоолойгоо сөөтөл хашгирсан. Сонгуулийн өмнө бүртгэлийн байгууллагаараа оролдож болохгүй, эмзэг шүү гэж хэлж зөвлөсөн маань цөөдөөгүй.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Сэтгэгдэл (59)