Сүүлийн үед транс тос гэх зүйлийн талаар ихээр ярих болсон. Энэ талаар мэдээлэл муутай зарим хүний хэлж буйгаар “эцэстээ идэх юм олдохгүй нь” гэдэг муйхар тайлбараар өөрийгөө хуураад байгаа юм. Мэдээж тосыг ханасан, ханаагүй гэж хоёр ангилдаг гээд эхлэхээр хүн бүр химич биш учраас нарийн ойлгоход төвөгтэй. Тэгвэл хамгийн энгийнээр тайлбарлахад үйлдвэрийн аргаар гаргаж авсан тосыг транс тос гэдэг. Тухайлбал, Монголчууд бидний хэрэглэж заншсан масло, маргарин зэрэг багтдаг. Энэ нь шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу болгосон бүтээгдэхүүн.
Транс тосыг анх 1880-гаад оны үед мах, маслоны олдоц муутай байх үед европчууд ургамлын тосыг хэрхэн хатуу болгож маслоны оронд хэрэглэж болох вэ гэдгийг судалж туршиж үзсэн байна. Ингээд ургамлын тосон дээр устөрөгч нэмэн хатууруулах химийн урвалд оруулснаас үүдэлтэй аж. Ингэж зохиомлоор гаргаж авсан өөх тос нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай анх 1990-ээд оноос эхэлж хөнджээ. Эрдэмтэд зохиомлоор гаргаж авсан өөх тос нь үргүйдэл, Алцхаймерийн болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог гэдгийг тогтоосноос хойш олон орон транс өөхний хэрэглээнээс татгалзсаар байгаа аж. Үүнээс гадна транс өөх нь хүүхдийн хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд нотолдог байна.
Тэр ч бүү хэл ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс тос хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг.
Өнгөрсөн зун АНУ-ын Эм, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах албанаас ургамлын хатууруулсан өөх тос хэрэглэхийг хориглож, ирэх 2018 он гэхэд транс өөх тосны хэрэглээнээс бүрэн татгалзахаар болсон байна. Дашрамд дурдахад, Австри, Бразил, Канад, Швед, Англи зэрэг зарим улсад хүнсний бүтээгдэхүүн дэх транс өөхний хэмжээг зааж өгдөг бол Аргентин улс өнгөрөгч 2014 оноос транс өөхний хэрэглээнээс бүрэн татгалзаад байгаа аж.
Харин манай улсад Эрүүл, мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа транс тосны хор уршгийг монголчуудад анх мэдүүлж, суртал, ухуулга хийж буй хүн юм. Тэгвэл тэрбээр уг тостой дахин тэмцэхээ өөрийн цахим хуудсаар мэдэгджээ.
Тэрбээр энэ талаар "Зүрх судасны өвчин хүн амын нас баралтын тэргүүн шалтгаан болоод удаж байна. Тэгэхээр ТРАНС ТОС-ны хэрэглээг бууруулах нь хамгийн эхний алхам байх ёстой. Гэтэл манай үндэсний 127 хүнсний үйлдвэр транс тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортоор жилд 2749 тонн транс тос оруулж ирж хүнсэнд хэрэглэж байна. Хүнс хөдөө аж ахуйн яам, хил гааль, засаг төр яагаад арга хэмжээ авахгүй байна. Цус харвалт, даралт ихсэлт, зүрхний шигдээс, дутагдлаар олон хүн хар залуугаараа хорвоог орхиж байна. Хэзээ болтол бид ХОР идэж амьдрах болж байна. Иргэд нь хортой хүнс, буруу хэрэглээнээс болж хүн ам үхэж үрэгдээд дуусахыг хүлээх ёстой юмуу. Харин хүнсний үйлдвэрүүд транс тосоо нуугаад шошгон дээрээ “цөцгийн тос” гэж улаан цайм худлаа бичээд эхэлсэн бололтой. Юу идэж ууж, хэрэглэж байгаагаа ард түмэн мэдэх эрх байхгүй гэж үү. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгүүд хүртэл хүүхдүүдэд транс тос өгч байна. Хэрвээ энэ асуудалд анхаарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэдгийг албан ёсоор мэдэгджээ.
Сэтгэгдэл (11)