"Шангри ла" зочид буудлын хурлын танхимд хоёр өдрийн турш хөл хөдөлгөөн тасарсангүй. Энд "Инвест Монголиа 2016" эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулга уулзалт боллоо. Монголын нэр нөлөө бүхий улстөрчид, эдийн засагчид, бизнес, санхүүгийн салбарын тэргүүлэгчид болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн компаниудын захирлууд цуглаад байв. Өнгөрсөн жилийн чуулга уулзалттай харьцуулбал энэ удаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, орлоцогчдын тоо тодорхой хэмжээгээр багассан байсан юм. Гэхдээ засгийн эрх солигдсон мөчлөгт зохион байгуулагдсанаараа онцлогтой байв.
Эхний өдөр: Банкирууд ба хөрөнгө оруулалт
Шинэ хөрөнгө оруулалтын чимээ, мөнгөн урсгалын хоржигоноон, эдийн засгийн өөдрөг төсөөлөл яригдахгүй гэсэн судлаачдын таамаг чуулга уулзалтын эхний өдрөөс л харагдаж байсан юм. Эсрэгээрээ харин санхүү, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний Moody’s фирмийн гаргасан муу мэдээг нэг бус эдийн засагч онцолж байлаа. Moody’s-ээс Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-В3 болгон бууруулсан бөгөөд ирээдүйн төлвийг "сөрөг" хэмээн үнэлжээ.
Түүнээс гадна Moody’s инвесторс сервисийн захирал Ник Эдвардс болон чуулга уулзалтад оролцсон зарим банкирууд Монголбанк бодлогын хүүг өсгөснийг өөр өөр өнцгөөс талбайрласан юм. Энэ тухай Ник Эдвардс "Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь чуулга уулзалтыг улам сонирхолтой болгож байна. Бодлогын хүүгээ өсгөсөн нь богино хугацаандаа эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй. Харин урт хугацаанд муугаар нөлөөлж магадгүй. Гэхдээ Монгол Улс ам.доллараар зээлждэг. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш чухал учраас ханштай холбоотойгоор ийм бодлого хэрэгжүүлсэн байх. Энэ нь төгрөгийн ханшаа чангаруулах боловч банкууд өндөр хүүтэй зээл өгнө" гэв. Харин "Хас банк"-ны ерөнхий захирал М.Болд бодлогын хүүг 15 хувьд хүрсэн нь шинэ зүйл биш гэдгийг хэлээд "2009 онд буюу дэлхийн эдийн засгийн хямралын өмнө бодлогын хүү 15 хувь байсан. Монголын эдийн засгийн цикл дээшээ доошоо хэлбэлздэг учраас дотоодын банкууд үүнд дасан зохицсон байгаа. Мөн хөрш орнуудтай харьцуулахад манай улсын банкуудын эргэлтийн хөрөнгө боломжийн байгаа" гэсэн юм. "Голомт" банкны ерөнхий захирал Ө.Ганзориг мөн өөрийн байрь суурийг илэрхийлсэн бөгөөд тэрээр "Монголбанк бодлогын хүүгээ үлэмж хэмжээгээр нэмлээ. Уг нь жилийн эхнээс зээлийн хүү буурах дүр зурагтай байсан юм. Энэ бол сайн мэдээ. Харин бодлогын хүү нэмэгдсэнээр зээлийн хүү буурах асуудал гацаанд орлоо. Гэхдээ энэ шийдвэр нь үндэсний валют болох төгрөгийн ханшийг тогтворжуулах арга хэмжээ байх" гэлээ.
Зээлжих зэрэглэл, бодлогын хүүтэй холбоотой дээрх хэлэлцүүлгийн өмнө УИХ-ын гишүүн Л.Болд өөр нэг чухал сэдэв болох хөрөнгө оруулалтын талаар илтгэл тавьсан юм.
Тэрээр илтгэлдээ "Манай улсын эдийн засаг хүнд байгаа гэсэн мэдээлэл тархсан байгаа. Гэхдээ буцаад хэвийн байдалдаа орсон гэдгийг нотлох нь чухал байна. Бид өөрийн зах зээлийг бие даан тодорхойлоод явж чаддаггүй. Гадагшаа тэр тусмаа Хятадын зах зээлийн өсөлт, бууралттай үргэлж холбогддог. Тиймээс одоо ийм эгзэгтэй үед Монгол Улс өөрийн зах зээлээ тодорхойлоод явах бололцоотой гэдгээ харуулах цаг болсон. Зөвхөн уул уурхайн үнийн өсөлт гэхээсээ илүүтэй эдийн засгийн өөр боломжуудыг нээж, хэрэгжүүлэх шаардлагатай. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болсон нь их чухал нөлөө үзүүлж байгаа" зэрэг зүйлсийг ярьсан юм. Мөн түүнээс Засгийн газрын ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлогын талаар тодруулахад "Эрх баригчид эдийн засагт буруу онош тавьсан. Буруу оношилбол буруу эмчилгээ хийгдэнэ гэсэн үг. Татвар нэмэх асуудлаар ард түмний халаасанд гар дүрж байгаа нь зөв зүйл биш. Улстөржсөн шийдвэр сайн зүйлд хүргэхгүй. Татвар нэмэх шийдвэрийг гадны хөрөнгө оруулагчид хараад гайхаж байна" гэв. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт, санхүү, бодлогын хүү зэрэг асуудлуудыг тойрон хэлэлцсэнээр чуулганы эхний өдөр өндөрлөсөн юм.
Хоёр дахь өдөр: Баабарын үг, Элчин сайд нарын зөвлөгөө
"Эдийн засгийн маш чухал асуудал хэлэлцэх гэж байхад хүлээлгэчих юм. Уг нь ингэж болохгүй л юмсан" хэмээн чуулга уулзалтад ирсэн хоёр оролцогч ярилцав. Индэрт Солонгос, Австрали, Герман, Япон, Канадын Элчин сайд нар суудлаа эзэлсэн байлаа. Харин хурлын модератороор нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дөрвөн минутын дараа хурлын танхимд яаран орж ирсэн юм. Монгол Улс хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ, эдийн засгаа яаж сэргээх вэ, гадаад орнуудаас ямар туслалцаа үзүүлэх боломжтой вэ, дэлхийн төвшинд гарахад ямар саад бэрхшээл байгаа вэ зэрэг маш чухал асуудлуудад Элчин сайд нар өөр өөрсдийн бодлыг хэлсэн юм.
Австрали улсын Элчин сайд Жон Лангтри: -Ямар ч улс орон аль аль талдаа сайн орчинд, сайн хөрөнгө оруулалт хийхийг зорьж байдаг. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд ил тод, тунгалаг, хариуцлагатай байдал, хэлсэн, амалсандаа хүрдэг, тууштай байдал, бодлогын хувьд уялдаа холбоо, хуулийн зохицуулалт сайтай байх хэрэгтэй. Эдгээр зүйлүүдийг тусгаж хэрэгжүүлээд, өнгөрсөн алдаагаа засч чадвал гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадна. Түүнээс гадна хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчныг маш чухалчилж үздэг. Өөрөөр хэлбэл хуулиар өөрсдийнх нь эрх ашиг хэрхэн хамгаалагдсаныг хамгийн түрүүнд хардаг. Мөн хууль эрх зүй нь ирээдүйд тогтвортой байх асуудал нь хөрөнгө оруулагчдад чухал байдаг юм. Хөдөө аж ахуйг мартах ёсгүй. Гэхдээ экспортын асуудлыг бодохоосоо өмнө дотоодын үйлдвэрлэлээ харах ёстой. Хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэл уул уурхайгаас олсон орлогоор хөдөлж болно. Гэхдээ хэт хамааралтай байлгаж болохгүй. Харин хөгжүүлэх ёстой.
Канад улсын Элчин сайд Эд Жаггер: -АСЕМ-ийн уулзалт Канадад хамаагүй. Газар зүйн байршлын хувьд. Гэхдээ гаднаас нь дүгнэж хэлж болно. АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан нь маш том амжилт юм. Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг 20, 30 жилийн хугацаанд харж ажиллах ёстой гэж бодож байна. Удаан хугацааны, тогтвортой, тасралтгүй хөрөнгө оруулалт улс орны эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлдэг. Уул уурхайн салбарын суурийг бүрдүүлдэг хайгуулын салбарыг мөн дэмжих хэрэгтэй. Одооноос хайгуул хийхгүй бол 20, 30 жилийн хөрөнгө оруулалт бий болохгүй. Ер нь уул уурхайн салбар цаашдаа ч Монголын эдийн засгийн гол тулгуур байсаар байх болов уу гэж харж байна. Ганцхан Оюутолгой биш цаана нь хэд хэдэн Оюутолгой байгаа шүү дээ. Одоо олж байгаа уул уурхайн экспортын орлого нь дараа дараагийн том төслүүдээ хөдөлгөхөд ашиглагдахгүй байгаа. Энэ тийм ч зөв зүйл биш. Тиймээс энэ чиглэлд бодитой судалгаа хийж ажиллах хэрэгтэй. Түүнээс гадна кадастрын төвшнөөс эхлээд лиценз олголт гээд бүх зүйл ил тод байх хэрэгтэй гэж боддог. Хайгуулын лиценз авлаа гэхэд цаашаа дамаар зарж байна уу, үгүй юу гэдгийг мөн хянаж байх шаардлагатай. Монгол Улсад мөн алтны салбарт ч гэсэн нэлээдгүй маргаан явагдаж байна. Монголбанкинд тушаадаг алтны 2.5 хувийн татварыг өсгөх тухай яригдаж байгаа. Хэрвээ өсгөвөл нэг ёсондоо энэ нь хөрөнгө оруулалтыг шууд алж байгаа хэлбэр болно. Нөгөөтэйгүүр, геологи, газар зүйн зураглал маш сайн хийдэг бааз суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Австрали байна. Австралийн бэлэн туршлагаас суралцах хэрэгтэй гэж хэлмээр байна. Маш чанартай хайгуулын элементүүд Монголд байдаг. Хууль эрх зүйн зохицуулалт хатуу байх нь зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд хайгуулын чиглэлээр ажилладаг Канадын 75 лиценз байдаг байсан. Харин өнөөдөр тоолох юм бол гарын 10 хуруунд л багтана. Энэ мэт тоо баримтуудыг үндэслэн зохицуулалтаа эргэн харж ажиллах нь чухал юм.
Японы Элчин сайд Такэнори Шимизү: -Япон улс Монголд 55 сургууль, хөдөө орон нутагт 320 сургуульд засвар хийсэн байна. Мөн анагаахын чиглэлээр 1000 сурагч солилцооны шугамаар Японд сургаж байгаагаас гадна ЭМШУИС-ийн дэргэд эмнэлэг байгуулах тухай ярилцаж байгаа. Цаашид ч хамтран ажилласаар байх болно. Хөрөнгө оруулалтын хувьд хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, төмөр зам барьсан ч, авто зам барьсан ч тухайн салбарт хэрэгжүүлэх төрийн бодлого л хамгийн чухал. Монгол Улсын хувьд нэгдсэн нэг Үндэсний цогц бодлого, стратегитай болоогүй л байна. Тархай, бутархай маш олон бодлоготой байна. Үүнийгээ нэгтгэн нэг бодлогод зангидах шаардлагатай байх. Энд тэнд маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж болно. Гэхдээ тэдгээр нь зангидсан гар шиг нэгдсэн нэг бодлогын хүрээнд явагдаж байх ёстой. Тэгж чадвал хэрэгжиж байгаа төслүүд нь ашигтай, зорилтот хэсэгтээ хүрч чадах юм. Хоёрдугаарт, Монгол Улс макро эдийн засгийн дээд зэргийн тууштай бодлоготой болмоор байна. Миний хувьд Монголын ардчиллыг их сайшаадаг. Дөрвөн жил болгон сонгууль явагдаж, засаг солигддог. Гэхдээ ямар ч үед бодлогын залгамж чанараа хадгалж явахгүй бол дараа нь маргаан, асуудал урган гарч ирдэг. Одоо ч харж байгаа байх. Залгамж чанаргүйгээс улс орноо хохироож байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын хувьд тууштай болдоготой байж цаашид хөрөнгө оруулалтыг татах боломжийг ашиглах ёстой. АНУ-ын ерөнхийлөгч асан Ж.Кеннеди "Улс орон миний төлөө юу хийж чадах вэ гэж асуухаасаа илүү, би улсынхаа төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуу" гэж хэлсэн байдаг. Түүнтэй адилаар гадаадын компаниуд Монголын төлөө юу хийж чадах вэ гэхээсээ илүү Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчийн төлөө юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлох нь зөв. Ингээд зөв тодорхойлоод, зөв бодлогоор явбал хөрөнгө оруулалтын үүд нээгдэнэ. "Инвест Монголиа 2016"-д гадаадын хөрөнгө оруулагчид төдийлөн их оролцсонгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор нь авчирхад тэдгээрийн сонирхлыг юун түрүүнд сэргээх хэрэгтэй байх. Нэмж нэг зүйл монголчууддаа хандаж хэлэхэд, аливаа байгуулсан гэрээ, хэлэлцээгээ хүндэлж сурах хэрэгтэй. Худалдан авах гэрээ, тендерээ зарласны дараа түүнийхээ нөхцөлийг гэнэт хэт ихээр өөрчилж байна. Энэ байдал нь нэр хүндэд нөлөөлж байна. Мөн улстөрчдийн зүгээс ихээхэн дарамт орж ирдэг нь бизнес хийх орчныг улам бүр хүндрүүлдэг. Тэгэхээр аливаа зүйлд оролцох оролцоо, гар дүрдэг асуудлаа багасгах хэрэгтэй гэж үзэж байна. Төрийн албан тушаалтны тогтвортой байдал ч үүнд нөлөөлдөг байх. Япон улсаас ямар ч нөхцөлд туслалцаа үзүүлэх боломж байгаа. Гэхдээ нэг нөхцөлтэйгөөр. Монголчууд өөрсдөө чармайх хэрэгтэй байна.
ХБНГУ-ын Элчин сайд Стефан Дуппель: -Монгол Улс эдийн засгийн болон өөр бусад салбарт хямрал, хүндрэлтэй байсан ч АСЕМ-ийг маш сайн зохион байгуулсан. АСЕМ бол тодорхой үр дүн гардаг арга хэмжээ биш. АСЕМ-ийг зохион байгуулснаараа монголчууд хүчээ нэгтгэж ажиллаж чаддаг юм байна гэдгийг харуулж чадсан. Монгол Улсын хувьд богино хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулж авах нь маш чухал. Хөрөнгө оруулалтын хувьд урт удаан хугацаанд, тогтвортой байлгах нь чухал. Энэ чиглэлд ажиллах ёстой. Ойрын хэдэн сард хийх ёстой гол асуудал бол энэ. Ирэх арванхоёрдугаар сард хоёр талын эдийн засгийн комиссын хуралдаан болно. Энэ үеэр олон чухал асуудлуудыг дэвшүүлж, хөндөн ярилцана. Гэхдээ ид шид гэж байхгүй, харин ажил гэж байдаг гэдгийг ямагт санах хэрэгтэй. Санхүүгийн асуудлаас болж хэрэгжихгүй байгаа төслүүдийг ярих байх. Мөн дараа дараагийн хамтын ажиллагааны өмнө төлөгдөх өрийн асуудал хөндөгдөнө. Энэ бүх асуудал шийдэгдээд ирвэл Монголд хөрөнгө оруулахаар сонирхож буй Германы компаниуд олон байна.
Хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай асуудлаар гадаадын Элчин сайд нар өөр өөрсдийн байр сууринаас дээрх зөвлөгөө, гаргалгааг хэллээ. Харин түүний дараа нийтлэлч Баабар эдийн засгийн хямралаас гарахын тулд Засгийн газар юу хийж чадах, юу хийх ёстой талаар илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.
Нийтлэлч Баабар: -Ардчилсан нам сүүлийн дөрвөн жил буруу бодлого явуулсан байж болох ч түүнийг нь засахын тулд улсаа хорлож болохгүй. Үлгэрлэвэл, гэрт байгаа жоомыг устгах нь зөв ч үүний тулд амьдардаг байшингаа шатааж болохгүй. Засгийн газраас цалин бууруулах, татвар нэмэх зэрэг арга хэмжээ авахаа зарласан. Тэртээ тэргүй биелэх боломжгүй. Нөгөөтэйгүүр, нийгмийн уур амьсгалыг өдөөн хатгасан, далд эдийн засгийг өөгшүүлсэн арга хэмжээ болно. Амиа хорлосон, галаар наадсан энэ цочмог арга хэмжээ нь нийгмийн тогтворгүй байдал үүсгэх аюултай. Гэхдээ Засгийн газрын хэрэгжүүлэх ажилд зөв зүйтэй зүйл байна. Тэр нь дэлхийн дунджаас хоёр, гурав дахин их болоод буй утга учиргүй халамжийг танах, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэмээх мөнгөний харангыг зогсоох, үнэгүй болсон хувьцааг үнэтэй болгож зарах зэрэг нь хямралыг зөөлрүүлэх бодитой алхам болох юм. Хэрэв хямрал удаан хугацаагаар үргэлжилбэл хүмүүс үүнд дасч эхэлдэг. Харин үүнийг дагаад ашиг хонжоо унагах хүмүүс олширч, хямралаас гарах замыг боогдуулж эхэлдэг юм. Өөрөөр хэлбэл, хямралаас хурдан гаргана гэсэн нэрийдлээр дундаас нь ашиг унагаадаг бүлэглэл үүснэ. Тиймээс одоо байгаа эдийн засгаа хямралаас гаргахын тулд зөв бөгөөд зоримог шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Хямралыг даван туулахын тулд зөөлөн арга хэмжээ авна гэхээс биш ойрын хугацаанд хямралаас гарна гэж яривал хэтийдсэн мөрөөдөл болно. Зөөллөх арга хэмжээний тухай өөрийнхөө бодлыг хэлье. Сүүлийн 10 жилд ДНБ-ий хэмжээ өссөн нь хөрш Хятадын эдийн засгийн огцом өсөлт, уул уурхайн үнийн өсөлттэй холбоотой. Одоогийн хямрал ч мөн адил уул уурхайн үнийн уналттай холбоотой юм. Тэгэхээр хамгийн түрүүнд хөөж гаргасан гадаадын хөрөнгө оруулалтыг дахин урих хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаагаа шинэ Засгийн газар дангаараа гэлтгүй Монголын төр сурталчлах, нотлох хэрэгтэй байна. Оюутолгойн 34 хувийг найман жилийн өмнө УИХ-ын шийдвэрээр Монголын тал авсан. Түүнийгээ тэтгэж, бирж дээр гаргах, үнэ тогтоох болон бусад бөөцийлөх асуудлуудаа таг мартсан учраас одоо үхмэл болчихлоо. Одоо яаралтай олон улсын бирж дээр гаргах шаардлагатай. Гацууртын алтны ордод хөрөнгө оруулахаар Канадын компани хэдэн жил хүлээж байгаа ч одоо болтол гацсаар байна. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал "Хан ресурс"-ын нэгэн адил олон сая ам.доллараар торгуулах болно. Хийсэн гэрээгээ зөрчиж баймааргүй байна. Аливаа гадаадын компанитай хийсэн гэрээг дараагийн Засгийн газар нь зөрчихгүй, үргэлжлүүлж байна гэсэн хууль гаргамаар байна. Мөн гацаанд орчихоод байгаа гадаадын компаниудын олон гэрээ хэлэлцээрийг сэргээх хэрэгтэй. Ингэж байж Монголын тал гэрээ хэлэлцээр хийсэн үүргээ биелүүлдэг гэдгээ нотолно. Дэлхий өнөөдөр дайны өмнөх төлөв байдалд оржээ. Ийм үед улс орон болгон баялгаа алт болгон нөөцлөх хандлагатай байдаг. Ингэвэл алтны үнэ өснө. Монгол Улсад жилд ямар хэмжээний алт олборлодогийг мэдэхгүй. Алтны гэнэтийн ашгийн татвар гарснаас хойш хүмүүс алтаа далд байдалд шилжүүлж, энэ нь хүний амь нас, цус, нулимс болсон. Нэгэнт далд болсон алтны салбарт ямар ч хөнгөлөлт амлаад тийм амархан ил болохгүй. Алтыг Төв банкаар дамжуулдаг урсгалыг сэргээвэл энэ нь валютын томоохон эх үүсвэр болох нигууртай. Хууль бусаар гадагшаа гардаг урсгалыг зогсоож, Төв банкаар дамжуулдаг болчихвол нинжа нар байхгүй болж, гэмт хэргийн томоохон уурхай үгүй болох юм. Геологийн хайгуул бол ямар ч улс орны далд баялгийг нээж, зах зээлд гарах бололцоог нэмэгдүүлдэг. Өнөөдөр Монгол орны ердөө 20 хувьд хайгуулын заримдаг ажил хийгдсэн. Тэгэхээр манай улс аль зэрэг баялагтай нь мэдэгдээгүй байгаа гэсэн үг. Францын "Арева" компани Монголд ураны хайгуул хийгээд 20 жил болж байна. Монголын төр тэдний хөрөнгийг хамгаалах байтугай нийлээд дээрэмдэж байна. "Арева" арбитрын шүүхэд хандвал тэрбумын торгуульд орно. Уг нь Монголд байгаа боломжит ашигт малтмалаас сүүлийн үед үнэд ороод байгаа нь ганцхан уран. Ганц жилийн дотор үнэ нь 30 хувь өсчихөөд байна. Дараа нь хувьчлалын асуудлыг хөндөх хэрэгтэй. Уул уурхай орж ирснээс төрийн өмчийн ДНБ-д эзлэх хэмжээ үлэмж нэмэгдсэн. Ашиггүй ажиллаж байгаа 80-ийг өмчлөх хэрэгтэй. Ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрүүд хувьд очиж ашигтай ажиллаж эхэлснээр татвар төлөгч нэмэгдэнэ гэсэн үг. Хамгийн энгийн үзүүлэлт нь "хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй" гэдэг энгийн логикт оршино. Жишээ нь, МИАТ. МИАТ нь энэ салбартаа монополь эрх тогтоож бусад өндийх гэсэн хувийн жижиг компаниудад үхлийн цохилт өгч, гаднын ганц компанитай хуйвалддаг гэмт хэргийн шинжтэй үүр болчихжээ. Татварын хувьд, ямар ч тэнэг татвар төлөгч, үргэлж төрөөс ухаантай байдаг. Өнөөдөр Монголд 90 орчим мянган компани бүртгэлтэй боловч тэднээс 10 мянга нь л татвар төлдөг. Зөвхөн татвар төлдөг компанийг улсын бүртгэлд авч, ямар нэгэн урамшуулал өгдөг тогтолцоонд орох хэрэгтэй. Түүнээс гадна халамжийн тогтолцоог ярих хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд насанд хүрсэн 200 мянган иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолгүй байна. Удаа дараа болсон сонгуулиар маш олон залуус групт орсон байх юм. Халамжийг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлахыг хориглосон хууль гаргах хэрэгтэй. Түүнээс гадна авлига, халдлага, бусдын эд хөрөнгөд халдах зэрэг гэмт хэргийг онцгойлон авч үзэж, ил далд хөрөнгийг нь хурааж, нүцгэлэх шийтгэл оногдуулах хэрэгтэй.
Ямартай ч "Инвест Монголиа 2016" чуулга уулзалт ийн өндөрлөлөө. Өөдрөг, аз жаргалтай гэхээсээ илүү хатуу ширүүн шүүмжлэл дагуулсан "халуун" үгийг оролцогчид ихээр дайв. Харин төр хэрхэн хүлээн авах бол.
Г.БАЛЖИННЯМ
Сэтгэгдэл (3)