Зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Б.Наминчимэдтэй ярилцлаа.
-Та саяхан Дарханд номын баярт оролцоод ирсэн гэсэн. Явсан газрын тань сониноос сонсъё?
-Дархан, Эрдэнэт хотод болсон номын баярт уран бүтээлчдийн хамт очиж оролцоод ирлээ. Сайхан зуншлага болох нь. Нэгэн үе тасарчихаад байсан зохиолч, уншигчдийн уулзалт орон нутагт сэргэж байгаа нь сайн хэрэг. Ном соёл, соён гэгээрлийг сурталчлах, түгээх нэг өвөрмөц, арга хэлбэр юм даа.
-Та бол номын баяруудыг алгасдаггүй хүмүүсийн нэг. Энэ жилийн номын баярт ганзагалаа хэр дүүрэн оролцох гэж байна. Шинэ бүтээлүүд олон гарсан сураг дуулдаад л байгаа?
-Номын баярт оролцолгүй яах вэ. Энэ жилийн номын баярт манай гэр бүл овоо хэдэн номтой оролцох нь. Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цувралаа сэдэв, агуулга, зохиогчоор нь багцлаад 50 боть болгосон. Тухайлбал, Р.Киплингийн дөрвөн зохиол тус бүрдээ нэг нэг ном байсан бол, одоо нийлүүлээд нэг ботид багтаалаа. Англи хэлтний утга зохиолын сор манлай болсон энэ хүний ийм томоохон боть урьд өмнө нь гарч байсангүй. Мөн Х.Андерсений үлгэрүүдийг дөрвөн ном болгон гаргасан байснаа нэг ботид багтаав. Энэ мэтээр Р.Стивенсон, Ч.Диккенс, М.Твен зэрэг зохиогчоор нь багцлахаас гадна амьтдын тухай шилмэл зохиолууд, адал явдалт зохиолуудыг нэг ботид багтаасан. Хэвлэлийн чанар, чансаа ч үлэмжхэн сайжирсан. Мөн дөрөвдүгээр сард “Монголоо нэхэж буй Монгол”, “Бурхан мэт насанд нь” нийтлэлийнхээ хоёр номыг гаргалаа. Эхнэр “Оройн ганц мод” хэмээх роман нэгдүгээр сард хэвлүүлсэн. Энэ оны номын баярт ийм л ганзагалаатай байна даа.
-Ном зохиогч, хэвлэн нийтлэгчийн хувьд энэ салбарыг бизнес гэж харвал зах зээл хэр өргөн байна вэ. Манайхан ном уншдаг болж байна уу?
-Ер нь бол манайд номын бизнес гэж байхгүй. Нэг ном хэдэн арав, зуун мянгаар, хүнд хүрдэг байж л бизнес болно. Дундаж номын борлуулалт 500-1000 шүү дээ. Ийм байхад энэ салбарыг бизнес гэж хэлэх боломжгүй. Тэр дундаа ном бичгийн хүмүүсийн хувьд бизнес болгох боломж бараг үгүй юм. Яах вэ, хэдэн зуун мянгаар нь хэвлэдэг, тэгээд жил бүр шинэчилж байдаг сурах бичгүүдийг хэвлэх тухайд бизнес байж болох юм. Ер нь хэдэн тэрбумын хөрөнгө эргэлдэж байдаг том бизнес тэр мөн байх.
Нэг үеэ бодвол манайхан, ялангуяа залуус маань ном уншдаг болжээ. Гэхдээ хуучин соц үетэй хэрхэн харьцуулах вэ. Ер ард түмэн уншдаг байж л соёлжиж, улс орон нь хөгждөг. Хөгжингүй орнуудыг харахад уншлага харьцангуй өндөр. Нью-Иорк, Лондоны, тэр бүү хэл Бээжингийн метро, автобусанд ном уншиж яваа залуусыг олноор нь үзэж болно, харин манайд ямар байдаг билээ. Нэг баримт, 100 англи хүн жилд дунджаар 450 гаруй ном уншдаг бол 100 монгол хүн жилд дунджаар 27 ном уншдаг гэсэн судалгаа гарсан. Хол зөрүү байгаа юм шүү.
-Ном хэвлэлийн салбарыг төрөөс хэр дэмжиж байна вэ. Ер нь ямар дэмжлэг хэрэгтэй байгаа бол. Та энэ талаар ажиглаж, мэдэрч л суугаа байж таарна?
-Энэ их чухал. Ном, хэвлэл хоёроо эхлээд ялгаж салгах хэрэгтэй. Хэвлэл бол бизнес, ном бүтээх нь соён гэгээрлийн ажил талдаа түлхүү юм. Бид энэ ялгааг хардаггүй, ялангуяа төр засаг номын салбарыг бүхэлд нь бизнес гэж хардаг том дутагдалтай. Ядахдаа бид хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр хоёроо ялгаж мэддэггүй. Номын салбартаа хандах төрийн бодлого илт үгүйлэгдэж байдгийн шалтгаан нь энэ салбарыг зөвхөн бизнес л гэж хардагт байгаа юм. Хэвлэх үйлдвэр бол бизнес. Харин хэвлэлийн газрууд, ялангуяа ном бичээд, түүнээ энд тэндэхийн хэвлэх үйлдвэрүүдээр мөнгө төлж хэвлүүлээд явж буй хувь уран бүтээлчдийн хувьд бол ямар юмных нь бизнес байх билээ.
-Тэгвэл төрөөс ямар тодорхой бодлого дутагдаж байна вэ?
-Юуны өмнө татварын дэмжлэг гарцаагүй хэрэгтэй. Хөгжингүй улс орнуудад соён гэгээрлийн, танин мэдэхүйн салбарыг онцгойлон бодлогоор дэмждэг. Наад зах нь гэхэд номыг шуудангаар илгээхэд бусад илгээмжээс хоёр дахин хямд үнэтэй байх жишээтэй. Бичсэн номоо хэвлүүлж зараад, амь амьжиргаагаа залгах төдий яваа зуу зуун зохиогч, уран бүтээлчдийг бизнес хийж байна гэхээс илүүгээр соён гэгээрэл, танин мэдэхүйн салбарт хүчин зүтгэж байна гэж харж чадвал, татвар болон бусад зүйлс дээр хөнгөлөлт үзүүлэх, дэмжих боломжтой болчихно.
Үр дүнд нь тэднээс авдаг хөгийн жижигхэн татварын орлогоос хэдэн мянга дахин илүү ашиг улс оронд эргээд ирнэ. Түүнийг л олж харах хэрэгтэй юм. Шууд мөнгө нь үржээд орж ирэх хэрэг биш шүү дээ, дам утгаараа... Ер нь монгол үндэстнийхээ ном соёл, соён гэгээрлийн талаар Монголын төр цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр энэ салбар номд дуртай цөөн хэдхэн хүний нуруун дээр л явна. Энэ салбараа зөнд нь хаячихаад зөвхөн эдийн засаг ярьдаг улс орон манайхаас өөр дэлхийд бий болов уу. Бий бол тэр орон лав хөгжил тун сул дорой, уруудан доройтож байгаа орон л байж таарна. Бид тийм арчаагүй байж таарахгүй ээ.
-Та сүүлийн үед түүхэн өгүүлэл, нийтлэл их бичиж байх шиг байна?
-Монголоо мэдэрч, мэдэхийн нэг үүд хаалга бол бидний үндэстний түүх юм. Бага мэдэх, мэдэхгүй байх нь эх орноо хайрлахгүй, үндэстнийхээ үнэ цэнийг ойлгохгүй байхын нэг шалтгаан. Залуус маань улс үндэстнийхээ түүх соёлыг бага мэддэгээс харийн соёлд автах, харьжих үзэгдэл түгээмэл анзаарагдах болов. Тэр бүү хэл улс орноо ч хайрлахгүй, хэт туйлширсэн космополит үзэлтэн ч болж байна. Тиймээс л түүх судраа сөхөж хардаг бүхэн өөр өөрийн боломж чадавхиараа түүх, соёлоо залуустаа хүргэж, сурталчилж байх хэрэгтэй юм. Үүнийг монголчууд бид л өөрсдөө хийнэ шүү дээ. Харийнхнаар түүх соёлоо заалгана гэдэг шиг эмгэнэл үгүй. Тийм гашуун явдал бидний түүхэнд, тухайлбал Манжийн үед байсан. Тэр үедээ бид уруудан доройтсон байдаг.
Хятад, Казах, Солонгос гээд зарим улс орнууд үндэстнийхээ түүх соёлоос бүхэл бүтэн баялаг бүтээж байна. Гэтэл бидний түүх соёлд дутах юм юу билээ. Харин ч маш өвөрмөц давтагдашгүй соёл, бас аугаа их түүх бий. Бидэн шиг цөөнх атлаа дэлхийг нэг бус удаа захирч явсан үндэстэн байдаггүй юм шүү дээ. Тиймээс ч дэлхий нийт бидэнд тодорхой хэмжээнд хүндэтгэлтэй ханддаг. Харин өнөөдрийн бидний байдал хэр хэмжээний хүндэтгэл хүлээхээр байгаа бол...
-Дэлхий нийтийн хандлага баримтат уран зохиол руу хошуурч байна. Түүхэн зохиол бичих болсон нь нэг талаар үүнтэй холбоотой юу?
-Баримтат болон уран сэтгэмжийн уран зохиолд адилхан хошуурч байх шиг байна. Энэ цаг үеийн араншин байх. Энэ араншинг дагаад түүхэн зохиол бичье гэж огт бодсонгүй. Ерөөс их түүхээ жаахан сөхөж харсан, багахан доторлосон хэнд ч болов сэтгэлд нь нэг юм торж, ямар нэгийг хийхсэн гэсэн хүсэл төрөх нь бараг зүй ёсны юм. Загалмайтны аян дайны тухай уран зохиолын 2000 гаран бүтээл байдаг юм гэсэн. Гэтэл дэлхийн дайн хийж явсан бидний өвөг дээдсийн түүхийн талаар тэр бүү хэл бүтээл туурвил гарах боломжтой. Сүүлийн жилүүдэд баруунд манай түүхээр юм юм хийж эхэлсэн. Тав, зургаан уран сайхны кино гаргачихлаа, бас 10-20 уран зохиолын ном, роман гарчихлаа. Манай зохиолч, уран бүтээлчид ч бас зүгээр байсангүй, цөөнгүй ном бүтээл туурвиж байна. Гэвч тэр далай шиг их түүхийнхээ зөвхөн хэлтэрхий төдийд нь хүрч байгаа.
Ер бид Эх, Их түүх рүүгээ уран зохиол талаас нь их бага өнгийсөн. Зөвхөн уран зохиол болгоод зогсохгүй академик түүх бичлэгийн зэрэгцээ уран сайхны түүхэн найруулал хэлбэрээр бичвэл залууст илүү хүрэх юм болов уу. Тэр үүднээс л түүхийн баримтуудыг аль болох уншихад хялбар, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг оролдож байна.
-Монголын зохиолчдоос түүхэн зохиолоор хамгийн шилдэг туурвигч гэвэл хэнийг, ямар зохиолыг нэрлэх вэ?
-Бий бий. В.Инжинаашийн “Хөх судар” роман бол аргагүй хөлгөн их туульс билээ. Б.Ринчен гуайн түүхийн сэдвээр бичсэн хэдэн роман, тууриуд бол гайхалтай, ялангуяа “Заан залуудай”, “Нууцыг задруулсан захидал”-ыг онцгойлон хэлэх хэрэгтэй байх. Ж.Пүрэв гуайн аварга романууд гээд бидний түүхэн уран зохиол үе үедээ үргэлжилж ирсэн. Дунд үеийнхнээс Т.Мандир ахын “Саран зэв”, Ц.Саньцар ахын “Тооноор тольдогч сүүлт од” сайхан бүтээл. Энэ цаг үеийнхнээс Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг нарын түүхэн романууд байна.
-Танд түүхэн жүжиг, кино бичих төлөвлөгөө бий юү?
-Жүжиг их төвөгтэй төрөл зүйл юм. Би бичиж чадахгүй байх гэж бодож байна. Кино ч мөн адил. Гэхдээ кино болгочих юмсан гэсэн хоёр гурван сэдэв бий.
-Түүх судална гэдэг ирээдүйгээ судална гэсэн үг. Монголчууд түүхээсээ ямар сургамж авах ёстой вэ?
-“Түүх бол өнгөрсөн рүү харсан зөнч юм” гэсэн үг байдаг. Өнгөрсөн үе гэдэг бол ирээдүйг голлон тодорхойлогч гэсэн утга эндээс харагдана. Өчигдөр чи хэн байсан, юу хийж үйлдэж байсан бэ, өнөөдрийн болоод маргаашийн чиний дүр төрх тодорно. Улс үндэстэн ч мөн адил. Өчигдөр аугаа их түүхтэй байсан үндэстэн хэзээ нэгэн цагт сэргэн мандах л болно. Эсвэл зөвхөн түүх болон үлдэнэ. Тийм цаг хугацааны торгон мөчид бид аж төрж байгаа.
Түүхийг шүүмжилж, харааж зүхэж, намаараа талцуулан ангилан хувааж болдоггүй. Харамсалтай нь энэ цаг үед урд хожид хэзээ ч байгаагүйгээр их түүхээ улс төрийн явцуу эрх ашгаар хуваан хэрчиж байгаа нь харамсалтай. Бид энэ мэтээр талцаж, хагаралдаад ирэхээрээ л уруудан доройтож байсан. Энэ бол түүхэн том сургамж, сануулга. Өнөө ингэж талцаж, намчирхаж, хийрхэж байгаа нөхдүүд түүхэн сургамжаа эргэж харж, мэдрэхсэн.
Нөгөө талаар улс төрд хөл гишгэж буй залууст хандаж хэлмээр нэг үг байдаг. Хэрвээ та улс орныхоо хувь заяаны жолоо цулбуураас атгалцах хүсэл зориг буй бол эх түүхээ, өв соёлоо сайтар судалж мэд. Түүнийг мэдэхгүйгээр жолоо атгана гэдэг бараг байж боломгүй зүйл юм. Ард олныхоо хувь заяаг хааш нь ч залж чиглүүлж мэднэ. Тийм ч байдал өнөөдрийн улс төрөөс харагдаж, мэдрэгддэг. Түүх соёлоо мэдсэнээр төрийнхөө бодлогыг төвч, бат суурьтай барьж явах нэгэн гол ухааныг олох болно. Ерөөс түүхэн сургамжийг, түүний үнэ цэнийг хэдхэн үгээр хэлж дуусах аргагүй юм.
-Түүхийг шинэчлэн бичих, гуйвуулах, үгүйсгэх хандлага их байна. Үүнд та шүүмжлэлтэй ханддаг хүний нэг. Түүхчид үзэл сурталжих хамгийн аюултай гэж боддог. Энэ талаар?
-Шүүмжлэхээс аргагүй. Бид 1990 онд түүхийг улс төржүүлж, үзэл сурталжуулахын эсрэг тэмцэж байсан шүү дээ. Өнөөдөр нэг нам түүхээ үзэл сурталжуулж байсан бол өнөөдөр хоёр нам түүхээ тасчин хувааж авч байна. 1990 оноос хойшхи түүх АН-ынх, 1921-1990 оны хоорондох түүх МАН-ынх. Түүхэн үнэнийг биш, түүхийг намдаа ашигтайгаар тайлбарлаж байна. Ингэхэд АН-ын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж тусдаа хоёр улс байхгүй. Хэт явцуу эрх ашгаа бүхний дээр гарган залж байгаа нь жинхэнээсээ солиотой үзэгдэл. Жаахан эрүүл саруул ухаантай байхсан даа. Эс тэгвээс бид өөрсдөө өөрсдийгөө сүйрүүлнэ.
-Монголчууд үзэл санааны дайнд ялагдсан гэж та яагаад бичих болов?
-Товчхон илэрхийлэхэд хүнд сэдэв юм. Бид өнгөрсөн зуунд өрнөж байсан хүйтэн дайны үед нэг талд нь байлаа. 1990 оны үйл явц бол нэг талаас нь харахад зүй ёсных боловч нөгөө талаас нь харвал хүйтэн дайны нэг оргил хэсэг нь. Нэг талд ялалтаа тэмдэглэн одон медаль гаргаж, шагнаж, урамшуулж, шампанск тулгаж байхад, нөгөө талд нь улс орон дотроо шинэ хуучнаараа талцчихсан, ардчилсан, ардчилаагүйгээрээ хуваагдчихсан, алалцахаас ч буцахгүй болчихсон суулаа. Хожмын үр дүнгээ харвал ялагдал ямар гашуун байсныг ойлгох болно. Гэхдээ хуучин шигээ хатуу хуарангийн социализмаараа яваад байх нь зөв байсан гэж ойлгож яагаад ч болохгүй. Бид өөрчлөгдөх ёстой байсан, тийм түүхэн цаг үе нь ирсэн. Гэвч бид ялсан талынхны зааж өгсөн мухар замаар орчихсон. Өнөөдөр манай ардчилал мухардаж, нийгмийн хөгжлийн олон үзүүлэлтүүд хасах зааж, улс орон хөгжлийнхөө их боломжийг алдаж байгаа нь, хамгийн гол нь бидэнд өөрийн гэсэн хөгжлийн үзэл санаа, эв нэгдлийн ухамсар байхгүй шахам байгаа нь бидний ялагдлын баталгаа болно.
-Та өнөөгийнхөн бид цаг хугацааны торгон мөчид аж төрж байна гэлээ. Бас бидний аж төрж буй энэ цаг үе Монголын түүхийн хамгийн хүнд үе гэж үзэх хүмүүс байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үгүй. Санал нийлэхгүй байна. Өнөөгийнхөөс хэд дахин хүнд хэцүү цаг үеүдэд монголчууд бид босон ирж, сэргэн мандаж чадсан юм. Аль Хүннүгийн үед тийм явдал нэгэнтээ тохиолдсон. XIII зуунд мөн тийм юм болсон. Орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж байсан үе. Тэр цагт Их хаан маань төрж, эвдэрч, эмтэрсэн улс үндэстнээ нэгтгэн босож ирсэн. Босоод зогсоогүй дэлхийг засаглаж орхисон юм. XX зууны эхэнд монголчууд бид дахиад маш хүнд байдалд орсон. 1900-аад оны эхэн үеийн Монгол орон ямар байсныг баримтууд хангалттай баталдаг. Дээр нь тэр цаг үе бол улс орнуудын хувь заяа ээлж дараалан шийдэгдэж байсан эгзэгтэй цаг үе. Тэр үед ташуураа барьж боссон өвөг дээдэс маань тусгаар улсаа батлаад зогсохгүй, их ч өртөг золиос төлж байж улс орноо юм юмтай болгон хөгжүүлж чадсан юм. Тэр цагийг өнөөдөртэй харьцуулахад илүү олон боломж байна. Бидэнд сэргэн мандах боломж нь мандахгүй байх боломжоосоо хэдэн арван хувиар илүү юм.
-Т.Баасансүрэн гуайн “Номинчимэдийнхэн” гэж найруулал бий. Их сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнуудын гарын авлага болдог “Үнэн” сонины шилдэг нийтлэлийн түүвэр номд байдаг байлаа. Тэр найрууллын баатарын хувьд сайхан дурсамж бий дээ?
-Байлгүй яах вэ. Би 1987 онд анги хамт олонтойгоо илгээлт авч, Бугат суманд хоньчин болсон хүн. Дөрөв таван жил хонь хариулсан. Хэрвээ хамгийн сайн чаддаг юмаа л мэргэжил гэж хэлэх ахул би хоньчин хүн. Яг ид сурч хөгжих насаа хонины дэргэд, хээрийн бэлчээрт өнгөрөөсөн, ангийнхантайгаа. Их ч хатуу хөтүүг давж туулсан, бас их ч зүйл сурч, мэдсэн. Магадгүй ямар ч их дээд сургууль, ямар ч эрдэмтэн докторын зааж сургадаггүй зүйлийг тэр хээрийн бэлчээр, хүйтэн шуурга, хатуу чанга сорил бэрхшээл зааж сургаж өгсөн. Өнөөдөр хэрвээ надаас жаахан ч болов монгол ухаан үнэртдэг бол, өчүүхэн ч болов өв соёлоо гэсэн эрмэлзлэл анзаарагддаг бол тэр нь энэхүү хоньчин байсан цаг үеийн үр шим юм.
Их олон сайхан дурсамжууд бий дээ. Ер уран бүтээлч хүний хүнд юугаар ч орлуулашгүй давтагдашгүй сайхан дурсамж, дурдатгал олон бий. Гагцхүү тэр бүхнийг боловсруулан зохиол бүтээл болгож чадах эсэх нь миний хичээл зүтгэл, авьяас чадвараас л шалтгаалах хэрэг юм.
-Малчин, жолооч, ачигч, сурвалжлагч, хэвлэлийн төлөөлөгч, албаны дарга, газрын дарга, цэвэрлэгч, аяга угаагч, зөөгч, бууз чимхэгч, сонины ерөнхий эрхлэгч, барилгачин мужаан, дээд сургуулийн багш, кассчин, ерөнхий редактор, агентлагын дэд дарга, хэвлэлийн газрын Ерөнхий редактор гээд та маш олон ажил хөдөлмөр эрхэлж байжээ. Тогтсон нэг хэвийн амьдралд дургүй хүн үү, эсвэл хувь тавилангаар л ийм олон ажил мэргэжил эрхэлж явав уу?
-Хувь тавилангаар л ийм олон төрлийн ажил хийж үзсэн. Түүнээс биш уйдамхайдаа, нэгэн хэвийн амьдралд тэсэж чаддаггүйдээ биш юм. Харин ч би тайван амгалан суухыг илүүд эрхэмлэдэг. Гэвч хэдий чинээ тийн хүснэ, амьдрал намайг яг эсрэг зүгт нь шахдаг байлаа. Заримдаа би уран бүтээлчийн заяа тавиланг амьдрал надад хангалттай хайрлажээ гэж боддог. Тухтай системтэй мэдлэг боловсрол олж авсангүй. “Багадаа сурлагаараа чи биднийг манлайлдаг байлаа. Түүгээр бол чи хамгийн шилдэг сургуульд сурч, ядахдаа эрдэмтэн доктор болох байлаа. Гэтэл бүр эсрэгээрээ, чамайг янз бүрийн ажил хийгээд явахыг харахаар бид чиний өмнөөс харамсмаар болдог. Чи харамсдаг уу?” гэж найз нөхөд маань хааяа асуудаг л юм. Тэр талаас нь харвал харамсахаар. Гэвч эргээд харж байхад харамсах гэхээс илүүгээр бахархах нь илүү. Тэр бүхэн надад их зүйл хайрлаж, хүнийг хийгээд амьдралыг таних их том их сургууль болжээ. Баялаг сайхан намтар гэдэг бол уран бүтээлчийн хамгийн чухал суурь бааз, бэлчээр, түүхий эд юм уу даа. Хэрвээ би сургууль соёл гээд дардан замаар явсансан бол их олон зүйлийг мэдэж мэдрэхгүй өнгөрөх байсан санагддаг. Хамгийн гол нь хүний зовлон жаргалыг харж, мэдрэх мэдрэмжийг маань энэ унаж боссон амьдрал улам илүү хурцалж өгчээ. Түүнээс илүү эрдэм гэж уран бүтээлч хүний хувьд юу байх вэ.
Г.СОНИНБАЯР