Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Харин энэ жил мод тарих өдөр өнөөдөр буюу тохиож байна. юм. Тиймээс энэ өдөртэй холбоотойгоор модыг хэрхэн тарих ёстой, чухам юунд анхаарах хэрэгтэй гэх мэт олон нийтийн дунд асуулт болдог сэдвээр “Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын Зөвлөх инженер Ө.Магсаржавтай ярилцлаа.
-“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” удахгүй тохиох гэж байна. Танай компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явдуулдаг цөөхөн газрын нэг. Та бүхэн хэдэн нэр төрлийн мод, цэцэг үржүүлж, тариалж байна вэ гэдэг асуултаар яриагаа эхлүүлье?
-Энэ жил манай улсад дэлхийн дээд хэмжээний уулзалт АСЕМ болно. Тиймээс ч нийслэл хот маань өнгөө засч, өмнөх жилүүдээс илүү олон ажлыг хийж, хотын тохижилтод анхаарч байна. Энэ нь бидний хийх ажил улам бүр нэмэгдэж, хариуцлага ирж байна гэж ойлгож болох юм. Манай байгууллага 20 гаруй нэр төрлийн бут, сөөг үржүүлж, иргэд аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийлүүлж байна. Мөн 15 нэр төрлийн 200 гаруй мянган ширхэг нэг наст цэцэг тариалж нийслэлийнхээ тохижилтонд нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Түүнчлэн байгууллагын захиалгаар орчны тохижилтыг хийж өгч, иргэддээ үйлчилж байна.
-Сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүд орчны тохижилтонд анхаарч, мод бут, цэцэг тариалах нь элбэг болжээ. Тэгвэл иргэд мод бутны суулгацаа хэрхэн сонгох ёстой байдаг юм бэ?
-Иргэдийн мод тарих хүсэл, хэрэгцээтэй холбоотойгоор модны суулгац бэлтгэж борлуулах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Үүнийгээ дагаад чанаргүй, насжилт богинотой суулгац олноор гарч, түүнийг худалдан авсан иргэдийн мод тарих хүсэл сонирхол үгүй болох хандлага ажиглагддаг. Тиймээс иргэд мод, бут, сөөг тарихдаа суулгацаа зөв сонгох нь хамгийн чухал гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхийг хүсч байна. Ер нь бол шуудхан хэлэхэд буух эзэнтэй буцах хаягтай мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч тариалах нь хамгийн зөв гэдгийг хэлмээр байна. Мөн иргэд ямар зориулалтаар тарих гэж буйгаа сонгож, төлөвлөх нь чухал. Тухайлбал амины орон сууцны гадаа тариалах гэж байгаа бол голдуу гоёл чимэглэлийн мод болох Монос, Нохойн хошуу, Шинс, Гацуур, Нарс гэх мэт моднуудыг тарих нь тохиромжтой байдаг. Түүнчлэн модоо тухайн орчинд нь тохируулж, зураг төслийг нь боловсруулж дизайн гаргаж тарих хэрэгтэй. Тодруулбал, тухайн модоо хавар ямар өнгөтэй цэцэг, навч гарах, зун ямар болох, намар хэрхэн өөрчлөгдөх гээд тэр бүгдийг ажиглаж, тооцоолон тариалах нь зүйтэй юм. Харин гэр хорооллын иргэд хашаандаа жимсний мод тариалах нь илүү тохиромжтой байдаг. Гэхдээ жимсний модыг хаана, хэрхэн тариалах нь бас л чухал. Учир нь жимсний мод нь ургац гарч, жимсээ өгөх үед ялаа шумуул ихсэх гэх мэт асуудал гардаг болохоор энэ бүхнийг тооцоолж тарих хэрэгтэй.
-Тэгэхээр танай байгууллага модыг ургахаас эхлээд бүх заавар зөвөлгөөг өгдөг гэсэн үг үү. Мэргэжлийн байгууллага болохоор иргэд хандах нь элбэг байдаг байх даа?
-Тийм ээ. Бид сүүлийн 7-8 жил 15 аймагт мод бут тарьж өгсөн. Тухайлбал 6 жилийн өмнө Өвөрхангай аймагт хоёр цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлж, мод тарьсан. Мөн онцлоод хэлэхэд өнгөрсөн жил Дорноговь аймагт загвар мод үржүүлгийн газрыг байгуулсан. Энэ нь говийн модыг говьд нь нутагшуулж тарих, хангайн модыг говьд үржүүлж тарих зорилготой газар юм. Гэхдээ зөвхөн манайхаар үйлчлүүлэх хэрэгтэй гэж байгаа юм биш л дээ. Ер нь бол мод тарьж ургуулах нь хүүхэд өсгөхтэй адил зүйл болохоор мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр мод, бут, цэцгээ тариалуулж, сонгох хэрэгтэй гэдгийг л хэлж байгаа юм. Манай байгууллага бол суулгацаа ургахаас эхлээд үр жимсээ өгөх хүртэл нь зөвлөгөө өгч ажилладаг. Учир нь бид 3-4 жил хөдөлмөрлөж ургуулсан өөрсдийн суулгац, цэцгээ үнэгүйдүүлж, хатаж унаж байгааг харахыг хүсэхгүй, тийм ч байх ёсгүй гэдэг зарчмаар ажилладаг. Ер нь манай байгууллагаар хариуцуулж тариалуулсан тохиолдолд бид жилийн баталгаа өгч, хэрэв ямар нэгэн байдлаас болоод ургахгүй бол дахин тариалж өгдөг.
-Ер нь модыг хэрхэн үржүүлж, суулгац бэлтгэж байна вэ?
-Модыг үрээр, мөчрөөр, ногоон мөчрөөр хүлэмжинд гээд хэд, хэдэн аргаар үржүүлдэг. Жимсний болон гоёл чимэглэлийн мод гурван жил ургаж байж стандартын шаардлага хангадаг. Стандартын шаарлага хангана гэдэг нь гурван настай суулгац 60-70 см өндөр болсон байхыг хэлж байгаа юм. Ийм суулгацыг тарихад насжилт удаан үр жимсээ өгөх нь сайн байдаг. Харин Гацуур, Шилмүүст модыг үрээр тарьж байна. Эдгээр моднууд эхний жилдээ 2-2 см ургаж, дараа дараагийн жилд ургац ч нэмэгддэг. Ер нь бол жилийн өсөлт нь 10-15 см байдаг . Тиймээс иргэд энэ бүхнийг тооцоолж тариалах нь зүйтэй юм.
-Мод бүхний ургалт, усалгаа арчилгаа өөр өөр байдаг байх?
-Тийм ээ. Мод тарьж, ургуулах нь маш их хөдөлмөр царцуулдаг нарийн ажил. Мод бүхэн өөрийн онцлогтой. Тиймээс үрсэлгээ, усалгаа, арчилгаа бүхэн өөр өөр байдаг. Тухайлбал Хус модыг ургуулахад бусад модноос арай илүү түлхүү ус ордог бол Гацуурыг сүүдэрлэг орчинд тарих хэрэгтэй.
-Мод тарихад бас анхаарах зүйлийн нэг нь яах аргагүй хөрс, суулгацаа сонгох явдал байдаг болов уу?
-Энэ бол маш чухал асуудал. Манай иргэд модыг тарина гэхээр шууд л хар шороонд суулгах мэт ойлгодог. Тэгвэл мод бүхнийг хар шороонд шууд суулгаж болохгүй. Гэхдээ шим тэжээлтэй болгох үүднээс бууц, үртэс зэрэгтэй хольж хэрэглэх явдал бий. Гэхдээ эхний ээлжинд шууд хар шороонд суулгах хэрэг байхгүй. Харин Чацаргана, Улиас зэрэг модыг тарихдаа хар шороогоо хайргатай хольж тарих хэрэгтэй. Хайрга, хар шорооны харьцаа 50/50 байх жишээтэй.
-Тэгвэл суулгацаа ямар хэмжээтэй нүхэнд суулгаж, тариалах ёстой вэ?
-Иргэд ямар мод тариалах гэж байгаагаасаа шалтгаалаад модныхоо нүхийг тохируулж ухах хэрэгтэй. Нэлээд том хэмжээний шилмүүст мод тариалах гэж байгаа бол нүхний хэмжээ 60/60 гэсэн харьцаатай байх ёстой. Энэ модны хувьд нүхний доод талд бууц, хар шороо хийж тариалах нь илүү тохиромжтой байдаг. Харин гоёл чимэглэлийн модны хувьд 50/50 см гэсэн харьцаатайгаар нүхээ ухаж, суулгацаа суулгах шаардлагатай. Гэхдээ хэдэн багцаар тарьж байгаагаасаа шалтгаалаад хэмжээ өөрчлөгдөх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв амьд хашлага хийх гэж байгаа бол шуудуу ухаж, тариалдаг. Үүний харьцаа ойролцоогоор 40/40 см байхад тохирожтой байдаг юм.
-Иргэд, аж ахуйн нэгж ойгоос мод оруулж ирж тарих явдал ажиглагддаг. Энэ нь хэр үр дүнтэй арга бол?
-Нийслэл өнгөрсөн жилүүдэд нилээд олон газарт ойгоос том мод авч ирж тарьсан. Гэтэл тэдгээрийн ургалт төдийлөн хангалттай байгаагүй. Ер нь ойгоос мод авч ирж тарих нь амьдрах чадвар муу байдаг. Тиймээс их хөрөнгө мөнгө зарцуулж, ой модоо сүйтгэн байж том мод тарьснаас суулгац аваад багаас нь ургуулах чухал.
-Суулгацын үнэ ханшны талаарх мэдээллийг өгөөч?
-Ер нь өдгөө нэг суулгацын үнэ хайрцаг тамхины үнэ хүрэхгүй шахам байна. Дунджаар 3000 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа.
-Иргэдийн нэг наст ургамлыг тариалж байгаад хандах хандлага янз бүр байдаг. Зарим нь бүр нэг наст цэцгэнд олон сая төгрөг зарцуулж байна гэж шүүмжлэх нь ч байдаг?
-Иргэд нэг наст ургамлын тухай ийм сөрөг ойлголттой, нэг наст ургамалд ингэж хандаж байгаа бол энэ нь үнэхээр харамсалтай хэрэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд эко орчин бүрдүүлэх, байгаль эхээ хайрлан хамгаалах иргэдийн тоо өсч, ойлголт ч сайн болсон гэж би боддог. Ер нь манай оронд нэг наст ургамлын ургалтын хугацаа нь 100-120 хоног байдаг. Энэ богинохон хугацаанд тэдгээр цэцэг маш их үүрэг гүйцэтгэдэг. Хотын өнгө үзэмж, хүүхэд багачуудын байгаль эхээ хайрлах, тэдний хоорондын шүтэлцээ гээд ургамлын ач тус юугаар ч үнэлэшгүй их юм. Тиймээс боломжтой цаг улиралд нь цэцэг ногоогоо улам их тарьж байгаасай гэж хүсдэг. Нэг наст ургамлыг шууд л үр цацаад ургуулдаггүй. Үүний үрсэлгээг 1-2 дугаар сараас эхлэн 2-3 дамжлага дамжуулан байж хийж ургуулсны эцэст хотын тохижилтонд нийлүүлдэг. Тэгэхээр энэ олон хүний хүч хөдөлмөр орсон цэцгээ хайрлан баясаж, сэтгэлийн цэнгэл эдлэж, модны нэг мөчир бүр, цэцгийн дэлбээ болгоныг хайрлаж байгаасай гэж хүсэх байна даа.
-Сүүлийн жилүүдэд гадны улс орноос нэг наст ургамлын суулгац оруулж ирж байна гэх мэдээлэл гарах болсон. Үнэхээр манай улс дотооддоо цэцгийнхээ хэрэгцээг хангах боломж байдаггүй юм уу?
-Үгүй дээ. Манай улс дотоодын хэрэгцээгээ нэг наст цэцгийн үрсэлгээгээр хангах бүрэн боломжтой. Харин гаднаас импортоор цэцгийн үрсэлгээ оруулж ирж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Энэ бол байж боломгүй зүйл. Монголчууд цэцэг модоо ургуулж, үржүүлж чадаж байна. Тийм байхад гадагшаа мөнгө урсгах нь үнэхээр байж болохгүй зүйл гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байх. Ер нь бол энэ асуудал дээр төр засгийн бодлого ч хэрэгтэй юм.
-Та бүхэн тасалгааны цэцэг, монгол сарнайг ургуулж байгаа гэсэн. Энэ талаар?
-Тийм ээ. Монголын хөрсөнд монгол хүний тарьсан монгол сарнай манай хүлэмжинд ургаж байна. Мөн Гоо даль, Цагаан даль гэх мэт баглааны болон тасалгааны цэцгүүдийг тарьж ургуулж, зах зээлд нийлүүлж байгаа. Ер нь иргэддээ хандаж хэлэхэд олон наст тасалгааны цэцгийг сонгон хэн нэгэнд бэлэглэх нь илүү сайхан мэдрэмж төрүүлж, аз жаргалыг улам их, олон жил мэдрүүлнэ гэдгийг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
24tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (3)