ШӨХТГ-аас өнөөдөр хорт хавдар үүсгэх гол шалтгааны нэг болсон усны сав худалдаалдаг газруудаар явж танилцав.
Тодруулбал вокзалын сүү сүүн бүтээгдэхүүн зардаг Тоса төвөөс эхэлж, Нарантуул захын сав суулга худалдаалдаг хүмүүс дээр очиж, гэр хорооллын худаг болон айлуудаас энэ савны талаарх ойлголт, нөхцөл байдлыг тодруулж ажиллажээ. Ер нь хуванцар савыг хэрэглээнээс хасах талаар дорвитой ажил хийхээр төлөвлөж ажиллаж байгаагаа тус газрынхан энэ үеэр онцолж байсан юм.
Байгальд орших бүх элементүүд нь хүний бие махбодид тодорхой хэмжээгээр шаардлагатай боловч хэтэрсэн тохиолдолд хорт чанартай болдог байна. Ихэнхи металл болон бичил эрдэс бодис нь хэмжээнээс хамаарч ашигтай эсвэл хортой үйлчлэл үзүүлдэг. Тухайлбал, биндер, кадьми, мөнгөн ус, хар тугалга, цагаан тугалга, титан зэрэг нь хортой элементүүд гэсэн ангилалд багтдаг байна. НЭМХ-ээс 2008 онд хийсэн “Ус зөөвөрлөх, хадгалах савнаас ундны усанд шилжих химийн хорт бодисын шилжилт” хуванцар савны талаар судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн усны савны материалыг авч үзвэл 63 хувь нь хуванцар, 35,9 хувь нь металл буюу төмөр савыг хэрэглэдэг байсан аж.
Энэхүү судалгаагаар тосны канистер болон ус хадгалдаг том цэнхэр хуванцар савыг шинжилж үзэхэд эдгээр савнуудын хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ийн зөвлөмж хэмжээ болон “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 900:2005 үндэсний стандартад заасан заалт (0,01мг/л)-наас тосны канистр болон цэнхэр том саванд маш өндөр гарсан байна. Төмөр, зэс зэрэг металлын агууламж хэдийгээр бага боловч бүтээгдэхүүнийг исэлдүүлж чанарт нь нөлөөлөх бөгөөд исэлдэлтийн процессыг хурдасгах үйлчлэл тос, түүнийг агуулсан бүтээгдэхүүнтэй харьцахад тод илэрдэг байна. Тиймээс тосны канистерийн эрүүл ахуйн шинжилгээний дүнгээс харахад исэлдэлтийн хэмжээ болон төмрийн шилжилтийн хэмжээ бага байгаа нь эдгээр савнууд нь зөвхөн тос хадгалах, зөөвөрлөх зориулалттай болохыг харуулж байна.
Усны савны материал хот хөдөөд ялгаагүй хуванцар савыг голчлон хэрэглэж байгаа бөгөөд эдгээр ус хадгалж байгаа хуванцар савнуудад (канистер, том цэнхэр сав) хүнд металл тодорхойлох шинжилгээгээр хар тугалга, формальдегидын шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж, “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS900:2005 үндсэний стандартад заасан хэмжээ (0,01 мг/л)-нээс өндөр (1800-6900 дахин), мөн формалин илэрч (37,67-53,43 мг/л), энэ нь хадгалалтын хугацаа ихсэх тутам өсч байгаа нь эдгээр савнуудыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүйг харуулж байна.
Сэтгэгдэл (2)