Ховд аймаг бол олон угсаатны өлгий нутаг. Тиймдээ ч олон өвөрмөц , түүх дурсгал шингэсэн байдгаараа бусад аймгуудаас онцлог.
Ийн 11 угсаатны өлгий нутаг болсон Ховд аймгаар манай сурвалжлах баг зочилсон юм. Ингэхдээ олон зууны түүх соёл, өв уламжлалаа илтгэх аймгийн музейтэй тусгайлан танилцсаныг энэ удаагийн сурвалжлагаараа онцолж байна. Тус музейн барилгын хувьд хэдий хуучирч элэгдэж, чанарын шаардлага хангахгүй барилгын тоонд орсон ч яахын аргагүй түүх өгүүлсэн "домог" барилга аж.
Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор аймгийн хэмжээний 40 настангуудын 14 хоногт барьсан уг музейн хувьд Эртний түүхийн танхим, Галданбошигт хааны танхим, Баруун Монголчуудын уламжилт, соёл ахуйн танхим, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит танхим, Байгаль, газарзүйн танхим, Уламжлалт, шашин соёлын танхим зэрэг 9 танхимаас бүрджээ.
-17 настай онгон охины дунд чөмгөөр хийсэн гамлин, гавжаас дээш зэрэг цолтой 108 ламын духны ясаар хийсэн ясан эрх, 3 настай хүүхдийн зулайгаар хийсэн дамартай цорын ганц музей-
Эртний түүхийн танхимд л гэхэд, монгол нутагт оршин тогнож байсан эртний төрт улсуудын үед холбогдох түүхэн үзмэрүүд байна. Ховд аймгийн Мянгад сумаас олдсон Хүннү ваарнууд, Манхан сумын Тахилтын хотгороос олдсон зарим олдворууд, Түрэг улсын үед хамаарах руни бичээстэй чулуу, хүн чулуудыг дэлгэн үзүүлжээ.
Харин Уламжлалт, шашин соёлын танхимд, монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд хэрхэн нөлөөлсөн, шашны урлагийн бүтээл, хожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар болон бусад мэдээллийг багтаажээ.
Мөн 18-20-р зууны бурхан, бурханы дэлгэмэл зургууд, шашны зан үйл, соёлыг илтгэсэн олон үзмэрүүд байлаа.
Үүнээс хамгийн сонирхол татаж байсан нь 17 настай онгон охины дунд чөмгөөр хийсэн гамлин, гавжаас дээш зэрэг цолтой 108 ламын духны ясаар хийсэн ясан эрх, 3 настай хүүхдийн зулайгаар хийсэн дамар зэрэг байв. Эдгээрийг шашны томоохон зан үйлд хэрэглэдэг гэдгийг музейн тайлбарлагч онцолж байв.
-Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллийг нь шинэчилдэг 100 саяын өртөгтэй Ц.Элбэгдоржийн нэрэмжит "цахим танхим"-
Харин хамгийн сүүлд байгуулагдсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит танхим нь өнгөрсөн оны 7-р сард нээгдсэн ерөнхийлөгчийн амьдрал үйл ажиллагааг харуулсан “цахим танхим” юм. Энэхүү танхимийг ерөнхийлөгч 100 сая төгрөгийн хөрөнгө оруулж байгуулжээ. Тус танхимын мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас буюу нийслэлээс шууд шинэчилдэг гэдгийг музейн ажилчид онцолж байв.
Харин Байгаль, газарзүйн танхимд л гэхэд Монгол орны Алтай нурууны төв хэсгийн өндөр уулын бүс нутаг болон говийн бүс нутгийн ан амьтан ургамлыг харуулсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ.
Улмаар 17-р зууны Ойрад монголчуудын их хаан Галдан бошигт хааны холбоотой түүхэн мэдээллүүд гээд олон сонирхолтой танхимаар бид зочилсон юм.
Музейн харьяа Өв соёлын хүрээлэнд "ТА АМЬДАРЧ БОЛНО"
Цаашдаа Угсаатны зүйн музей болохыг зорин ажиллаж байгаа уг музейн хамт олон угсаатнууддаа зориулж аймгийнхаа 80 жилийн ойгоор Өв соёлын хүрээлэн хүртэл байгуулсан байна. Аймгийн санхүүжилтээр боссон Өв соёлын хүрээлэнд олон ястны ахуй амьдралыг дэлгэсэн гэр, эд хогшил, хувцас хэрэглэл байдгаараа онцлогтой гэдгийг бидэнд танилцуулсан юм. ТА АМЬДАРЧ БОЛНО гэж байгаа нь эл хүрээлэн гэртээ ирж байгаа юм шиг сайхан сэтгэгдлийг төрүүлж, цаашид өв соёл үүх түүхээ мэдэж монголоороо гоёж амьдрах хүсэл эрмэлзлийг төрүүлдэгт орших юм. Ийн Өв соёлын хүрээлэнд зочилоход цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч мэдэхгүй, байгаад л баймаар тийм дотно сэтгэгдэл төрсөнийг нуух нь илүүц биз ээ.
Энэхүү Өв соёлын хүрээлэнд Монголд амьдарч буй 8 угсаатны гэр сууцыг байрлуулсан байдгаас эртний нүүдэлчдийн гэр сууцын түүхийг харуулсан Жолом гэр, Ханан дугацаг 2-ыг захиалгаар хийлгүүлэн нэмж байрлуулсан байдаг. Улмаар 2014 онд Урц гэр, Хавчиг гэр, Сархигнан тоонот зэрэг гэрүүдийг хийж байрлуулснаар нүүдэлчдийн гэр сууцны үүсэл хөгжлийг Ховд аймгийн Өв соёлын хүрээлэнгээс үзэх боложтой болжээ.
Р.Сумъяа: Түрэгийн үеийн маш ховор олдвор олдсон
Өв соёлын хүрээлэнгийн хувьд Соёл, спорт аялал жуулчлалын яам байгуулагдсантай холбоотой 170 орчим сая төгрөгөөр байгуулагдсан ч 2015 онд яамгүй болсоноор музейн хөрөнгө оруулалт буурсан гэдгийг тус музейн захирал Р.Сумъяа учирласан юм.
Мөн тэрбээр “Музей ашгийн төлөө гэхээсээ илүү олон хүнд хүрч үйлчлэх нь чухал. Музей хүмүүст түүх, соёлын өвийн талаар боловсрол олгох үүрэгтэй. Бидний хувьд энэ үүргээ чухалчилж, хүүхэд багачууд хийгээд цэргүүдэд сургалт явуулдаг уламжлалтай. Мөн хөдөө орон нутгуудад нүүдлийн музей явуулж хүүхдүүдэд үнэгүй үзүүлдгээрээ бусад музейгээс онцлогтой” гэв.
Дашрамд хэлэхэд, энэ жил улс орон даяар “Өв соёлыг өөрсдөө хөтлөх, дурсгалын үзлэг тооллого” гэж явж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, яам болоод аймгаас тодорхой хэмжээний санхүүжилт олгоод аймаг, сумдуудаар явж түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллого хийж байгаа аж.
Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хавар Ховд аймгийн Мянгат сумаас хадны оршуулга олдсон байна. Улмаар Түрэгийн үеийн маш ховор олдвор олдсон учир музейн хамт олон Үндэсний музейд холбогдох бичиг баримтаа явуулж сэргээн засуулах ажилд орсон гэдгээ дуулгалаа.
Мөн эмээл, нум сум, ваар, хувцас австай бүрэн хэмжээний олдвор олдсон байна. Цаашлаад Дөргөн сумаас арслан, зааны яс илэрсэн аж. Тиймээс архелиогийн олдвор ухах эрхгүй байдаг аймгийн музейн хамт олон өдгөө холбогдох байгууллага руу мэдэгдсэн байдалтай байгаа гэнэ.
Ийн бидний сурвалжлах баг сонирхолтой өв соёлыг хадгалж чадсан, содон түүхийн түүчээ болсон Ховд аймгийн музейд ийн зочилж, ихэд сэтгэл хангалуун буцсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (13)