Саяхан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Ханбаатар нь эмэгтэй ажилтнаа хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэргийн талаарх дуулиан намжаагүй байтал Архангай аймгийн ЗДТГ-ын Засаг даргын орлогч М.Батжаргал ажилтнаа зодсон хэрэг гарчээ. Тус аймгийн ЗДТГ-ынхан өнгөрсөн амралтын өдөр Их тамир сумын Тайхар чулууны ойролцоох нэгэн амралтын газар амарцгаажээ. Ингэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар нэгийгээ зодож хүндээр гэмтээсэн байна. Тодруулбал, Засаг даргын орлогч дарга М.Батжаргал, Төрийн сангийн хэлтсийн дарга Гүрсүрэн, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Нямдаваа нар хэт согтуурсан үедээ аймгийнхаа байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Лувсандагвыг зоджээ. Зодох болсон шалтгаан нь намын харъяаллаас болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. М.Батжаргалын хувьд АН-ын гишүүнээс гадна Сангийн сайд Б.Болорын итгэмжилсэн төлөөлөгч гэнэ. Мөн улсын харцага цолтой аж. Харин зодуулсан Лувсандагва нь МАН-ын гишүүн хүн гэнэ.
Зодуулсан мэргэжилтний бие одоогоор тааруу байгаа бөгөөд тархины хүнд хэлбэрийн доргилт, зөөлийн эдийн няцралт, нуруу нугасны гэмтэл оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Хэргийн талаар дуулсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Архангайн Засаг даргын орлогч, Төрийн сангийн дарга нар нь Байгаль орчны байцаагчаа МАН-ын хулгайч чи ажлаа өг гэж зодож гэмтээжээ. Арай ч хэтэрхий” хэмээн жиргэсэн байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)