
Оны өмнөхөн УИХ-ын хаалттай хуралдаан болсон. Бүх мэдээлэл нууц үлдсэн. Уг хурлаар өр нэмэхээс өөр аргагүй гэж эрх баригчид ярьсан бололтой. Уг нь МАН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орохдоо томоохон асуудлыг тохиролцсон гэж мэдээлсэн. Түүний нэг нь өр нэмэхгүй. Хэрэв өр нэмбэл Засгийн газраас гарна гэж ярьцгаасан. Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар анхны яриа тохирооноосоо алхам тутамдаа л ухарч байгаа. Түүний нэг нь өр нэмэхгүй гэж МАН-ынхантай тохирчоод 2015 онд өр нэмэхээр шийдлээ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэлсэн ярьсанаасаа ухраад байвал МАН-ыг Засгаас гарахаас өөр аргагүй байдалд хүргэнэ” гэж мэдэгдсэн юм.
Сонирхолтой нь МАН-ынхан өр нэмэхгүй гэж 2 жил улс төр хийчихээд одоо өр нэмэх хуулийн төсөл оруулаад ирэхээр дэмжих нь уу? үгүй юу? гэдэг л бүхний анхааралд байна. Хэрэв дэмжвэл рейтингээ л унагана.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцоруулбал МАН дараагийн Засгийн газарт орохгүй гэж бүлгийн дарга С.Бямбацогт нь олон удаа мэдэгдсэн. Яг цагаа тулаад ирэхээр МАН орсон. Харин бүлгийн дарга С.Бямбацогт нь байр сууриа хадгалж Засгийн газарт ороогүй. Одоо ч гэсэн МАН Засгийн газарт орсон нь буруу гэсэн байр сууриа баримталж байгаа нь оны сүүлийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнээс нь тод харагдсан. МАН Засгийн газарт орж болохгүй гэж мэдэгдсэн хоёр дахь хүн нь МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар. Энэ талаараа тодорхой байр суурь илэрхийлж, Засгийн газарт орохын эсрэг байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Харин МАН-ыг Засгийн газарт орохын эсрэг байсан гурав дахь хүн Ц.Нямдорж. Тэрээр маш хүчтэй байр сууриа илэрхийлж олон түмний дунд дуулиан дэгдээсэн. Энэ гурван эрхэм Засгийн эсрэг байсан. Өр нэмэхийн ч эсрэг байсан. Харин дахин өр нэмэх хуулийн төслийг оруулаад ирэхээр С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж гурав байр суурин дээрээ хэвээрээ байх уу гэдгийг ард түмэн бас л харж байгаа.
Ямар ч гэсэн 2015 он гарлаа. Ажлын анхны өдөр эхэллээ. Улс төр хөдөлгөөнд орж эхэлнэ. Тэдний талцуулах хамгийн анхны санал нь 1 тэрбум ам.долларын зээл авах тухай санаачилга байна. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын, “Самурай” бондын 300 сая ам.долларын зээл авч, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр шинээр хэвлэсэн 4 их наяд төгрөгтэй байж 2014 онд эдийн засгаа унагаасан. Ийм их мөнгөтэй байж эдийн засгаа сэргээж чадаагүй улс дахин 1 тэрбумын зээл авч эдийн засгаа 2015 онд сэргээж чадах уу? Ийм асуулттай шинэ он эхэллээ.
Сэтгэгдэл (20)