“Монголын төрийг тагнах, чагнах захиалгатай юм биш биз гэсэн айдсыг олон нийтэд төрүүлж байна” хэмээн хэвлэлээр бичигдэж байсан ZTE компани манай улсад анх 2004 онд албан ёсоор төлөөлөгчийн газраа байгуулснаар тус компани болон Монгол төрийн түшээдийн харилцаа эхэлсэн гэхэд болно. Энэ харилцаа нь харин зөв зүйл байв уу. Аль эсвэл үгүй юу гэдэг анхаарал татахуйц асуудал юм.
Учир нь тус компани дэлхийн хэмжээнд тун нэр хүнд багатай. Ялангуяа барууны орнуудад. Тодруулбал, АНУ тэргүүтэй барууны орнууд болон Энэтхэг, Иран гээд олон томоохон улс орнууд ZTE-г тагнуулын байгууллага хэмээн хүлээж авдаг. Хятадын харилцаа холбооны төрийн өмчит “ZTE”, “Huawei” компаниуд бусад улс орны аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж үзэн дэлхий даяар хориглож эхлээд байна.
Харин манай улсад бол Улсын онцгой объектээс нь авахуулаад гар утас, интернэтийн бүхий л сүлжээ нь тус компанитай холбогдоно. Тодруулбал, Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны операторууд, интернет сүлжээний компаниудын дийлэнх нь тус компанийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Хамгийн олон хэрэглэгчидтэй “Мобиком” компанийн дамжуулалт, холболтын зарим хэсэг “ZTE”, “Huawei” компанийн төхөөрөмж дээр суурилсан, Скайтелийн үүрэн телефон хэрэглэгчдийн холболтын станц “ZTE” компанийн төхөөрөмж дээр суурилсан бол Юнителийн холболт, дамжуулалтын хэсгийн цөөн хувь нь “Huawei” компанийн төхөөрөмж, “G-mobile”-ийн сүлжээ 100 хувь ZTE компанийн төхөөрөмж дээр суурилдаг байгаа юм.
Үүнээс үзэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл асар өндөр байгаа юм.
Дээрх компани манай улсад үйл ажиллагаа явуулах явцдаа 15 сая долларын орлогоо татвараас нуун дарагдуулсан нь шүүхээр нотлогдсон. Харин эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийг хүртэл “ZTE” хууль зөрчсөн торгуулиа төлөөгүй байгаа аж.
Мөн АТГ-т авилга өгсөн болон татварын асуудлаар шалгагдаж байсан. Тодруулбал, 2011 онд БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол” гэх 40 сая ам.долларын өртөгтэй төсөлд ZTE компани ногоон гэрлээр ялж дуулиан тарив. Тендерт Haier компани өрсөлдсөн боловч ZTE-ийн удирдлагууд тендер будилуулж ялсан нь баримтаар нотлогдсон байдаг.
2013 онд Татварын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхтэй сүлбэлдэн татвараас зайлсхийсэн хэрэг нь илрэв. ZTE-ээс тэрбум төгрөгийг Ч.Гансүхийн данс рүү шилжүүлсэн тухай баримт бий гэдэг.
Цаашлаад ZTE компани нь 2004, 2005, 2006 онд үйл ажилллагаа явуулсан ч ашиг орлогоо нууж байсныг Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нар илрүүлж удаа дараагийн шалгалтаар акт тавьсан боловч 1.3 сая ам.долларын торгуулиас мултарч үлдсэн байдаг аж.
Энэ мэтээр дээрх гэмт үйлдлүүд нь илэрсэн байхад тус компанитай одоог болтол ямар нэгэн байдлаар хариуцлага тооцохгүй явна. Мөн хоригдож байсан албан тушаалтнууд хийгээд удирдлагууд нь төд удалгүй батлан даалтад гардаг талаар эх сурвалж онцолж байна.
Уг компанитай холбоотой асуудлыг цуврал материалаар хөндөх болно.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)