“Монголын эдийн засгийн чуулган – 2025”-ын тов гарчээ. Наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 8, 9-нд болох юм байна. 12 дахь жилдээ зохиогдох энэ чуулганы зорилго нь урьдын л адил гадаадын хөрөнгө оруулагчдыг татах. Худалдааны дайн, геополитикийн нөхцөл байдлаас үүдэж дэлхийн эдийн засаг агшиж буй өнөө цагт ганц ч болтугай хөрөнгө оруулагч татаж чадвал чуулганы зорилго биелнэ. Юу гэхээр, Монголд оруулсан нэгхэн цент дараа дараагийн хөрөнгө оруулагчдад итгэл болж очиж байдаг билээ. Гэхдээ...
Гэхдээ гэдэг үгийн өмнө хэлсэн бүх үг “нохойн баас”-тай адилхан гэдэг. Ямар ч үнэ цэнгүй, ямар ч үр ашиггүй байдаг. Тэгвэл Засгийн газар яг ийм байдалтай өдөр хоногийг аргацааж байна. Сайд нарынх нь байгаа царайнаас харахад, нэг талдаа хөрөнгө оруулагчдыг урьж залж байгаа юм шиг хэрнээ нөгөө талдаа хөрөнгө оруулагчдыг хөөж тууж байх юм. Засгийн газрын эс үйлдлээс энэ бүх маш тодорхой харагдаж буйг уран тойрсон улстөржилт дээр л жишээ болгон өгүүлье.
Хоржоонтой гэх үг ч багадах үйл явдал хэдхэн хоногийн өмнө боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн V хуралдааныг хийж, хувийн хэвшлээ Засгийн газар бодлогоор дэмжихээ зарлав. Гэвч түүнийг ийн ярих мөчтэй зэрэгцэн Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирлын биед уран эсэргүүцэгчид халдаж байлаа. Товчхондоо хөрөнгө оруулагчдыг урихаас чухал зүйл бол хөрөнгөө оруулчихсан хүмүүсийг хамгаалах явдал гэдгийг энэ Засгийн газар умартжээ.
Ураны төсөл Монгол Улсын эдийн засагт үлэмж хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Оюутолгойгоос хойш Монголд хийгдэж буй хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүтгэж байж хөдөлгөсөн.
УИХ-аас ч бас холбогдох тогтоол шийдвэр нь гарчихсан Монгол төрийн бодлого. Гэтэл хөрөнгөө бариад ирсэн хүний биед захын “галзуу” халдаж, ардын баатрын хэмжээнд үнэлэгдэж байхад Монголын төр бодлогоо хамгаалахгүй байгааг юу гэж ойлгох вэ?
Уул уурхайн төсөл гэдэг маш олон жилийн тууштай зүтгэл, маш их хэмжээний хөрөнгө оруулалт дээр босдог. Хайгуул судалгааны ажил нь найман жил хүртэл үргэлжилж, туршилт нь 2-3 жил болдог. Ингээд зогсохгүй ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлууд өрнөж байж нэг төсөл 15 жил орчим болж байж л сая хөдөлдөг. Үүнээс илүү хугацаа орвол энэ төсөл ямар ч өгөөжгүй гэж үзээд хөрөнгө оруулагч “шатаад” өнгөрдөг зүйл. Гэтэл 3-8 хувийн өгөөжтэй байдаг уул уурхайн бизнес рүү асар их хөрөнгөө оруулчихсан компаниудаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан яагаад хамгаалахгүй байна вэ? Төр лицензийг нь эзэмшиж байгаа ураны төсөл дээр “Эрдэнэс Монгол” компани яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Уг нь энэ төслийг хөдөлгөх гэж 2021-2022 онд “Эрдэнэс Монгол”-ынхон Францын талтай 10 гаруй удаа уулзалт хийсэн байдаг биз дээ. Тэр бүх хичээл зүтгэлийн дүнд боссон, тэр үедээ ч уран эсэргүүцэгчдийн дайралтад өртөж байсан энэ төсөл гараан дээрээ бүдэрвэл бид л хохирно.
Харин дэлхийн зах зээл дээр ураны ханш өсөлттэй байгаа энэ цонх үед Монгол Улс ураны төслөө амжилттай хэрэгжүүлж чадвал нийтээрээ хожих юм. Гэтэл уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж, энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах учиртай Ц.Туваан сайд юу ч хийхгүй байгааг юу гэж ойлгох вэ? Энэ бол уран эсэргүүцэгчдийг ил цагаан дэмжиж байгаагаас ялгаагүй.
Нөгөө талдаа уран бол Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдын зүтгүүлж босгосон төсөл. Гэтэл энэ төслийг нураахаар зүтгэж байгаа өөрсдийгөө тэмцэгч гэж нэрлэсэн “троллууд”-ын эсрэг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Та юу хийж байна вэ? Хүний биед халдах хүртлээ зэрлэгшсэн тэмцэгчдийн эсрэг хуруугаа ч хөдөлгөхгүй байгааг тань юу гэж ойлгох вэ?
Үнэндээ О.Алтангэрэл сайд энэ эс үйлдлээрээ уран эсэргүүцэгчдийг дэмжээд байна гэж “уншигдаж” байна. Ураны төслийг хэрэгжүүлэх компанийн захиралд халдаж, ураны төслийг гардаж хариуцсан Н.Учрал сайдын амь насанд заналхийлж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуруугаа ч хөдөлгөхгүй байгааг гайхаж байна.
Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Гаргасан шийдвэрийг нь биелүүлэх нь сайд нэг бүрийнх нь үүрэг. Хэрэв эс дэмжиж байвал өргөдлөө өгөөд сайдаас чөлөөлөгдөх боломж нь ч тэдэнд бий. Ил үйлдэл, эс үйлдлээрээ уран эсэргүүцэгчдийг дэмжээд байгаа эрхэм сайд нар огцорч чадахгүй бол одоо ажлаа хий.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Та ажлаа хий, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Та засгийн бодлогоо дэмж!
С.Ононтуул
Сэтгэгдэл (9)