Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр "14 мега төслөөс гурав нь урагшилсан. Мөн 14 эрх зүйн реформ хийх төлөвлөгөөний дагуу ажил үргэжилж байна. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийг хэлэлцэнэ. Чуулганы завсарлагаанаар татан буулгах, хувийн хэвшилд зарим чиг үүргийг шилжүүлэх, нэгтгэх, өөрчлөх, зохион байгуулах, олон нийтэд нээлттэй болгох жагсаалтуудыг хуулийн дагуу ЗГ-ын зүгээс төрийн өмчит компаниуд дээр баримтлах үндсэн чиглэлийг батална. Ингэснээр 5 салбараас бусад салбарт төр ямар нэгэн бизнест оролцохгүй гэдгийг УИХ-аар шийднэ гэсэн үг.
Эрдэнэс Тавантолгой компанийн таван удирдах албан тушаалтныг олон улсад зарлахад бэлэн болсон. Нийгмийн даатгал, татварын шинэчлэлийг хийнэ. Хөрөнгө оруулалтын хуулийг өргөн барьж, таатай орчинг бүрдүүлнэ. Зарим бизнест шаарддаг зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцална" гэлээ.