Археологичид Израилын Сөнөсөн тэнгисийн эрэг орчмын агуйгаас 1900 жилийн өмнөх үед хамаарах Ромын эзэнт гүрний дөрвөн сэлэм, зарим зэвсгийг олжээ. Израилын Эртний олдворын газраас лхагва гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, ховор зэвсгийн нөөцийг Эн-Гэди байгалийн нөөц газраас олсон бөгөөд модон болон арьсан хуйнд хадгалагдсан байжээ.
Судлаачдын хувьд эртний холбогдолтой ганц сэлэм олох нь мөрөөдөл байдаг бол энэ удаагийн олдвор нь бурхны бэлэг гэмээр ховорт тооцогдож байгаа аж.
Энэ зэвсгүүд нь Ромын армиас Иудейн босогчид авч явсан дайны олз байж магадгүй гэж "Иудей цөлийн археологийн шинэ судалгаа: Цуглуулсан баримтууд" номонд лхагва гарагт хэвлэгдсэн судалгааны өгүүллийн зохиогчид дурджээ. Анхны нотлох баримт болох шон болон боловсруулсан модны хэсгүүд нь сталактит дээрх хагархай бэхний бичээсийг судалж байсан археологичдын нүдэнд туссан байна.
Уг сэлмүүд агуйн дээд хэгсгийн хүн хүрэхгүй хэсгээс олдсон. Тэдгээрийн гурав нь модон хутгуур дотор төмөр иртэй, урт нь 60-65 сантиметр (24-26 инч) байв. Дөрөв дэх нь 45 сантиметр (18 инч) урт байв. Уг олдворуудыг байлдааны олз болгон дахин ашиглах зорилгоор агуйд нуусан гэж үзэж байгаа юм.
Цаашид хийсэн малтлагаар манай эриний 132-135 оны үед хамаарах "Бар Кохба" хэмээх хүрэл зоос олдсон бөгөөд энэ нь сэлэмтэй холбоотой байж магадгүй гэж хэвлэлийн мэдээнд дурджээ. Энэ үед еврейчүүдийн хоёрдугаар бослого гэгддэг Бар Кохбагийн бослого нь иудейчүүд тус бүс нутагт Ромын засаглалын эсрэг боссоныг баталдаг.
Л.Сайнаа