НҮБ-аас дэлхий даяар Африкийн үндэстний цөөнхийн онцгой хувь нэмрийг сурталчлах, Африк хүмүүсийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг арилгах зорилгоор "Африк гаралтай хүмүүсийн олон улсын өдөр"-ийг 2021 оны наймдугаар сарын 31-нд анх тэмдэглэсэн байдаг.
Олон улсаар тэмдэглэх өдрүүд нь нийгмийн нийтлэг үнэт зүйлсийг тусгадаг. Бүх хүн төрөлхтөн эрх чөлөөтэй, нэр төр, эрхийн хувьд тэгш төрсөн бөгөөд нийгмийнхээ хөгжил, сайн сайхны төлөө бүтээлчээр хувь нэмрээ оруулах боломжтой учраас арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг үгүйсгэх ёстой.
Африкчууд болон Африк гаралтай хүмүүсийн эсрэг хууль сахиулах байгууллагууд хүчирхийллийн үйл ажиллагаа, хэт их хүч хэрэглэж байгааг НҮБ эрс буруушаадаг. Мөн Атлантын далай дамнасан боолын худалдааг манай хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хар бараан бүлгүүдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрч, боолчлол, боолын худалдаа, колоничлолын хохирогчид, Африк гаралтай хүмүүсийн нэр төр, эрх тэгш байдлыг эрхэмлэж, адил тэгш байлгахыг уриалдаг билээ.
Энэ өдөр дэлхий даяар Африк гаралтай хүмүүсийн оруулсан чухал хувь нэмрийг тэмдэглэх, нийгмийн шударга ёс, оролцоог хангах бодлогыг ахиулах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үл тэвчих байдлыг арилгах, хүний эрхийг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу илүү сайн, чинээлэг нийгэм байгуулахад чиглэсэн байдаг.
Сонирхуулахад, зөвхөн Америк тивд гэхэд 200 сая гаруй Африк гаралтай хүн байдаг аж. Атлантын далай дамнасан боолын худалдааны хохирогчдын үр удам ч бай, эсвэл сүүлийн үед шилжин ирэгсдийн хувьд ч тэд хамгийн ядуу, гадуурхагдсан бүлгүүдийн нэг хэвээр байгаа нь дэлхий нийтээр нээлттэй болж буй өнөө цагт хамгийн их анхаарах ёстой асуудал юм.
Африк гаралтай хүмүүс олон соёлын асар их баялгийг эзэмшиж, бүхий л салбарт бодитой хувь нэмэр оруулж буйг бид мэднэ. Тухайлбал, попын хаан дуучин хэмээн нэрлэгддэг Майкл Жексон, Нобелийн энх тайвны шагналт Нельсон Мандела, АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама, олимпын 8 удаагийн алтан медальт тамирчин Усэйн Болт гээд урлаг соёл, спорт, шинжлэх ухаан, улс төрийн салбарт дэлхийд дээгүүрт бичигдэх Африк гаралтай олон алдартан бий.
Р.Батхишиг