Хүчээр алга болсон хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр одоогийн байдлаар 85 орны хэдэн мянгаар тоологдох хүн энэ төрлийн гэм хэрэгт өртөн алга болжээ. Дэлхий даяар өдөр тутам баривчлагдах, хоригдох, хулгайлагдах эсхүл өөр бусад байдлаар эрх чөлөө нь хязгаарлагдах замаар нэг мянга шахуу хүн сураггүй алга болдог тухай НҮБ-ын Хүчээр алга болгохоос хамгаалах хорооноос мэдээлсэн байдаг.
НҮБ-ын Ерөнхий Асамблейн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 65/209 дугаар тогтоолоор "Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц"-ыг баталж, 2011 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 30-ний өдрийг "Хүчээр алга болгох гэмт хэргийн хохирогчдын төлөөх олон улсын өдөр" болгон зарласан билээ.
"Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц"-д өдгөө 98 орон гарын үсэг зурж, 71 орон гишүүн болсон байна. Монгол Улс 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурж, УИХ-аас уг конвенцыг соёрхон батлах хуулийг 2014 оны аравдугаар сарын 09-ний өдөр баталсан юм.
Конвенцийн гол зорилго нь хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршдог.
Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 13.4.1-т “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг тусгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу эрх бүхий этгээд хүнийг хууль бусаар хорих, баривчлах, саатуулах гэмт хэргүүдийн бүрэлдэхүүнтэй уялдуулан тусгасан байна.
Энэхүү гэрээний хоёрдугаар зүйлд “хүчээр алга болгох” гэдэг нь алга болсон аливаа хүний эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн хүнийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан этгээдүүд, эсхүл бүлэг этгээдийн тухайн хүнийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ гэж заасан байдаг.
Уг конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс соёрхон батална. Улмаар соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулдаг байна.
Р.Батхишиг