Крымд амарч байсан Оросын жуулчид есөн жил гаруйн хугацаанд улс орон нь Украины эсрэг дайн хийж байгаа эсвэл эзлэгдсэн газар нутагт нь наран шарлагын газар байрлуулсан талаар нэг их зүйл боддог байсангүй. Харин Киевийн сөрөг довтолгоо эхэлснээр Украины өмнөд хойг нь 2014 онд Москваг өөртөө нэгтгэснээс хойш ийм амрагчдын очиж дассан аюулгүй газар байхаа болив.
Өнгөрсөн долоо хоногт Крымд халдлага ихээр гарч, Украины тусгай хүчнийхэн пүрэв гарагт далайгаар дайрч, баасан гарагт нисгэгчгүй онгоцоор хэд хэдэн халдлага үйлдсэн байна. Крымийг Оростой холбосон гүүрнүүд болон Оросын мэдэлд байдаг Украины өмнөд нутгууд сүүлийн саруудад удаа дараа цохилтод өртөв.
Украйн эдгээр цохилтын заримынх нь хариуцлагыг хүлээсэн. Улмаар тус улсын Батлан хамгаалахын сайд Олексий Резников довтолгоогоо үргэлжлүүлнэ гэж анхааруулав. Энэхүү халдлагууд Оросын жуулчдыг аяллын төлөвлөгөөгөө эргэн харахаас аргагүйд хүргэж байгаа юм.
Крымд аялал жуулчлалын агентлагт менежерээр ажиллаж байсан Свитлана гэх орос эмэгтэй аюулгүй байдлын нөхцөл байдлаас болж ажил нь царцсан гэж CNN агентлагт өгсөн яриандаа дурджээ. Свитлана барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихын үр дагавраас айж байсан тул овог нэрээ нууцлахыг хүссэн. Тэрбээр энэ зуны эхээр Крымийг орхиж, Оросын Санкт-Петербург хотод нүүж ирсэн гэдэг.
Крым нь эдийн засгийн хувьд аялал жуулчлалын салбараас хамааралтай байдаг тул Оросын суурилуулсан орон нутгийн эрх баригчид халдлагыг үл харгалзан жуулчдыг ирэхийг уриалсаар байна. Крымийн Амралтын газар, аялал жуулчлалын яам энэ зун Оросын жуулчдад зориулсан шинэ тусламжийн утас ажиллуулж, аюулгүй байдлын асуудлаас болж хүмүүсийг нэмэлт төлбөр, цуцлалтад өртүүлэхгүй байх үүднээс зочид буудлуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн.
Украины цэргийнхэн 2023 оны наймдугаар сарын 19-ний өдөр Украины Запорожье муж дахь фронтын шугамын ойролцоо Орос Украин руу довтлох үеэр Оросын цэргүүд рүү олон тооны пуужин харвасан. Украины арми өмнөд фронтод Оросын хамгаалалтыг сэтэлж байгаагийн тод жишээ энэ юм.
Аялал жуулчлалын операторууд болон зочид буудлууд илүү олон жуулчдыг татахын тулд ихээхэн хөнгөлөлттэй аялал, үнэ төлбөргүй урамшууллыг санал болгож байна. Крым дахь зочид буудлын үнэ энэ зуны улиралд эрэлт буурсантай холбоотойгоор 2022 онтой харьцуулахад 30 хувиар буурсан гэж Оросын аялал жуулчлалын аж үйлдвэрийн холбоо мэдэгдэв. Гэвч хөнгөлөлт нь үр дүнд хүрэхгүй байна. ОХУ-аас томилогдсон засаг захиргаа наймдугаар сарын захиалгын дундаж хувь 40 хувьтай байгаа нь энэ зун зочид буудлын ихэнх өрөө хоосон хэвээр байгаа гэсэн үг юм.
Л.Сайнаа