Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ. Энэ удаад бид нийгмээс хэрхэн амсхийж буй тухай хуваалцаж байна.
Амьдрал чөлөө завгүй, амсхийж хэн нэгнийг хайрлан ширтэх ч завдалгүй. Уйлах ч завгүй "байлаа", "байсан". Одоо хүмүүс аль болох "завтай" амьдрахыг хүсдэг болсон. Завтай гэдэг нь ажил төрөл, албан зүйлсээ умартдаг гэсэн үг биш шүү.
Та хэн нэгэн рүү эсвэл хэн нэгэн тан руу ирж явдаг тийм л амьдрал.
Гэр бүлдээ, хайртай хүмүүстээ, ядаж өөртөө цаг хугацаагаа зориулахын төлөө бүх зүйлээс амьсгаа авч чаддаг болжээ. Нэгэн үе гудамжаар яарсан, мөрлөсөн, эргэж хараад "уучлаарай гэж хэлчихээд л гүйчихсэн" дүр зургууд хананд өлгөсөн юм шиг тогтож үлджээ.
Хотын чимээ шуугиан, замын түгжрэл, аахилаан уухилаанаас үүргэвчээ үүрээд л гараад явчихдаг залуус бий. Сүүлчийн автобус, эцсийн галт тэрэг аль нь ч бай чимээ имээгүй, нам гүмд хүргэнэ.
Нийгмээрээ сэтгэл зүйн асуудалтай нүүр тулсан ийм үед хүн хүнийгээ биш, байгаль хүнийг "эдгээх" шиг санагддаг ч байж мэднэ. Ямартай ч таны залгасан хэрэглэгч "завгүй" байна. Бусдыг хайрлах гээд, өөртөө хань болох гээд "завгүй" байна. Энэ ганцхан үгний ард өрөөлийн цаг хугацаа ямар ч амсхийлтгүй урсана. Дайран өнгөрөх хүн зоны урсгалаас алдууран одохыг л бид хүсдэг болжээ. Хайр гэдэг заримдаа тайтгарал, тав тух. Тийм зүйлийг мэдрэхийн төлөө маргааш ч "хол явна". Хүний хүсэл ч нийгмийн ая аалиар хувиран өөрчлөгдөж буй нь энэ ээ.
М.ДЭВЭЭЖАРГАЛ
Сэтгэгдэл (6)