Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг журмын 5 дугаар хавсралт болох “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан билээ.
Ингэснээр авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах зарим албан тушаалтнууд цаашид хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргах шаардлагагүй болов. Тухайлбал, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх туслах, бие төлөөлөгч, хэвлэлийн ажилтан; Монгол Улсын Их Хурал дахь болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтан; төрийн захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5”-д хамаарах албан тушаалтан; боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албаны “ТҮШУ-4”, “ТҮМБ-4”, “ТҮМБ-5”, “ТҮМБ-6”, “ТҮЭМ-5”, “ТҮСУ-7”, “ТҮСУ-8”-д хамаарах албан тушаалтан; боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтай дүйцүүлэн жиших “ТҮМБ-7”, “ТҮМБ-8”, “ТҮЭМ-6”, “ТҮЭМ-7”-д хамаарах мэргэжлийн албан тушаалтан; шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “ТТ-1”-“ТТ-10”-д хамаарах албан тушаалтан болон “ТТ-11”-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс бусад албан тушаалтан; батлан хамгаалах, зэвсэгт хүчний байгууллагын “ТТ-1”-“ТТ-8”-д хамаарах албан тушаалтан; онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын “ТТ-1”-“ТТ-11”-д хамаарах албан тушаалтан; цагдаагийн байгууллагын “ТТ-1”-“ТТ-8”-д хамаарах албан тушаалтан; хил хамгаалах байгууллагын “ТТ-1”-“ТТ-10”-д хамаарах албан тушаалтан; тагнуулын байгууллагын “ТТ-1”-“ТТ-9”-д хамаарах албан тушаалтан; Тахарын албаны “ТТ-1”-“ТТ-11”-д хамаарах албан тушаалтан; хууль сахиулагчийг бэлтгэх сургуулийн “ТТ-1”-“ТТ-13”-д хамаарах албан тушаалтан; шүүхийн шинжилгээний байгууллагын “ТТ-1”-“ТТ-8”-д хамаарах албан тушаалтан болон “ТТ-9”, “ТТ-10”-ын шинжээчээс бусад албан тушаалтан; төрийн захиргааны албаны “АА-9”-“АА-11”-д хамаарах албан тушаалтан; Авлигатай тэмцэх газрын туслах ажилтан гэсэн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахгүй болов.
Д.Ундрах /24tsag.mn/